НЭМЭЛТ:
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр зорчиж явсан иргэн нас барсан харамсалтай хэрэг болсон.
Энэ асуудлыг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр нутаг буцаж байсан 62 настай эрэгтэй онгоцонд нас барсан харамсалтай явдал гарсан. Бид энэ мэдээллийг авсан даруйдаа Улсын онцгой комиссын шуурхай штабд мэдээлэл хүргэн, Австралид байгаа болон Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь холбогдож, дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнд Консулын газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Талийгаач өнгөрсөн оны сүүлчээр Австрали улсад суралцдаг хүүхэд дээрээ очсон юм билээ. Манай Элчин сайдтай хэд хэдэн удаа уулзсан.
Австрали улсаас нийтдээ нутаг буцах хүсэлтэй 1200 орчим хүн байгаа. Эдгээр иргэдийн 300 орчим нь өндөр настан буюу 60-аас дээш насныхан. Монгол, Австрали улсын анхны шууд нислэг долдугаар сарын 17-нд үйлдсэн. Бид одоо хоёр удаагийн нислэгээр ойролцоогоор 150 орчим өндөр настныг татан авсан. Нас барсан иргэн маань хоёр дахь удаагийн шууд нислэгт багтсан бөгөөд суурь өвчтэй хүн байсан. Тухайн иргэний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Сидней-УБ-ын онгоцонд зорчиж явсан нэг иргэн нас баржээ
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн өчигдөр /2020.07.30/ нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарчээ. Улсын онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажилласан гэсэн мэдээллийг албаныхан өгсөн.
Талийгаачийн нас барсан шалтгаан коронавирусийн халдвартай холбоогүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Уг нислэгээр нийт 265 иргэнээ татан авсан. Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүссэн байна.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирсний 21 нь Себү аралаас мөн хөгжлийн бэрхшээлтэй 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.
Иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэрийн төв эмнэлэг, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлав.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ