Коронавирусийн шинэ шинж тэмдгүүд хүн төрөлхтнийг төөрөгдүүлсээр байна. Ханиалгаж, найтаах, халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгал давчдах зэрэг түгээмэл шинж тэмдгээс эхлээд сүүлийн үеийн судалгаагаар зарим өвчтөнүүд үнэр амт мэдрэхээ больж байгаа нь батлагдсан.
Тэгвэл саяхан хийсэн нэгэн судалгаагаар коронавирус нь өвчтөний чихэнд халдварлаж, сонсголд нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Ялангуяа Иран улсад коронавирусээр өвчлөөд сонсголоо алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.
АНУ-ын Жон. Хопкинсийн их сургуулийн судлаачид халдвар авсан өвчтөнүүд дээр судалгаа хийх явцад зарим өвчтөний дунд чихэнд вирус нуугдаж байгааг илрүүлсэн байна. Цаашлаад коронавирус нь цусны эсүүдээр дамжуулан тархинд орж, хүний сонсголыг удирддаг хэсгүүдийг гэмтээдэг байна. Түүнчлэн энэ вирус нь дунд чихэнд орсноор дуу чимээний давтамж буюу чичиргээг тархинд мэдээлэл болгон хувиргадаг бичил үснүүдийн эсийг гэмтээдэг ажээ.
Иймд аюулгүй байдлын үүднээс чих, хамар, хоолойн эмч нарыг чихэнд ямар нэгэн мэс ажилбар хийхийн өмнө тухайн өвчтөнийг заавал коронавирусийн шинжилгээнд хамруулахыг зөвлөжээ. Коронавирусийн энэхүү шинж тэмдэгийг эрдэмтэд цаашид нарийвчлан судлах шаардлагатайг онцолсон байна.
Эх сурвалж: RT