Леброн Жэймсийн хожлын шидэлт NBA эргэн ирснийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Леброн Жэймсийн хожлын шидэлт NBA эргэн ирснийг зарлалаа

Леброн Жэймсийн хожлын шидэлт NBA эргэн ирснийг зарлалаа

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA 20 долоон хоногийн дараа АНУ-ын Флорида мужийн Орландо хотод 22 багтайгаар эргэн ирлээ. Орландо хотын Уолт Дисней амралт, зугаалгын цогцолборт улирлаа үргэлжлүүлэх болсон тус лигийн анхны тоглолтууд өнөөдөр/2020.07.31/ боллоо. Тодруулбал,  Юта Жазз-Нью Орлеанс Пеликанс болон Лос Анжелес Лэйкерс-Лос Анжелес Клипперс багуудын тоглолт боллоо.

  • Юта Жазз 106-104 Нью Орлеанс Пеликанс

Анх Юта Жазз багийн Франц төвийн тоглогч Руди Гобер шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож ганц тоглолтоор зогсохгүй NBA лигээ түр хугацаанд цуцалж байгаагаа зарласан. Тэгвэл Юта Жазз багийн тоглолтоор зогссон лиг тус багийн тоглолтоор эргэн үргэлжлэн явагдлаа. Багийнх нь хоёр гол тоглогчид болон Руди Гобер болон Донован Митчелл нар эдгэрч бүрэн бүрэлдэхүүнээрээ залуу тоглогчдыг багийнхаа цөм болгосон Нью Орлеанс Пеликанс багтай тоглолоо.

Энэхүү тоглолтонд Юта Жазз багаас Донован Митчелл онцгой байж 20 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гэсэн тун тэгш тоглолтыг үзүүлсэн бол түүнд сэлгээнээс Жордан Кларксон 23 оноогоор тусалжээ. Харин Нью Орлеанс Пеликанс багаас энэ жилийн “Оны амжилт нь ахисан тоглогч” шагналын хүчтэй өрсөлдөгч Брэндон Инграм 23 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийснээрээ багаа тэргүүлсэн бол сэлгээнээс лигийн шилдэг алсын зайн шидэгчдийн нэг Ж.Ж.Редик 21 оноо авчээ. Нью Орлеанс Пеликанс баг тоглолтын эхний хоёр үеийн турш өрсөлдөгчөө илт илүүрхэж байсан боловч Юта Жазз баг гуравдугаар үеэс онооны зөрүүг багасган улмаар ялалт байгууллаа.

  • Лос Анжелес Клипперс 101-103 Лос Анжелес Лэйкерс

Лос Анжелес хотын хоёр багийн энэ улирлын хоорондоо учраа таарч буй дөрөвдэх тоглолт өнөөдөр явагдлаа. Энэ улиралд хоорондоо учраа таарсан өмнөх гурван тоглолтын эхний хоёрт нь Клипперс илүүрхсэн бол сүүлийн тоглолтонд Лэйкерс илүүрхэж улирлын хоорондын харьцааг 2-1 болгосон. Тоглолтын эхнээс л Лэйкерс баг олон онооны зөрүүг үүсгэж эхний үед давамгайлсан бол хоёрдугаар үед Клипперс багийн сэлгээний тоглогчид сайн байж онооны зөрүүг ойртуулсан.

Лос Анжелес Клипперс багаас энэхүү тоглолтонд сэлгээний гол тоглогчид нь болох Монтрез Харрелл болон Луи Уильямс нар тусгаарлалтын улмаас оролцож чадаагүй.

Тоглолтын гурав болон дөрөвдүгээр үеүдэд тун ойролцоо ширүүн өрсөлдөөнийг үзүүлж дөрөвдүгээр үеийн төгсгөлд 101-101 байх үед Леброн Жэймс тун хэцүү байдлаас довтолгоогоо амжилттай болгон багтаа тэргүүллийг авчирч улмаар хүчирхэг өрсөлдөгчөө хожин плэй-оффын бүсийнхээ тэргүүн байраа баталгаажуулав.

Лос Анжелес Лэйкерс багаас тус тоглолтонд Энтони Дэвис гайхалтай байж 34 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийснээс гадна чухал үед хэрэгтэй алсын зайн шидэлтүүдийг амжилттай болгож байлаа. Харин багийн гол лидер Леброн Жэймс 16 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 7 ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлтийг үзүүлжээ. Тэгвэл эсрэг багаас нь Пол Жорж 30 оноо, Кавай Леонард 28 оноог тус тус авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж