АНУ: 25 сая иргэн орон гэргүй болох эрсдэл учрав

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

АНУ: 25 сая иргэн орон гэргүй болох эрсдэл учрав

АНУ: 25 сая иргэн орон гэргүй болох эрсдэл учрав

Төлбөр, зээлээ төлж чадаагүй иргэдийг албадан нүүлгэхийг түр завсарлах шийдвэрийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, 12 орчим сая америкчуудыг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдалд оруулсан билээ. Харин энэ долоо хоногт буюу өнөөдөр/2020.07.31/ ажилгүйдлийн тэтгэмж хүссэн 25 сая америкчуудад Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор олгож байсан 600 ам.долларын тэтгэмжийн хугацаа дуусч байна. Улмаар маргаашнаас/2020.08.01/ эхлээд хэдэн арван сая америкчууд байрныхаа мөнгийг төлж чадахгүй байдалд орох юм.

Хэрвээ конгресс энэ асуудалд анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол ирэх есдүгээр сар гэхэд хэдэн арван сая иргэд орон гэргүй болж, гудамжинд гарахад хүрээд байна. Гэхдээ энэ асуудлаас мултрах боломж бий. Үүний тулд эрх баригчид албадан нүүлгэхийг дахин хойшлуулах, ажилгүй болсон иргэдэд үргэлжлүүлэн тэтгэмж олгох хэрэгтэй юм. Гэвч энэ талаар одоохондоо хэн ч юу ч хэлээгүй таг чиг  байна.

Энэ долоо хоногт буюу долдугаар сарын 27-нд Бүгд найрамдах намын сенат Ардчилсан намынхны эсэргүүцлийг үл тоон шинэ цар тахлын тусламжид албадан нүүлгэхийг дахин хойшлуулах шийдвэр багтаагүйг мэдэгдсэн билээ. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм.

Сенатч Элизабет Уаррен долдугаар сарын 28-нд “Бид ганцхан сарын дараа гэхэд хэдэн сая хар арьстай болон ядуу америкчууд орон гэргүй болох гамшгийг болиулж чадна. Хэтэрхий алгуурлаж болохгүй. Бид дэндүү удаан ажиллаж байна. Бүгд найрамдахчууд том банкууд болон батлан хамгаалахынханд ашигтай зүйл хийлээ. Гэвч тэд айл өрхүүд гэр орноо хэрхэн авч үлдэх талаар бодох ч үгүй байна. Дараагийн тусламждаа миний санаачилж буй хуулийн төслийг оруулах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Тэрбээр албадан нүүлгэхийг 2021 оны гуравдугаар сар болтол хойшлуулахыг уриалж байгаа юм.

Цар тахал дэгдэхээс өмнө ч хэдэн сая айл өрхүүд зээлээс зээлийн хооронд арайхийн амь зууж, 20 гаруй сая иргэд түрээсээ дөнгөн данган төлдөг байсан. Харин өдгөө цар тахал мянга мянган хүний аминд хүрч, ажилчдыг ажлаас нь халж, сургуулиудыг завсардуулж, энгийн иргэдийн амьдралд асар ихээр нөлөөлж байгаа нь тэднийг түрээс, зээл, төлбөрөө төлж чадахгүйд хүргэсэн байна.

Аризона мужид амьдардаг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон ээж Лаурин Скарпелли “Бидэнд аймаар байна. Хүүхэд харж өгөх хүн байхгүй, цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа болохоор би ажил хийж чадахгүй байна. Хамгийн аюулгүй газар бол гэр. Гэвч гэргүй болчихвол яах юм бэ?” хэмээн ярьсан байна.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын мэдээлж буйгаар АНУ-ын нийт өрхүүдийн 30 гаруй хувь нь долдугаар сарын мөнгөө цагт нь төлж чадахгүй болоод байгаа аж. Мөн тэдний олонх нь хотод байр түрээслэн амьдардаг бага орлоготой залуус  гэнэ.

Түрээслэгч иргэдийн төлөө байгуулагдсан Covid-19 албадан нүүлгэхийн эсрэг төслийнхний мэдээлж буйгаар бол ирэх есдүгээр сарын сүүл гэхэд 23 сая орчим түрээслэгчид гудамжинд гарах аюул нүүрлээд байгаа аж. Тэдгээрийн олонх нь латин гаралтай болон хар арьстай иргэд. Мөн ижил тооны иргэд дараа сард нь орох оронгүй болох гэнэ.

Үндэсний бага орлоготой өрхүүдийн эвслийн гүйцэтгэх захирал Диан Ентел “Тулгамдаад буй энэ асуудлыг зохицуулж, иргэдээ аврах бүрэн боломжтой. Албадан нүүлгэхийг хойшлуулахгүй бол нүүлгэх үйл ажиллагаа ирэх долоо хоногоос үргэлжилж эхэлбэл наймдугаар сарын сүүлээс эхлээд намаржин олон сая амеркчууд хоног төөрүүлэх газаргүй болж хувирах гэж байна” хэмээн ярьжээ.

Зарим мужуудад албадан нүүлгэхийг хойшлуулах шийдвэрийг цуцалсан бөгөөд тус мужуудад орон гэргүй болсон иргэдийн тоо өдрөөс өдөрт өссөн үзүүлэлт харуулж байна. Жишээ нь Висконсин мужид албадан нүүлгэх үйл ажиллагаа үргэлжлэхийн хажуугаар түрээс нэмэгдсэнд зургадугаар сард л гэхэд гэрээсээ хөөгдсөн өрхүүдийн тоо 13 хувиар өссөн байна. Ийнхүү толгой хоргодох газаргүй болж буй өрхүүдийн гуравны хоёр нь хар арьст өрхүүд байх аж.

Харин харьцуулж үзэхэд Итака, Нью Йорк зэрэг газруудад оршин суугчдын 70 орчим хувь нь түрээслэгчид байдаг билээ.

“Албадан нүүлгэлт голдуу хар арьст түрээслэгчдийг, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хэцүү байдалд оруулж байна. Албадан нүүлгэлт нийгмийн арьс өнгөөр ялгаварлах байдлыг, тэгш бус байдлыг улам дэвэргэж байна” хэмээн Принстон их сургуулийн судлаач Петер Хепбурн ярьжээ.

Өрхүүд орон гэрээ алдвал сүм, орогнох байр, гудамж гээд эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаагүй, олон хүн цуглардаг газруудад амьдрахаас өөр аргагүй болно. Улмаар коронавирусийн халдвар улам хурдан, олон хүнд тарах аюултай. Албадан нүүлгэхийг үргэлжлүүлж буй мужуудад ялангуяа халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн ихээр нэмэгдэж буй юм. Жишээлбэл сүүлийн үед халдварын тохиолдол хамгийн ихээр нэмэгдэж буй Флорида мужид түрээслэгч өрхүүдийн 51 хувь нь ирэх сард гудамжинд гарах аюулд ороод байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар энэ удаагийн хямрал АНУ-ын түүхэнд хэзээ ч байгаагүй их орон гэргүйчүүдийг төрүүлэх эрсдэл тулгараад байгаа гэнэ. Тухайлбал 2016 онд л гэхэд нийт 2.3 сая иргэдийг гэрээс нь албадан нүүлгэж байсан нь хамгийн өндөр тоо аж.

“Гэрээсээ хөөгдсөн иргэд давхар давхар олон хэцүү асуудалд орооцолдож, түүнээс үүсэх хүндрэлүүд АНУ-д цар тахлаас ч урт хугацаанд төвөг удна. Гудамжинд гарсан иргэд наад зах нь цаашид орон гэртэй болох чадваргүй болж, ажлаа алдаж, эрүүл мэнд муудаж, гэмт хэргийн хэмжээг олшруулж, стресс, Депрессийн хэмжээ асар ихээр нэмэгдэж, амиа хорлох явдал түгээмэл болно” хэмээн Хепбурн ярьсан байна.

Эх сурвалж: HUFFPOST.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж