“ОХУ-ын хил хаалттай учраас Чехээс ирсэн оюутныг хаанаас ирснийг тодруулна”

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

“ОХУ-ын хил хаалттай учраас Чехээс ирсэн оюутныг хаанаас ирснийг тодруулна”

“ОХУ-ын хил хаалттай учраас Чехээс ирсэн оюутныг хаанаас ирснийг тодруулна”

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.07.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.


Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Засгийн газрын Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн хугацаанд нийтдээ 50 улсаас 15.447 иргэнээ хилийн чанадаас татан авлаа. Энэ бол өчигдөр оройны тусгай үүргийн онгоц ирсний дараах тоо. Ингэснээр долдугаар сард нийт 14 нислэг үйлдэж, 3519 буюу бидний өмнө нь тооцоолж байсан 3412 хүнээс 100 хүнээр илүү иргэнээ татан авлаа. Наймдугаар сард 14 удаа нислэг хийхээр төлөвлөсөн. Эхний нислэг наймдугаар сарын 1-нд Сөүл рүү, дараагийнх нь АНУ-руу ниснэ. Гадаадад байгаа иргэдийн эх орондоо ирэх хүсэл эрмэлзлийг буруугаар ашиглаж, ташаа мэдээлэл түгээж байна. Жишээлбэл, “ОХУ хилээ дэлхийн хэд хэдэн улсад нээлээ”, “ОХУ-аар дамжин Монголд ирж болж байна” гэдэг мэдээллийг олон нийтэд тарааж, цөөнгүй иргэд ташаа мэдээллийн дагуу хандаж байна. Зарим иргэд замдаа явж байна. Бидний зүгээс сэрэмжлүүлэг өгч байна.

Учир нь ОХУ хамгийн сүүлд Турк, Танзани, Их Британи улсын иргэд хилээр нэвтэрч болно гэдгээ мэдэгдсэн. Энэ гурван улсад суудаг, гурван сараас дээш оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй гадаад иргэдийг ОХУ хилээрээ нэвтрүүлж байгаа. Тэгэхээр ОХУ-аар дамжин Монголд ирэх нь хаалттай гэдгийг албан ёсоор хэлье. Өнөөдрийн байдлаар манай урд, хойд хоёр хөрш гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр  нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Мөн хоёр улсын хооронд зайлшгүй зорчих шаардлагатай иргэд гэдэгт одоогийн байдлаар хоёр талын тохирсноор томоохон төсөл хөтөлбөрийн инженер техникийн ажилтнууд, авто тээврийн жолооч нарт түлхүү хамаарч байгаа. Бидэнд БНХАУ-руу зорчих хүсэлтэй 118 иргэн хүсэлтээ өгөөд байна. Үүнд холимог гэр бүл дийлэнх буюу 78 өргөдлийг эзэлж байна. БНХАУ-ын Элчин сайдын яам “Ногоон гарц” түр журмын дагуу эдгээр иргэнийг хилээр нэвтрүүлэх боломжгүй байгааг мэдэгдсэн.

“ХЭРВЭЭ ОХУ-ЫН ХУУЛИЙГ ЗӨРЧВӨЛ ХОЁР ХҮРТЭЛ ЖИЛ ХОРИХ ЯЛ АВНА” 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Чех улсаас ирсэн оюутны асуудал олны анхаарлыг татсан. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Нэг зүйлийг тайлбарлахад, Монгол Улсын хилээр иргэдийг нэвтрүүлэх чиг үүрэг нь Гадаад харилцааны яамны хариуцсан чиг үүрэгт огт хамаардаггүй. Тэгэхээр тэр хүнийг Гадаад харилцааны яам хилээр нэвтрүүлэх эсэхийг шийдэхгүй гэдгийг хэлье. Бид тэр оюутны талаарх мэдээллийг авсан даруйдаа үнэхээр Чехээс ирсэн эсэхийг тодруулах шаардлага үүссэн. ОХУ албан ёсоор гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэх улсын нэрс дунд Чех улс байхгүй. Бид тухайн иргэнтэй холбоо барих боломжгүй байсан учраас ар гэртэй нь холбоо тогтоосон. Одоогоор Чехээс том оврын автомашинд сууж ирсэн гэдэг өгүүлэмжтэй байгаа. Нэг зүйл тодотгоход, Засгийн газар, УОК-ын шийдвэрээр гуравдугаар сарын 28-наас эхлээд Монгол, ОХУ-ын бүх боомтын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ шийдвэр одоо ч хүчинтэй. Хоёр улсын хил хааснаас хойших хугацаанд Монгол Улсын иргэнийг татан авахдаа зөвхөн зохион байгуулалттайгаар, хоёр талын байгууллагууд хоорондоо ярилцаж, урьдчилж хил нээх өдрөө тохиролцсоны дараа иргэдээ татан авч байгаа. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас 1700 иргэнийг татан авсан. Энэ охины хувьд Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд урьдчилж огт мэдэгдээгүй. Гэнэт хил дээр ирсэн учраас хил хаалттай, түүнийг хил нэвтрүүлэх шийдвэр гаргахад холбогдох байгууллагууд зөвшөөрөл авах шаардлага үүсч, удсан болов уу. Хэрвээ Гадаад харилцааны яамаар дамжин мэдээлэл өгсөн бол хилийн байгууллагуудад мэдээллийг өгөх үндсэн дээр ажлыг эхлүүлэх боломжтой байсан.

Бид өчигдөр /2020.07.30/ ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Хэрвээ ямар нэгэн байдлаар ОХУ-ын авч хэрэгжүүлж буй хуулийг зөрчвөл хоёр хүртэл жил хорих ял байдаг шүү” гэдгийг анхааруулсан.

“ИРЭХ ЕСӨН САРД БАГТАЖ, ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ХОНИЙГ ШИЛЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА”

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг:

-БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэх ажил ямар шатанд байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсний дараагаар БНХАУ-ын талтай бид ажлын түвшинд тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа цар тахал руу чиглэж байгаа учраас 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлыг нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээрэг авсны дараагаар зохион байгуулахаар болсон. Одоо хонио цуглуулаад, хорио цээрийн нөхцөлд бэлтгэх ёстой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд өнгөрөгч лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын явцыг мэдээлсэн. Болж өгвөл бид есдүгээр сардаа багтаж, эхний ээлжийн хонийг шилжүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-ын тал 30 мянган хонио амьдаар нь авах хүсэлтээ илэрхийлсэн. Бэлгийн хандив учраас ард иргэд амьдаар нь хүлээж авахад тохиромжтой гэсэн байгаа.

-БНХАУ-аас томоохон бүтээн байгуулалтын ажлаар хэчнээн хүн орж ирээд байна вэ?

-БНХАУ-аас манай улсын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах хүч авдаг практик сүүлийн үед хэрэгжиж байгааг та бүхэн мэднэ. Аж ахуй нэгжүүд болон Засгийн газар хоорондын шугамаар хэрэгжүүлж буй төслүүдэд БНХАУ-аас ажиллах хүч авсан. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан учраас хоёр улсын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр ажиллах хүчийг авч эхэлсэн. Өнгөрсөн оныхоос харьцангуй цөөн тоогоор ажиллах хүч оруулсан. Өчигдөр авсан мэдээллээр “Ногоон гарц”-ын журам хэрэгжиж, томоохон бүтээн байгуулалт болох Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Дарханы зам, голлох хилийн боомтууд дээр ажиллахаар 190 гадаадын ажиллах хүчийг аваад байна. Ер нь аж ахуй нэгжүүд гадаадаас ажиллах хүч авах хүсэлтийг маш олноор тавьж байгаа. Тэр болгоныг хүлээн авах боломжгүй. Юуны өмнө тухайн салбар яаманд хандана. Яамнаас чухал хэрэгтэй ажил гэж үзвэл УОК-т хандана. Эдгээр иргэдийг УОК-оос зөвшөөрсөн тохиолдолд Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын талтай ярилцаж, зохицуулалтыг хийж байгаа. Хэдийгээр Монголын талаас шийдвэр гарсан ч БНХАУ-ын талаас ажиллах хүчээ явуулах байгууллагуудаас зөвшөөрөл авдаг.

Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар:

“Монгол Улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагад элсэх гээд судалгаа хийж байна” гэдэг ташаа мэдээлэл нийтлэгдэж байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх эсэх асуудлыг судалж байгаа. Тэрнээс биш элсэх асуудлыг судлаагүй. Энэ бүс нутгийн хамгийн том байгууллагын нэг шүү дээ. Эл байгууллагад элсэх асуудал Монгол Улсын бүрэн эрхэд хамаарна. Маш нарийн судалгаа явагддаг.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж