Дархан “Шилэн сургууль”-тай анхны аймаг болсон

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Дархан “Шилэн сургууль”-тай анхны аймаг болсон

Боловсролын салбарт шинэчлэлийн ажил өрнөөд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Харин 2015-2016 оны хичээлийн жилд суурь боловсролын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү шинэчлэлийн хөтөлбөр Дархан-Уул аймагт хэрхэн хэрэгжиж буй талаар Боловсролын газрын дарга Б.Ганчулуунтай ярилцлаа.

-Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлууд танай аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ. Ажлын явц, үр дүн ямар байна. Мөн Дархан-Уул аймгийн Боловсролын газраас яг ямар асуудал дээр түлхүү анхаарч ажиллаж байна вэ?

-Үндэсний хэмжээнд бага боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн энэ жилээс эхлэн суурь боловсролын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжээд явж байна. Дархан-Уул аймагт боловсролын шинэчлэлийн хөтөлбөр үр дүнтэй, амжилттай сайн хэрэгжиж байгаа. Энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийнхан ирж ажиллан орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж байна. Эдгээр сургагч багш нар суурь боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах юм. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид сургалтынхаа үндсэн үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллаж байгаа. Ажлын явц сайн байна.

Дархан-Уул аймгийн хувьд багш нарын мэргэжил дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч өөрийн гэсэн хөтөлбөртэйгээр ажилладаг уламжлалтай аймаг. Жишээлбэл, 2015 онд сумдын багш  нарын заах арга зүй, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийнхан аймгийн зөвлөх багш нар байгаараа онцлогтой. Орон нутгийн потенциалаа бид ийнхүү дайчлан хамтран ажилласан сайн туршлага болсон. Энэ нь боловсролын чанарын шинэчлэлийн цөм хөтөлбөрүүдтэй уялдаж байгаа хөтөлбөр учраас бид цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн манай аймагт өмнө нь “Хөгжлийн төлөө хамтдаа-1000” хөтөлбөр хэрэгжиж байсан. Өнгөрсөн хичээлийн жилд дээрх хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг аймгийн ИТХ-аас баталсан, бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ мэтчилэн бидэнд бодлогын түвшинд, хөтөлбөрийн хэмжээнд санаачлан хийж, хэрэгжүүлж байгаа ажил цөөнгүй байна.

-Дархан улсын болон хувийн хэвшлийн сургууль олонтой.  Цахим боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай боловсролын салбарт хийгдэж буй  бас нэгэн чухал ажил бол “Цахим боловсрол” олгох ажил. Энэ ажлыг “Нээлттэй боловсрол” хөтөлбөрийн хүрээнд хийж буй юм. Бид  шилэн сургуулийнхаа нээлтийг хийгээд удаагүй байгаа. Хоёрдугаарт, энэ  шинэ ажил учраас манай багш нар их идэвхтэй, бүтээлчээр хүлээн авч ажиллаж байгаа.  Шилэн сургууль программын гол онцлог нь эцэг, эхчүүдийг боловсролын байгууллага, сургуультай холбох боломжийг бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, шилэн сургууль программ эцэг, эхийн оролцоог хангасан программ болж чадсанаараа онцлог юм. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлд оролцсон байдал, идэвх санаачлагын талаар эндээс мэдэх боломжтой. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хичээлийн хуваарь зэрэг мэдээллээр бүрэн хангагдах боломжтой болсон.

-Сонирхолтой мэдээлэл байна. Дарханы бүх сургууль энэ программыг нэвтрүүлсэн гэсэн үг үү.  Хөрөнгө оруулалтын асуудлаа яаж шийдсэн бэ?

-Дархан-Уул аймгийн хэмжээнд улсын 14 сургууль бий. Бүгд “Шилэн сургууль”-ийнхаа нээлтийг хийгээд, энэ программаа нутагшуулах ажлыг хийж байна. Өмнө нь орон нутгийн анхны цахим сургууль болох “Од” цогцолбор, “Жигүүр” цогцолбор, “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулиуд МСS компаний “Эрдмийн түлхүүр” цахим системийг нэвтрүүлэн ашиглаад явж байсан. “Эрдмийн түлхүүр” программыг нэг сургуульд нэвтрүүлэхийн тулд 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бол “Шилэн сургууль” программын хувьд Дархан-Уул аймгийн 14 сургууль дээр хэрэгжүүлэхэд 108 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Зардлын хувьд хэмнэлттэй, дээрээс нь цаг үеэ олсон, дэвшилттэй энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлэхэд аймгийн засаг даргын тамгын газар бүх талын дэмжлэг үзүүлж байгаа. Хөрөнгө оруулалтын асуудлыг орон нутгийн төсвөөс шийдэж,  2016 оны төсөвт суулгаж өгсөн. Энэ ажлын үр дүнд Дархан-Уул аймаг анхны цахим боловсролтой аймаг болж байгааг онцлон хэлмээр байна.

-Одоо хэрэгжиж буй энэ программ өмнө нь нэвтрүүлж байсан цахим системээс юугаараа ялгаатай юм бэ. Эцэг, эхчүүд энэ программтай холбогдсноор хүүхдээ яаж хянах вэ. Та тодорхой жишээ дурьдаач?

-Өмнөх программ дээр бүх хүүхдийг ирсэн, тасалсан, өвчтэй чөлөөтэй гээд тэмдэглэдэг байсан. Тэгвэл “Шилэн сургууль” программд бүх хүүхэд ирсэн төлөвтэй харагддаг. Хичээл тасалсан, чөлөө авсан гэх мэт хүүхдүүдийг багш өөрөө тэмдэглээд явдаг. Энэ үүднээсээ багшийн ажлыг  нэлээд хөнгөвчилж өгсөн. “Шилэн сургууль” болсноор тухайн ангийн багш ямар гэрийн даалгавар өгсөн нь  цахим программ дээр ил харагдана. Хүүхдүүд хичээл таслаагүй, гэрийн даалгавар өгөөгүй гэх зэргээр худлаа хэлэх боломжгүй, хүүхдийнхээ бүх мэдээллийг эцэг, эхчүүд авах боломжтой болсон.  Дээрээс нь аппликейшн дээр суурилсан учраас хүн бүр ухаалаг гар утаснаасаа орох боломжтой, программ өөрөө хүн бүр твиттер, фейсбүүк шиг ашиглах боломжийг бүрдүүлснээрээ давуу. Ялангуяа гадаадад ажиллаж буй эцэг, эхчүүд  энэхүү цахим системээр дамжуулан хүүхдийнхээ сурлага хүмүүжилд оролцох боломжийг бүрдүүлсэн. Нэг талаасаа эцэг, эхчүүд, нөгөө талаасаа Боловсрол, соёлын газар хяналт тавин ажиллах бололцоотой болсон. Үүний үр дүнд хүүхдэд сурлагын хоцрогдол үүсэхгүй байх давуу талыг энэхүү шилэн программ олгож байгаа.

-“Шилэн сургууль” гэснээс “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд  багш нарт  зөөврийн компьютер өгч байгаа.  Танай аймгийн багш нар компьютерээ авсан уу?

-Дархан-Уул аймгийн хэмжээнд 848 компьютер олгогдсон. Бүх багш нар зөөврийн компьютерээ авсан. Энэ ажил багшийн ажлыг хөнгөвчилсөн, багшид ажиллах эрч хүч, боломж бололцоог олгосон, багш нарын сургалтын үйл ажиллагааг дэмжсэн чухал арга хэмжээ болсон. Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалтын чанар сайжрахаас эхлээд улс орон даяар сурагч хүүхдүүд маань чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байгаа юм. Манай багш нар маш их баяртай байгаа төдийгүй ажлаа эрчимжүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж байна. Багш болгон компьютертай болсон болохоор шилэн программ хэрэгжих боломж бүрдсэн гэсэн үг юм. Дээрээс нь багш ангидаа компьютераа хэрэглээд, өөр бусад цагт гар утсаараа дамжуулан мэдээлэл илгээх, түгээх бүрэн боломжтой болсон.

“Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд олгогдсон энэхүү зөөврийн компьютер Дархан-Уул аймгийн багш нарт хүрснээр боловсролын чанарын шинэчлэл ийнхүү хосолсон байдлаар хэрэгжиж байгаа юм. Багш бүр компьютертай болсон, дээрээс нь сургууль бүр шилэн программтай болсон. Энэ хоёр ажил аль алиныгаа дэмжин хэрэгжиж байна.

-Боловсролын шинэчлэлийн хүрээнд багш нарыг үнэлэх үнэлгээнд өөрчлөлт орсон. Энэ нь багш нарыг идэвхтэй ажиллах, шинийг санаачлагч байх зэрэг  өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байгаа байх. Ер нь сумдын цэцэрлэг, сургуулийн багш нар  арга туршлагаа хэрхэн хуваалцаж байна вэ?

-Боловсролын чанарын шинэчлэлийн гол онцлог нь багшид итгэл үзүүлэх. Өмнө нь багш нар зөвхөн шалгуулах гэж, үнэлүүлэх гэж ажилладаг байсан бол боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд багшид итгэл үзүүлснээр багш нар хариуг нь зүтгэлээр хариулж байна. Мөн дээрээс нь багш нар өөрийгөө үнэлдэг болсон. Эхлээд өөрөө өөрийгөө үнэлдэг, дараа нь байгууллагын удирдлагууд багшийн үнэлгээг баталгаажуулдаг болсон. Багш нар өмнөхөөсөө ч илүү идэвх санаачлагатай ажилладаг болсон.

Арга туршлагаа хуваалцахын тухайд, сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэл болон “Цөм” хөтөлбөрийн хүрээнд,  бид цэцэрлэг болгон дээр түшиц бүлгүүдийг нээн ажиллуулж байгаа. Цэцэрлэг болгон өөрийн гэсэн үзэл баримтлалаа боловсруулан ажиллаж байна. Энэхүү боловсролын чанарын шинэчлэл маань багш нарыг идэвхжүүлж, сэдэлжүүлж  өгсөн. Тухайлбал, Дархан-Уул аймгийн  18 дугаар цэцэрлэгийн хамт олон өнгөрсөн хугацаанд “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал”-ыг боловсруулж хэрэгжүүлсэн. Одоо энэ цэцэрлэгийн аргачлалыг Дархан-Уул аймгийн бүх цэцэрлэгт хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын тогтоол гарч, түүнийгээ аймаг даяар хэрэгжүүлээд явж байна. Үүнээс гадна цэцэрлэг болгон дээр өөрийн гэсэн давуу тал байгаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн VII цэцэрлэг эцэг, эхтэй харилцах дэвтэр нээгээд ажиллуулж байна. Энэ үйл ажиллагааг аймгийн Засаг дарга дэмжээд, бусад цэцэрлэгт  туршлага болгоод нэвтрүүлж байна.  Энэ дэвтэр дээр үндэслээд цэцэрлэгийн насны хүүхдийн судалгааг  дөрвөн жилийн хугацаанд хийх боломжтой. Цаашлаад энэ нь тухайн хүүхдийн хүмүүжил төлөвшлийн маш том судалгаа болж буй юм. Энэ ажлыг манай Боловсролын салбарынхан, цэцэрлэгийн эрхлэгч нарын холбоо маш их дэмжиж, туршлагыг нь хуваалцаж, түгээн дэлгэрүүлж байна.

-Хот, хөдөөгийн улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг камержуулах  асуудлыг нэлээд ширүүн ярьж байгаа. Дархан хувийн цэцэрлэг олонтой. Мэргэжлийн багшаар хангах, камержуулах  асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Мэргэжлийн багш нар Дархан-Уул аймагт 100 хувь хангагдсан. Тийм болохоор мэргэжлийн бус багш нарыг ажиллуулдаггүй гэсэн үг. Хоёрдугаарт, Дарханы бүх цэцэрлэг камержаад явж байна. Энэ ажил хэрэгжилтийн шатандаа байгаа 2-3 хан цэцэрлэг бий. Өөрөөр хэлбэл, 95 хувь нь бүрэн камержсан. Төсөв хөрөнгийн асуудлыг цэцэрлэгүүд маань эцэг, эхчүүдтэй ярьж зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэсэн. Улсын болон хувийн цэцэрлэгүүдийг камержуулах ёстой гэсэн яамны чиглэлийг бид бодлогоор дэмжсэн.

Бусад аймагтай харьцуулахад Дархан-Уул аймагт хувийн цэцэрлэгийн тоо их. Нийт 21 хувийн цэцэрлэг бий. Ер нь  хувийн цэцэрлэгүүдийг бид төрийн байгууллагуудын ачааллыг хуваалцаж байгаа байгууллага гэж харж байгаа. Сургуулийн өмнөх байгууллагын хамран сургалт 93 хувьд хүрсэн. Үүнд хувийн байгууллагын оруулж буй хувь нэмэр их. Нэгжийн хувьд хувийн цэцэрлэгүүд маань улсын цэцэрлэгүүдтэй зэрэгцээд ирсэн учраас бид тодорхой бодлого барьж, тайланг нь сонсдог, “Хувийн цэцэрлэгүүдийн холбоо”-той хамтран багшийн мэргэжил дээшлүүлэх, арга зүйн асуудлыг нь сайжруулах, төвлөрсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болоод байна.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж