2015 оны тайланг хэлэлцэж, ололт амжилтаа ярилцав

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

2015 оны тайланг хэлэлцэж, ололт амжилтаа ярилцав

 

Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн өнөөдөр 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан хэлэлцэж ололт амжилт, алдаа оноогоо цэгнэлээ.Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан 2015 онд салбарын зүгээс хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа дурьдсан. Тухайлбал, тэрээр хэлсэн үгэндээ "2015 оны хувьд батлан хамгаалах салбарын хувьд хууль эрх зүйн шинэчлэлийн эхлэл тавигдаж, Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч ажилласан он жил байлаа.

 

Тухайлбал, салбарын эрх зүйн орчинд таатай боломж бүрдлээ. Олон жилийн туршид хүлээлттэй байсан Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгээ УИХ-аар батлуулж чадлаа. Бодлогын баримт бичгийг боловсруулахад БХЯ, ЗХЖШ-ын холбогдох бүрэлдэхүүн, манай салбарын тэргүүлэх эрдэмтдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй. Бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Батлан хамгаалах салбарт алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллалаа. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга, “М” байгууламжийн зарим барилгыг ашиглалтад орууллаа. Цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахаар алба хаагчдаа ипотекийн зээлд хамруулахаар хэд, хэдэн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үр дүн нь ч эхнээсээ гарч байна. Энэ бүх ажлын ард хөдөлмөрч бүтээлч залуус та бүхний үүрэг оролцоо, хүчин чармайлт хамгаас их гэдгийг онцолмоор байна. Цаашдаа энэ эрчээ алдалгүй санаачлагатай, үр бүтээлтэй, зүтгэл чармайлт өндөр байх ёстой. Аливаа ажилтан, алба хаагчид нэгнийхээ сайн талыг олж харж сурах хэрэгтэй. Цэргийнхээ төлөө, жирийн ажилтан алба хаагчдынхаа төлөө ажилладаг цэргийн дарга нар байх хэрэгтэй" гэсэн юм. Энэ үеэр яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг яамны тайланд үнэлгээ хийснээ танилцуулсан бол зарим алба хаагчид санал шүүмжлэл, хүсэлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгч байв.

 

Б.БАТ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж