Монголын тулгар төрийн нийслэл Луут хот

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Монголын тулгар төрийн нийслэл Луут хот

Монголын тулгар төрийн нийслэл Луут хот

Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдсон Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болов.  Эртний сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хотын Лун-Чан гэж түүхэнд тэмдэглэжээ. Уг туурийг илрүүлэх нь Монголын болон олон улсын үе, үеийн эрдэмтэн, судлаачдын гол зорилго байсан.

 Монголын ахмад судлаач Х.Пэрлээ гуайн судалснаар Луут хотын туурь хаана байгааг хангай нутагт бий гэхээс өөр баримжаа  судлаачдад байгаагүй.

Түүний тэмдэглэн үлдээсэн эл судалгааг сүүлийн жилүүдэд эрдэмтэд үгүйсгэж, Хэрлэн голын сав дагуу нутагт Луут  хотын туурь байгаа гэх таамаглал дэвшүүлж байв.

Харин уг таамгийг Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангай үгүйсгэж,  Луут хотын туурийг 70 жилийн дараа нээн илрүүлсэн нь олон улсад дуулиан тариад байна. Тэрбээр  эртний хотын туурийг нээн илрүүлэхээр 10 гаруй жилийг эрж хайж, судалсны үр дүнд ийнхүү зорьсондоо хүрчээ. Луут хотын туурь анх 2017 онд олдсон бол энэ жил албан ёсоор олон улсад зарласан юм.

Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот нь тухайн цаг үедээ хаад язгууртны  тансаг зэрэглэлийн зуны нийслэл байжээ. Хамгаалалтын бус саравч бүхий вааран дээвэртэй хоёр давхар хэрмээр хүрээлэгдсэн хотын дөрөвний нэг нь усан сантай байснаараа онцлог.

Мөн хэрмийг тойрч хүрээлсэн “Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээх ханзаар бичсэн чимэглэл хааны сүр хүчийг илэрхийлсэн төдийгүй Шаньюйгийн ордон мөн гэдгийг нотолжээ.  Тухайн цаг эриндээ хотын төвдөө  усан сантай, саравч бүхий хэрэмтэй хот  дэлхийд хаана ч байгаагүй аж.

Хаад язгууртны амьдарч байсан тансаг зэрэглэлийн хотын туурийг ийнхүү нээн илрүүлснээр дэлхий нийтэд монголчуудын өвөг дээдэс зэрлэг бүдүүлэг ард түмэн байгаагүйн том нотолгоо болсныг судлаач Т.Идэрхангай хэллээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

           ЛУУТ ХОТЫН ТУУРИЙГ НЭЭН ИЛРҮҮЛСНЭЭР БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ БАЙГААГҮЙГ ДЭЛХИЙД НОТОЛЛОО

-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Луут хот байгаа эсэхэд судлаач нар эрзэлзэж байсан. Эрдэмтэн, судлаач хүний хувьд эртний хотын туурийг илрүүлнэ гэдэг том ололт амжилт байх.  Яагаад Хэнтийд биш хангайн бүсээс хотын туурийг хайх эрлээ эхлүүлсэн юм бэ?

-Лүн-Чан буюу Луут хотын малтлага судалгааны ажил түүхийн маш олон эргэлзээг тайлж, буруу ойлголтуудыг үгүйсгэснээрээ чухал. Эртний түүхэн сурвалжид үлдсэн эл хотын тухай манай ахмад судлаач, археологич Х.Пэрлээ гуай Хангайн нуруунд байна гэх таамаглал дэвшүүлж байсаэн.  Гэвч саяхныг хүртэл хотын туурь олдоогүй тул судлаачид эргэлзэж эхэлсэн.  Тиймээс сүүлийн жилүүдэд  Хэрлэн голын сав дагуу байж магадгүй гэж таамаглаж байсан.  Хүннү гүрний үед хамаарах язгууртнуудын вааран дээвэртэй таван хотын туурь байдаг учраас Луут хот байх магадлалтай гэж үзсэн.

Тиймээс Хангайн нуруунд эрлээ эхлүүлж, Луут хотыг илрүүлснээр ахмад судлаач, археологич Х.Пэрлээ гуайн судалгааг нотолж, судлаачдын эргэлзээг тайллаа. Эл хотын туурийг илрүүлснээр дэлхий нийтэд бидний өвөг дээдэс зэрлэг бүдүүлэг байгаагүй  гэдгийг нотолж байна. 

-Та хотын туурийг илрүүлэх малтлага судалгааг 2017 онд эхлүүлсэн. Харин хотын туурийг илрүүлсэн талаар наадмын өмнөхөн албан ёсоор зарласан? 

Би 2010 оноос хойш Хүннүгийн улс төрийн төвийн талаар судалгаа хийж эхэлсэн. Архангай аймгийн Өлзийт суманд 2017 онд  малтлага судалгааны ажлыг эхлүүлэх үеэр эртний хотын туурийг илрүүлж олсон. Харамсалтай нь, санхүүгийн бэрхшээлийн улмаас уг ажлыг түр хойшлуулсан. Дараа нь 2019 онд тус хотын тууриас Хүннү гүрний үетэй холбоотой гэж үзэх сэжүүр олсон. Ер нь вааран дээвэртэй барилгын хэлтэрхий Хэрлэн голын сав газраас бусад хангайн нутгаар олддоггүй. Гэтэл хангай нутагт байх  эртний хотын тууриас вааран дээвэртэй барилгын хэлтэрхий олдсон нь Луут хот болохыг нотлох нэгэн үндэслэл  болсон.

Сорчилж түүсэн хээ чимэглэлтэй ваарны хэлтэрхийг судлахад “Тэнгэрийн хүү шанью” гэсэн бичигтэй байгаа нь Хүннү гүрний нийслэл мөн гэдгийг нотлох хөдөлшгүй баримт болсон юм. Гэсэн ч дахин судалгааг үргэлжлүүлж, бүрэн хэмжээнд нотлох хүртэл нэг жилийн хугацаанд Луут хотыг илрүүлсэн тухайгаа нууцлах бас л амаргүй байлаа.

Энэ жилийн малтлага судалгааны ажил наадмын өмнө таарч Луут хотыг илрүүлснээ албан ёсоор нотолсон нь Үндэсний их баяр наадамтай давхцснаараа бэлэг дэмбэрэлтэй болов уу. Түүхэн ач холбогдлын хувьд тулгар төрийн нийслэлээ үндэсний их баяр наадмын үеэр нээлээ.

-“Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй ваарны хагархай олсон Луут хот мөн гэдгийг нотлох том нотолгоо болсон байх. Хэрэв  Шаньюй бичигтэй ваарны хэлтэрхий олдоогүй бол Луут хотыг илрүүлэх боломж байсан уу?

-“Тэнгэрийн хүү Шаньюй”  хэмээх бичиг бол Луут хот байсныг батлаж буй баримт юм. Энэ ханз дэлхийн хаана ч байхгүй, түүхэн эх сурвалжийн мэдээлэлтэй яг таарч байгаа юм.  Хэрэв ваарны хэлтэрхий олдоогүй бол Шаньюй хаантай холбоотой гэдгийг нотолж чадахгүй. Мэдээж, Хүннү гүрний үед хамаарах хот гэдгийг нь нотлох нь тодорхой.

-Монголын үе үеийн археологчид Луут хотыг туурийг олох гэж хайсан. Гэхдээ олж чадаагүй шалтгаан юу байсан гэж та үзэж байна?

Хүннү гүрний нийслэл Луут хот олоход хүндрэлтэй байсан нь бас олон талын шалтгаантай болов уу. Туурийг холоос харахад  хот байсныг илэрхийлэх тэмдэггүй. Агаарын зургаас харахад хот гэж илэрхийлэх хана хэрэмгүй, эмх замбараагүй байснаараа өнөөдрийг хүртэл нууцлагдаж ирсэн байх.

-Түүхэн олдворыг одоо хамгаалах гэдэг том ажил байна?

Бидний илрүүлсэн хот маань зүгээр энгийн хот биш. Манай тулгар төрийн нийслэл шүү дээ. Энэ бол Монголын нүүр царай. Монголыг дэлхий дахинд таниулах боломж гэж харж байна. Тулгар төрийнхөө нийслэл байсан хотын туурийг хамгаалахад төрөөс анхаарлаа хандуулах шаардлагатай. Бид аймгийн ЗДТГ болон байгаль хамгаалагчид, нутгийн иргэдэд захиж үлдээсэн. Гэсэн ч төрөөс анхаарлаа хандуулж ядахдаа хашлага татах, дараа нь музей байгуулах хэрэгтэй.

Луут хотын туурийг дэлхий нийт сонирхож байна. Тухайн газар музей байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юу?

-Стандартын музей барих шаардлагатай. Монгол улсад стандартын дагуу баригдсан музей бол Хархорины музей. Стандартын музей гэдэг нь нарны тусгал, агаарын чийгшлээс авахуулаад олдворт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр хадгалах, хүнд үзүүлэх боломжийг бүрэн хангасан байхыг хэлнэ. Том жижиг нь хамаагүй дэлхийн жишгээр музей байгуулаад тэндээс гарсан эд өлгийн зүйлсийг  хадгалдаг болчихвол жуулчид тасрахгүй байх.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж