МАН уучилсан ч ард өршөөхгүй ЖДҮ

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

МАН уучилсан ч ард өршөөхгүй ЖДҮ

МАН уучилсан ч ард өршөөхгүй ЖДҮ

МАН уучилсан ч ард өршөөхгүй ЖДҮ-гийн хэрэг эхнээсээ шүүхээр орж, холбогдогч нь ял авав.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийг энэ сарын 29-нд хэлэлцээд гурван жилийн хорих ял оноолоо.  Түүнийг өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар нь өөрийн хүү С.Ахмед, менежерээр нь эхнэр Б.Алтанчимэг ажилладаг хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлж, төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт улс төр нөлөө бүхий хүнд хамаатай төсөл учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, 950 сая төгрөгийн зээл авсан гэм буруутайд тооцсон юм.

Эрх баригч намынхны 40 гаруй гишүүн нь нэр холбогдсон ЖДҮ-ийн дуулианы араас хуулийнхан хоёр жил хөөцөлдөхөд зөвхөн нэг хүн ял авсан нь цаг хугацаа нэлээд алдаж, бусдад нь давуу эрх олгож буй ч шуурхай ажиллавал УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар ч Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах ёстой албан тушаалтнууд юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий компани нь , Шадар сайд Я.Содбаатарын эхнэр нь найзуудтайгаа хамтарч байгуулсан компани нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярынх нь компани Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан дуулианд  холбогддог.

Том албан тушаалтай болохоор нь АТГ-ынхан халгаад энэ асуудлыг шалгахгүй байна уу, эсвэл АТГ бүлэг фракц, нутаг нугаар ялгаварлаад хав дарчихав уу.

Шадар сайд Я.Содбаатар эхлээд “Би энэ асуудлыг мэдэхгүй” гэж гүрийсэн бол сүүлдээ цайрч “Тэр зээлээ очиж шалгаарай, нялх нялзрай хүүхдүүд уйлалдаад хэвтэж байгаа” гэж чуулганы танхимд үнэнээ өчсөн билээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр гүрийсээр өнөөг хүртэл нэг ч үг унагаагүй. Хуулийнхан ч бас даалгавар авсан мэт юу ч яриагүй.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Б.Батзориг, Л.Энхболд, Д.Дамба-Очир гээд тоочвол урт жагсаалт яригдана. Зарим нэг нь зээлийн зориулалтыг өөрчилж, банк бус санхүүгийн байгууллагаар оруулж мөнгө угаасан байж болзошгүй асуудалд нэр холбогдсон ч бас л таг болсон. Хэтрүүлэг байсан уу эсвэл хуулийнхан нь сурсан зангаараа дарчихсан уу, бүү мэд.

ЖДҮХС-гийн зээл бол үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд зориулагдах ёстой болохоос биш цэцэрлэг, халамжийн төвийн үйл ажиллагааг тэтгэх юм уу, банк бус санхүүгийн байгууллагын эх үүсвэр болж, мөнгө хүүлэгчдийн хэтэвчийг түнтийлгэхэд зарцуулагдах ёсгүй. Нэг үгээр хэлбэл, зээлийн зориулалт өөрчлөгдвөл хууль зөрчсөн хэрэг болно. Тэр тусмаа мөнгө угаасан бол бүр ч ноцтой гэмт хэрэгт тооцогдоно.

Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чадаагүй, энэ төрлийн хэрэгт холбогдогчиддоо ял өгдөггүйгээс FATF-ын саарал жагсаалт, Европын холбооны хар жагсаалтад орсон.

Иймээс ЖДҮ-гийн хэрэг бол маш ноцтой хэрэгт тооцогдоно.

Нэгбүрчлэн шалгаж, албан тушаалтнууд нөлөөлсөн эсэхийг нь тодруулж, эцэслэхгүй бол Монгол Улс хар, саарал жагсаалтаасаа гарах аргагүй хэрэг болсон.

Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхлэгчид нь бага хүүтэй, урт хугацаатай зээл олох гээд чадахгүй, авлигыг нь ч болтугай өгөөд зээл авъя гэдэг асуудал ярих хүртэл нь  чангалдаг атлаа эрх мэдлээрээ далайлган, бусдынхаа боломжийг хулгайлсан нь хариуцлага үүрэхгүй бол Монголд АТГ, прокурор гэдэг хоёр том байгууллага ажиллахын хэрэг гарахгүй.

Одоо томчуудтай холбогдсон хэргүүдээ дахиад хөдөлгө, хэрэв холбогдолгүй бол нэрийг нь цэвэрлэ, холбоотой бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ир.

2018 онд авсан зээлийн асуудлыг 2020 онд нэг талд гараагүй байна гэдэг дэндүү цаг хугацаа алдаж байна.

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулсны дараа ЖДҮХС-гаас зээл авсан зэрэг дуулианд нэр холбогдсон хүмүүсээ албан тушаалд томилсон. Яагаад хариуцлага ярихгүй, албан тушаалд томилоод байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан “Насаар нь нэг асуудлаар яллаж болохгүй” гэсэн хариулт өгсөн.  Гэхдээ хуулийнхан шалгаж, шүүхээр эцэслэн шийдэх хүртэл ЖДҮ гэх дөнгөтэй явахаас аргагүй.  Хэрэв шүүхээс “энэ хэрэг биш юм байна, эрх мэдэл албан тушаалаа ашиглаагүй байна” гэдэг шийдвэр гарвал улс төрийн карьераа үргэлжлүүлж, өндөрсгөж болно.

Эрүүгийн хуульд албан тушаалын хэрэгт хохирол шаардахгүйгээр үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог заалт үйлчилдэг тухай Улсын ерөнхий прокурорын туслах хэлсэн шүү.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж