Филиппиний цагдаа нар өчигдөр/2020.07.30/ улсын хэмжээнд хамгийн удаан эрэн сурвалжилсан оргодол болох олон жилийн өмнө авлига авсан, эхнэрээ хөнөөсөн гэх хууль тогтоогч асан Жр Рубен Эклеог барьснаа мэдээлжээ.
Бүгд найрамдах намын гишүүн байсан тэрбээр Манила хотын умард зүгт Пампанга аймагт гольф тоглохоор явж байгаад жолоочтойгоо хамт баригджээ. Тэрбээр оргосноосоо хойш олон жилийн турш хуурамч нэрээр нуугдаж байсан гэнэ.
Энэ талаар цагдаагийн дарга, генерал Деболд Синас “Энэ үйл явдал бүх хүмүүст сануулга боллоо. Оргодол олон тооны галт зэвсэг эзэмшдэг ч эсэргүүцэл үзүүлээгүй нь сайн хэрэг боллоо” хэмээн мэдэгдсэн байна.
Эклео 1990-ээд оны эхээр Динагат арал дээрх нэгэн хотын захирагч байсан бөгөөд худалдааны төв, захиргааны байр, барилга засварын зэрэг олон төслийн мөнгийг шамшигдуулсан тул шүүхээс түүнийг 2006 онд баривчлах тушаал гаргаж байжээ.
Харин 2012 онд шүүх Эклеог 2002 онд эхнэрээ хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар түүнийг Себу хот дахь гэртээ эхнэрээ маргааны улмаас хөнөөгөөд жалганд хаясныг тогтоожээ. Мөн Синагийн хэлснээр цагдаа нар өдгөө түүнийг Себу хотод өмнө нь гарч байсан бусад аллагын хэргүүдтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Эклео нутгийн нэгэн шашны бүлэглэлийн толгойлогч байсан бөгөөд өмнөд нутгуудад түүнийг маш олон хүн дагадаг байв. Харин 2013 онд цагдаа, цэргүүд агаарын дэмжлэгтэйгээр түүнийг баривчлахыг оролдсон боловч Эклеогийн дагагчид цагдаа нарыг эсэргүүцэн буудлага үйлдсэнээр хэд хэдэн цагдаагийн албан хаагчийн аминд хүрч байсан удаатай.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ