Хэлмэгдсэн ахмадууд 90 сая төгрөг нэхэмжлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Хэлмэгдсэн ахмадууд 90 сая төгрөг нэхэмжлэв

1930-1940 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн 500-600 ахмад настан амьд сэрүүн байгаа талаар өнөөдөр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-аас мэдээллээ. Төрийн бус байгууллагын гишүүн, Ш.Батсүх “Төр засаг 1998 оны Цагаатгалын хуульд өөрчлөлт оруулж, хэлмэгдсэн ахмадуудад орон сууц олгодог болно гэсэн ч өдийг хүртэл хэлсэндээ хүрээгүй. Тиймээс нэг бол орон сууцаа өг, эсвэл хэлмэгдүүлэлттэй дүйцүүлэн тус бүр 90-ээс доошгүй сая төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна” гэв.

Тэдний мэдээлж буйгаар 1930-1940 оны хэлмэгдэлтэд өртсөн ахмадуудад төрөөс нөхөн олговор гэж нэг сая төгрөг л өгчээ. Өөрөөр нэг ч ахмадад нөхөн олговорт нь амласан ёсоор орон сууц өгөөгүй гэв. “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-ын мэдээлж буйгаар хэлмэгдэлтэд өртсөн 600 орчим ахмад амьд мэнд байдаг. Харин тэдний 87 хувь нь бага тэтгэвэртэй, ядуухан амьдардаг гэлээ. Тиймээс Цагаатгалын хуульд өөрчлөлт оруулж, хэлмэгдэлтэд өртсөн өдгөө амьд сэрүүн байгаа ахмадуудад орон сууцыг нь олгох, эсвэл хэлмэгдүүлэлттэй дүйцэхүйц нөхөн олговрыг нь өгөхийг хүсч байгаа юм.

Мөн энэ үеэр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа “2012 онд 1600 орчим ахмад дайчинд, 2008 оны долоодугаар сарын нэгэнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 50 сая төгрөг, 1960-аад онд хэлмэгдсэн иргэдийн хохирлыг барагдуулсан хэр нь эдгээр 600 орчим ахмадад нэг сая төгрөгөөс өөр олговор олгохгүй байгаа нь төр засаг иргэнээ ялгаварлаж байгаагийн илрэл” хэмээн тайлбарлалаа.

Б.ЗАЯА


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж