ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Thursday, July 30, 2020
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орнд тархаж, 17 сая 111 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 671 мянга гаруй хүн эндлээ. Мөн 10 сая 948 мянган хүн эдгэрлээ. Долдугаар сард дөрөв хоногийн дотор халдвар сая, саяар нэмэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. Өчигдөр ДЭМБ-ын хурлаар сүргийн дархлаа тогтоход одоогоор арай эрт байна. Тиймээс өөрийгөө болон бусдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг хэлсэн. Маск зүүж, хүн хоорондын зай барьж, гараа ариутгах шаардлагатай. Залуучуудын дунд халдвар их байгаа тул залуучууд халдвараас хамгаалах зөвлөгөөг мөрдөхийг уриалсан. Хүн хоорондын зайг ягштал барихад халдварыг 62 хувь бууруулж байгааг тогтоосон. Манай улсын хувьд өчигдөр 283 хүн тусгаарлан ажиглалтад орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2593 хүн тусгаарлан ажиглалтад байгаа. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 176 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас 15 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн 24 цагийн дотор СЭМҮТ-д 11 хүн холбогдож зөвлөгөө авчээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.30 / 249 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд энэ сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 164 хүний шинжилгээ, ажиглах байрны 41 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм, тандалтын хоёр хүн, Алтанбулагийн боомтын 32 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээ багтаж байгаа. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 болсноос 225 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 66 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 62 нь хөнгөн, хүндэвтэр гурав, нэг нь хүнд байна. Хяналт тандалт үргэлжилж байна.
ЭМЯ-ны технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн:
Covid-19-ийн халдварын талаарх судалгааны ажлууд маш олон оронд хийгдэж байна. Судалгаанаас танилцуулахад Covid-19-ийн халдвараар нас барж байгаа нь буурай, хөгжиж буй оронд өндөр байна гэж үзжээ. БНХАУ-ын судлаачид хөдөлгөөний хязгаарлалт халдварын тархалтад хэрхэн нөлөөлж буйг судалсан. Хөдөлгөөнийг 20 хувь хязгаарлахад халдварыг 33 хувь бууруулж байна гэж үзжээ. Мөн хөдөлгөөнийг 40 хувь хязгаарлахад халдвар 66 хувь буурч байсан бол хөдөлгөөнийг 60 хувиар бууруулахад халдвар 91 хувиар буурч байна гэж үзжээ.
Холбоотой мэдээ