
Канадын Research in Motion компани өдгөө зах зээлд хүчтэй байр суурь эзэлж буй Apple компанийн iPhone болон Google компанийн Android үйлдлийн системтэй бусад смартфөүний эсрэг мэдрэгчтэй дэлгэц /touchscreen/ бүхий шинэ смартфөүнээ танилцууллаа. RIM энэхүү шинэ загварын утсаа Blackberry Torch хэмээн нэрлэжээ. Torch 9800 загварын смарфөүн нь Blackberry цувралд анхдагч нь болох мэдрэгчтэй дэлгэцтэй, гулгадаг keyboard-тай, өөр дээрээ 4GB багтаамжтай, 5.0 мегапиксель камертай бөгөөд сайжруулсан Blackberry үйлдлийн системтэй юм. Түүнчлэн сүүлийн үеийн смартфөүний чухал үзүүлэлт болсон Facebook, Twitter, MySpace зэрэг нийгмийн харилцааны вэбсайтууд руу чөлөөтэй холбогдох боломжтой ажээ.
Дэлхийн смартфөүний зах зээлийн нийт борлуулалтын 20 орчим хувийг RIM компани дангаараа эзэмшиж байгаа бол Apple дангаараа 10 хувь, харин Google-ийн Android үйлдлийн системтэй смартфөүнүүд 15 хувийг эзэлж байна. Гэхдээ Symbian үйлдлийн системтэй, дийлэнх нь Nokia компанийн гар утас энэ салбартаа тэргүүлэгч хэвээр байгаа юм. Өдгөө дэлхийн хэмжээнд 100 сая гаруй хэрэглэгч Blackberry-г хэрэглэж байна.
С.Цэлмэг