"Финансхолдинг" ХХК-ийн захирал Б.Энхцэцэг өчигдөр (2020.07.30) махны экспорт болон тус салбарт бизнес эрхлэгчдэд хууль, журам тэгш үйлчилдэггүй, төрийн байгууллагуудад ажиллаж буй албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, иргэн, аж ахуйн нэгжүүдийг хохироож буй талаар мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр, Монголд мах экспортлох эрх бүхий 27 ААН байдгаас долоо нь монгол, үлдсэн нь Хятадын хөрөнгө оруулалттай юм байна.
Б.Энхцэцэг "2019 оноос мах экспортлох квот олдохоо больсон. Учир нь хятадууд мах ихээр авах болсон. Хятадад гахайны өвчин гарсны улмаас Монголоос мах авах эрэлт өссөн. 2019 оноос одоог хүртэл надад махаа гаргах квот олдохгүй, би үйлээ үзэж байна. Квот өгөхгүй байгаа шалтгаанаа мэргэжлийн байгууллага нь тайлбарлахдаа "Мах экспортлох эрхгүй үйлдвэрт бэлтгэгдсэн мах учраас танд квот өгөхгүй" гэсэн. Гэтэл эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь мах экспортлох эрхгүй үйлдвэрт махаа боловсруулж, экспортоор гаргадаг. Миний эргэн тойронд байгаа бүх хятадад хууль журам үйлчлэхгүй байгаад гомдолтой байна" гэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ