Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ хүргэх захиа

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ хүргэх захиа

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ хүргэх захиа

Монгол Улсынхаа дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч буй элэг нэгт Монголчууд аа, Ардчилсан намыг дэмждэг мянга мянган гишүүд, дэмжигчид, журмын нөхөд өө,
Оюутан, залуус аа, эмэгтэйчүүд ээ, азай буурал болсон ахамдууд аа, Та бүхэн сайхан зусаж байна уу,

Миний нэр Бархүүгийн ОТГОНБАТ

Би Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээр 13 жил сонгогдон ажиллаж байна. 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан түүхтэй. 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам маань ялагдсан энэхүү хүнд хэцүү үед ардчилалын төлөө амьдралаа зориулсан нийт гишүүддээ болон ардчилалыг дэмждэг бүх Монголчууддаа хандан чин сэтгэлийн захиа бичиж байгааг минь хүлээн авна уу.

Миний хувьд 1990 оны картны барааны үед. 100 айлд талханд очерлож дэлгүүрийн лангуун дээр талх, элсэн чихэрээс өөр зүйлгүй байх үеийн хүүхэд л дээ.

1990 оны цагаан морин жил ардчилсан хувьсгал гарч хүмүүс эрх чөлөөний талбайд өлсгөлөн зарлаж чанга яригчаар ярьж байхад би 11 настай хүүхэд алсаас ажиглаж явсан. Ардчилалын гүн утга учрыг ч сайн ойлголгүй л явсан.

Өнөөдөр Монголчууд бид хүссэн бизнесээ хийж, дуртай улс руугаа аялаж, дэлхийд Монгол хүн хэмээн бардам амьдарч байгаа нь ардчилалын буян, анхны эрх чөлөөний төлөө тэмцэж байсан ах эгч нарын гавъяа гэж боддог.

Хэрэв бид ардчилалыг өлгийдөн авч хэцүү ч энэ 30 жилийн аялалд гаралгүйгээр Оросын дагавар улс хэвээр үлдсэн бол бидэнд өнөөдөр байгаа ардчилал, эрх чөлөө байхгүй байх байсан. Миний хувьд Америкт суралцаж аав, ээжийнхээ чадаагүйд хүрэх боломжгүй байх байсан.

Монгол мөрөөдөл бол Монгол хүн бүр Монголдоо улс төр, нийгэм, эдийн засгийн эрх чөлөөтэй сайхан амьдрах явдал гэж би боддог. Харамсалтай нь бид өнгөрсөн 30 жилд улс төр, нийгмийн амьдралын хувьд ардчилалын үр шимийг бүрэн хүртэж чадсан ч эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн олж авч чадсангүй.

Монголын улс төр, засаглалын тогтолцооны ялзрал, авилга, бүлэглэлүүдийн нөлөөнд автсан улс төрчид, цөөн нь баяжиж олонхи нь ядуурч тэгш бус байдал хавтгайрч байгаа нь ардчилал, ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг сулруулж байна.

Энэ нь зөвхөн Монголын асуудал бус дэлхий нийтээрээ ардчилалаас ухрах, улс төрийн намд итгэх итгэл, оролцоог улам бууруулсаар байна. 2016, 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдсан ялагдлаа бүрэн дүгнэж шинэ бодлого, шинэ стратеги бий болголгүйгээр дараагийн удирдлагадаа шилжүүлэн намын үзэл санаа, бодлого, хүний нөөц, үйл ажиллагааны хувьд бүрэн шинэчлэн чадавхижуулж чадаагүй учраас 2 сонгууль дарааллан ялагдсан гэж дүгнэж болно.

Иймд цаашид АН, ардчилалын хувь заяа гишүүд та бидний гарт үлдэж байна. Тиймээс ардчилалаа аварч дахин сэргээж сонгогчидтойгоо ойртож тэдний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч улс төрийн нам болгон хөгжүүлэх цаг нь ирсэн. Улс төрийн нам бол ардчилалын амин сүнс бөгөөд одоогоор үүнээс илүүгээр иргэдийнхээ улс төр, нийгэм, эдийн засгийн эрх чөлөөг хангагч тогтолцоог хүн төрөлхтөн бүтээгээгүй байна. Нобелийн шагналт эдийн засагч Armartya Sen хэлсэнчлэн “ардчилалд улс орнууд зохицох бус ардчилалаар дамжуулан бэхжих хэрэгтэй” гэсэн нь ардчилсан тогтолцооноос ухрах бус алдаанаасаа суралцаж урагшлах хэрэгтэй гэдгийг бидэнд сануулж байна. Ардчилал бэхжиж хэмээнэ ядуурал, авилгал буурч тогтвортой хөгжил бий болно.

Тиймээс иргэдээ ядуурлаас гаргаж чинээлэг дундаж давхаргыг өсгөж Монголоо хөгжүүлэхэд АН-ын болон улс төрийн бүх намуудын хөгжил чухал үүрэгтэй оролцоно. Эрх баригчдад жинхэнэ сөрөг хүчин болж хариуцлага тооцох чадвар АН-д л бий. Бид үүндээ итгэж хамтран урагшлах ёстой. Миний бие өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээ нуран унаж байгааг хараад тэвчиж чадалгүй, зориг гарган АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр болсноо та бүхэндээ энэхүү захиагаар дамжуулан мэдэгдэж байна.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа албан тушаал бус ардчилалын төлөө зүтгэх үүрэг хариуцлагаа урамсарлан гаргасан болно. Та бүхэн минь хүлээн авна уу?

Ардчилсан намын хувьд иргэд сонгогчдын итгэлийг дахин олж авахын тулд 1990 оны ардчилсан хувьсгалыг хийсэн намаас “21-р зууны нам” болж өөрчлөгдөх хэрэгтэй байна. Ардчилсан намын ялагдлын шалтгаанууд болоод хэрхэн “21-р зууны АН” болгох мөрийн хөтөлбөрөө танилцуулъя. Энэхүү мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын судалгааны хүрээлэнгүүд, ардчилалын хөгжлийн байгууллагуудын судалгаан дээр үндэслэн бичлээ (Үүнд: The National Democratic Institute, Netherlands Institute for Multiparty Democracy). Өнөөдөр АН нь институцийн хувьд 5 төрлийн хямралд өртөөд байна.

Тухайлбал:

  1. Үзэл баримтлал, бодлогын хямрал (ideology and policy crisis): АН-ын үзэл баримтлалууд нь тунхагын шинжтэй, орчин үеийн сонгогч нарт хүрч чадаагүй ойлгогдохоор хэлээр бичигдээгүй байгаа нь сонгогчдынхоо сэтгэл зүйг мэдрээгүй болохыг харуулна. Улс төрийн намын гол зорилго нь сонгогчдыг татаж тэдгээрийн асуудалд бодит шийдэл өгөх чадвар юм. Агаарын бохирдол, ядуурал, авилга, хөдөлмөр эрхлэлт, шударга ёсыг тогтоох зэрэг судалгаагаар гарч ирж буй сонгогчдын хүсэн хүлээсэн асуудалд зоригтой, шийдэмгий хандаж чадаагүй нь бидний алдаа болсон.
  2. Институцийн хямрал (institutional crisis): АН-ын олон фракцуудын зодоон, үүсгэн байгуулагчдын дуусашгүй зөрчил тэмцэлдээн АН-ыг байгууллагын хувьд төлөвших боломж олгосонгүй. Анхан шатанд байсан эрх мэдлийг төв намын даргад төвлөрүүлж босоо тогтолцоотой болсноор дотоод ардчилал, хариуцлага тооцох (checks and balance) тогтолцоо алдагдаж анхан шатны гишүүдийн оролцоо буурсан нь ялагдлын нэг гол шалтгаан болсон. АН нь гишүүд дэмжигчиддээ хүрч үйлчилдэг бус хэдэн дарга нарын карманы нам болж ардчилсан биш “ах дүүсийн нам” болоод удаж байна. Хэт цус ойртсон, бүлэглэлд захирагдсан байдлаар удаан явсны үр дүнд энгийн иргэдийн хүсэл эрмэлзлэл, хүлээлтийг мэдрэх чадвараа алдсан байна.
  3. Сонгуулийн санхүүжилт, ёс зүйн хямрал (campaign finances and ethics dilemma): Нэр дэвшилтийг мэрит зарчмаар бус мөнгөөр зарах хэлбэрээр наймаалцаж 100 сая төгрөгний дэнчингийн скандал үүссэн явдал нь АН-ыг 60 тэрбумын нөхдүүдээс ялгаагүй хүмүүс удирдаж буйг нийгэмд илчилсэн. АН-ын санхүүжилтийг тунгалаг болгож мөнгөний нам болгосон хүмүүст хариуцлага тооцож сонгуулийн тайлан тооцоог аудитаар оруулж хуулийн хариуцлага хүлээлгэх замаар шударга ёсыг нам дотроо эхлэн бий болгох хэрэгтэй байна. Намаа удирдаж чадахгүй хүмүүс төрийг удирдах боломжгүй юм. Энэ бол зарчим!
  4. Манлайлалын хямрал (leadership crisis): 1990 онд гудамжинд өлсөж ардчилалын төлөө жагссан мянга мянган хүмүүсийн амьдрал улам дордож түүний магнайд явсан лидерүүд нь авилга, албан тушаал, эрх орноо зарсан хэргүүдэд холбогдож шүүхээр ял авснаар нийгэмд АН удирдагчгүй болсон мэт нөхцөл байдал үүсээд байна. Ардчилалын үнэт зүйлс, зарчмууд, бодлогуудыг үргэлжүүлэн авч яваа шинэ үеийн нэр цэвэр, ёс зүйтэй, эх оронч, дэлхийн боловсролтой дараагийн үе ачаа үүрэхэд бэлэн болсон. Одоо ардчилалын алтан хараацай гэгдэх хүмүүс зайгаа тавьж өгч зөвлөхийн суудалд суух хэрэгтэй байна. Үүсгэн байгуулагчдын зөрчил оролцоог хазаарласнаар АН төлөвшиж институцийн хувьд хөгжиж эхэлнэ.
  5. Дотоод ардчилалын хямрал (internal democracy crisis): Сонгууль бүрийн дараа намын дүрэм журам, тоглоомын дүрмээ хэлэлцэн баталдаг болов ч ихэнхидээ дүрмээрээ явдаггүй муу соёл АН-д тогтоод удаж байна. Өнөөдөр намын дүрмийн дагуу намын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлага хүлээх ёстой ч дэд дарга нь “тамга хадгалагч” ийн дүрээр намын шийдвэрүүдийг гаргаж яваа нь энэ нам огт төлөвшөөгүй, дүрэм журамдаа захирагддаггүйг харуулна. Тиймээс ойрын хугацаанд намын их хурлаа хуралдуулж сунгаагаа зарлаж намаа албан ёсны удирдлагатай болгох шаардлагатай байна. Дүрэм муудаа биш дүрэмээ барьдаггүй дарга нартай учраас нэр дэвшилт буруу явагдаж сонгуульд ялагдсан. Бид алдаагаа бодитой дүгнэж засаад урагшлах хэрэгтэй байна.

ХЭРЭВ БИ АН-ЫН ДАРГААР ТА БҮХНИЙ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭЖ СОНГОГДВОЛ ДАРААХ АЛХМУУДААР ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ.

  1. Бодлого: Улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж АН-ын алдаа оноог цэгнэж намын гишүүд дэмжигчид болон ардчиллыг дэмждэг хэн бүхний хүсэн хүлээсэн бодлогыг боловсруулж тэдний хүсч буй өөрчлөлт шинэчлэлтүүдийг бодлого болгон хэрэгжүүлнэ. АН-ыг бодлогын нам болгож хөгжүүлнэ. Дотоод гадаадын судалгааны байгууллагууд, тинк танкуудтай хамтран ажиллаж 2024 онд ялах бодлого, стратеги, тактикийг боловсруулж хэрэгжүүлнэ.
  2. Хариуцлага: Намын бүх шатанд эрх мэдлийг гишүүдийн гарт өгч өнгөрсөнд намаа ялагдуулсан, ёс зүйгүй авирлаж нэр сэвтүүлсэн, авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцож мэдлэг, боловсрол, ёс зүйтэй, чадвартай гишүүдийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлнэ. Эрх баригчдад хяналт тавьж сүүдрийн засгийн газар байгуулах замаар сөрөг хүчний үүргийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ. Эрх баригчдын амлалтыг нэхэж гүйцэтгэлийн хянана.
  3. Оролцоо: Намын санхүүжилтийн тогтолцоог шинэчилж эрх мэдлийг анхан шатанд буцаан олгоно. Ингэснээр нэр дэвшилт болон хариуцлага тооцох явдал илүү бодитой болно. Намын бүтцийг илүү хэвтээ болгож намын даргын эрх мэдлийг хазаарлана. Гишүүдийнхээ оролцлоо, итгэл үнэмшил, урам зоригийг сэргээнэ. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний дэмжлэгийг авна. АН-ын хаалга үүдийг нээж салхи оруулан хатуу гишүүнчлэлээс татгалзаж дэмжигчдийн хүрээллээ тэлэх ажлыг идэвхижүүлнэ. Эрхэм гишүүдээ, найз нараа, ах эгч, ардчилалын алтан хараацайнуудаа, ардчилал аюулд өртөж аврал ирж байна.

Өнгөрсөн 30 жилийн ололт амжилтыг эрх баригчид өөрсөддөө нааж ардчилалын өнгөтэй өөдтэй болгоныг харлуулан “шударга ёс” -ны нэрээр хэлмэгдүүлэн булингартуулж эхэллээ. Бид АН-аа аварч шинэчлэн хөгжүүлж 21-р зууны нам болгон төлөвшүүлэх хэрэгтэй байна. Энэ ажлыг бид хамтдаа хийх учиртай.

Ардчилал миний мөрөөдөлдөө хүрэх замыг зассан шиг Монголынхоо 3 сая иргэдийн амьдралыг гэрэлтүүлэх, цар тахлын үеийн хямралаас гаргах, эдийн засгийн эрх чөлөөг нь олгох гарцыг гаргах чадвар бидэнд, АН-д байна. Гагцхүү бид эв нэгдлээ хичээж иргэдээ сонсож нийгмээ мэдрэх, алдагдсан итгэлийг буцаан олж авах ажил л үлдээд байна. “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн С. Зориг агсны хэлсэнчлэн ард түмэн ардчилал, АН-ын гишүүд, дэмжигчдийн саруул ухаанд итгэж байна.

Хүндэтгэсэн: Бархүүгийн Отгонбат АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч,

ҮБХ гишүүн Харвардын их сургуулийн төгсөгч

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж