БНСУ-ын “MBC” телевизээр долдугаар сарын 28-ний өдөр дөрвөн жилийн турш үйлдвэрийн даргадаа хүчирхийлүүлж байсан монгол эмэгтэйн талаар мэдээлэл гарчээ.
Тэрбээр таван жилийн өмнө гэрээгээр ажиллахаар БНСУ-ыг зорьсон бөгөөд Кёнги мужид нэгэн жижиг оёдлын цехэд ажилд орсон байна. Ажилд ороод удаагүй байхад нь үйлдвэрийн дарга 50 настай эрэгтэй монгол эмэгтэйг гар, нурууг нь илэх зэргээр зөвшөөрөлгүйгээр биед нь хүрч эхэлсэн байна. Монголд их хэмжээний өр зээлтэй, ар гэр рүүгээ мөнгө явуулахын тулд эмэгтэй даргынхаа энэ байдлыг тэвчсээр иржээ. Мөн өөр газар ажилд оръё гэсэн ч гэрээний журамд заасны дагуу ийм боломжгүй байсан гэнэ.
Ингээд дөрвөн жил энэ мэт байдлаар бэлгийн дарамтад байсан эмэгтэй 2020 оны хавар буюу өнгөрсөн хавар үйлдвэрийн ариун цэврийн өрөөний суултуурт нууц камер байрлуулсан байсныг олж мэдэн цагдаад хандсан байна. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад тус үйлдвэрийн дарга нууц камер байрлуулсан болохыг тогтоосон байна.
Хохирогч эмэгтэй гэрээний хугацаандаа элдэв зөрчил гаргалгүй ажиллаж байгаад олон удаа зорчих эрхтэй визтэй болохыг зорьж байсан ч эмэгтэйг гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө нутаг буцаахаар болжээ. Харин үйлдвэрийн эзнийг торгоод суллаж явуулсан байна.
Өмнөд Солонгос улсад эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд энэ мэтээр нууц камер байрлуулах нь байдаг бөгөөд зарим нь нууцаар хийсэн бичлэгээ цахим сүлжээнд байршуулж мөнгө олдог бол зарим нь өөрөө үзэж таашаал авах сонирхолтой байдаг байна.
Тус хотод ажиллаж амьдардаг эмэгтэй гадаад ажилчдаас санал асуулга авахад 30 хувь нь дарга болон удирдах албан тушаалтан нь ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт үзүүлдэг гэж хариулжээ. Харин таван эмэгтэй тутмын нэг нь энэ байдлыг ажлаа алдахаас айж тэвчээд өнгөрдөг гэж хариулсан байна.
Холбоотой мэдээ