УИХ-ын ээлжит бус чуулганы тов гарч, төсөв тодотгох болов

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулганы тов гарч, төсөв тодотгох болов

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд хуралдахаар боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гол асуудал нь Монгол Улсын 2020 оны төсөв. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байсан улсын төсөв 2020 оны эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг, харин зарлага нь 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.

Улсын нэгдсэн төсвийн орлого:

  • 85.8 хувийг татварын орлого
  • 8.2 хувийг татварын бус орлого
  • 5.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого
  • 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ

ТӨСВИЙН ЗАРЛАГА 6.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ 

Харин улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний хагас жилд 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 (33.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.1 (27.5%) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 592.8 (93.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардал 42.8 хувь, урсгал шилжүүлэг 41.3 хувь, хүүгийн зардал 8.4 хувь, татаас 7.5 хувийг эзэлж байна.

Хөрөнгийн зардалд 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1228.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 592.8 (93.2%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Хөрөнгийн зардал өсөхөд барилга, байгууламжийн зардал 293.2 (62.4%) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 165.9 (2.6 дахин) тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 129.5 (6.4 дахин) тэрбум төгрөгөөр, их засварын зардал 0.7 (2.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хөрөнгийн зардалд:

  • Барилга байгууламжийн зардал 62.1 хувь
  • Бусад хөрөнгийн зардал 21.7 хувь
  • Тоног төхөөрөмжийн зардал 12.5 хувь
  • Их засварын зардал 2.6 хув
  • Стратегийн нөөц хөрөнгө 1.1 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ

2020 оны эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа Монгол Улсын төсвийг ирэх наймдугаар сарын 17-нд тодотгох гэж байна. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн, батална. Үүнд:

  1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
  2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
  3.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  4.  “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
  5.  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  6.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
  7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
  8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр захирамж гаргасан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж