АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах саналыг өчигдөр /2020.07.30/ гаргасан билээ. Харин түүний энэхүү саналыг сөрөг хүчин Ардчилсан намынхан төдийгүй эрх баригч Бүгд Найрамдахчууд ч мөн эсэргүүцсэн байна.
Тэрбээр цар тахлын улмаас шуудангаар санал хураах нь сонгууль будлиантай болно гэж үзэж байгаагаа илэрхийлээд иргэдийг аюулгүй, найдвартай саналаа өгөх боломжтой болтол сонгуулийг хойшлуулах санал гаргасан юм. Цар тахлын улмаас халдвар өндөр тархсан зарим мужууд саналыг шуудангаар авах гэж байгаа бөгөөд Трамп үүнийг хүчтэй эсэргүүцэж байгаа юм.
Иргэний дайны үед, их хямралын үед, дэлхийн хоёр дайны үеэр ч сонгуулиа зохион байгуулсаар ирсэн тус улс нь 200 жилийн түүхэндээ ганц ч удаа сонгуулийг хойшлуулж байгаагүй аж. Дээрээс нь сонгуулийн хугацааг товлох эрх мэдэл Ерөнхийлөгчид бус зөвхөн Конгресст байдаг. Трампын гол өрсөлдөгч дэд Ерөнхийлөгч асан Жо Байдены сонгуулийн штабаас ч Трампын саналыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ