Дональд Трампыг дуурайн хумхаа өвчний эм гидроксихлорокинийг коронавирусийн эсрэг үр дүнтэй хэмээхээс гадна цар тахлыг үл тоож байсан Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонарогийн эхнэр Мишель Болсонаро коронавирусийн халдвар авчээ.
Өдгөө 38 настай түүнийг халдвар авсан тухай өчигдөр/2020.07.30/ Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Одоогоор түүний эрүүл мэнд тогтвортой байгаа бөгөөд үүнээс болж ажил цалгардахгүй гэжээ.
Харин Жайр Болсонаро анх долдугаар сарын 7-нд халдвар авснаа нийтэд зарласан билээ. Өдгөө 65 настай тэрбээр хоёр долоо хоног эмчилгээ хийлгэж, тусгаарлалтад байсан ч долдугаар сарын 21-нд шинжилгээний хариу нь дахин эерэг гарсан байна. Гэвч удалгүй өнгөрсөн долоо хоногт тэрбээр шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан хэмээгээд тусгаарлалтаас гарчээ.
Тусгаарлалтаас гарсан Болсонаро долдугаар сарын 29-нд эхнэртэйгээ цуг эмэгтэй ажилчдыг дэмжих олон нийтийн арга хэмжээнд оролцсон байна.
Өдгөө Бразиль дэлхийд хамгийн олон халдварын тохиолдолтой улсуудын хоёрт бичигдэж байгаа билээ. Тухайлбал, Бразильд халдвар авсан 2 613 789 хүн бүртгэгдсэнээс 91 377 нь нас баржээ.
Эх сурвалж: DAILYMAIL