Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг ангид 20-иос дээш хүүхэд хичээллэхгүй, сурагчид долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл үзнэ, мөн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэхгүй хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яам мэдэгдээд буй. Эдгээр зохицуулалт хэрхэн хэрэгжих талаар БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүдээс дараах тодруулгыг хийлээ.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.МЯГМАР:
-Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Иймээс энэ жил цэцэрлэгийн цахим бүртгэлийг зохион байгуулахгүй гэж ойлгож болох уу?
-Энэ хичээлийн жил цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед долоон сарын дараа эхлэх гэж байгаагаараа онцлог. Бидний баримталж буй гол зарчим бол “Эрүүл хүүхэд илүү сайн суралцдаг”. Өөрөөр хэлбэл, байнга ханиад томуу тусч, өвдсөн хүүхэд суурь өвчтэй болж, цаашид сургуульд ороод ч амжилттай суралцаж чаддаггүй. Л.Цэдэвсүрэн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлаа танилцуулсан. Ингэснээр есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттайгаар эхлүүлэх шийдвэр гаргасан.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоёр насанд л анхаарал халамж сайн тавьж чадвал гурван наснаас өвчлөл буурдаг нь судалгаанаас харагдсан. Тиймээс энэ жил эрсдэлийг тооцож, хоёр настай хүүхдүүдийг эцэг эх, гэр бүлийн асаргаа халамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Мөн энэ жил таван настай хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамруулна. Эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд хоёр настай хүүхдээ эрсдэлтэй цаг үед эрүүл сайхан өсгөөд, дараа жилээс цэцэрлэгт бүртгүүлээрэй.
–Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэсэн. Үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Энэ жилийн 3-4 насны хүүхдийн цэцэрлэгийн элсэлтийн талаар эцэг, эхчүүд их асууж байгаа. Бүлэг дүүргэлт 20 байх учраас шинээр олон хүүхдийг авч чадахгүй. Цэцэрлэгүүд анги танхимын хүрэлцээ, нөөц боломжоо судлан, шинэ хичээлийн жилд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах бэлтгэлээ хангаж байна.
Цар тахлын үед эцэг, эх нь ажил орлогогүйгээс зарим өрхийн хүүхдүүд өдөрт хоол ундгүй байх, асаргаа сувилгаа дутмаг байх асуудал тулгарч байна. Өнгөрсөн гуравдугаар сард бага насны цэцэрлэгт хамрагдаж байсан болон хамрагдаагүй өрхийн хүүхдүүдэд PIN улсын байгууллагатай хамтран хүнсний багц, ариун цэврийн багц, боловсролын багц хүргэх ажлыг зохион байгуулж, 3000 гаруй хүүхдэд хүрсэн. Үнэхээр гэр бүлийн орчинд зарим бага насны хүүхдүүд амаргүй нөхцөлд амьдарч байгаа. Иймд 3-4 настай хүүхдийг цэцэрлэгт нэмж авахдаа зорилтот бүлгийн, амьдралын нөхцөл байдал тааруу өрхийн хүүхдийг эхний ээлжид хамруулах чиглэлийг баримтална.
Бид мэдээлэл хийх үеэрээ цэцэрлэгийн хүчин чадалдаа багтаан 3-4 насны хүүхдүүдийн тодорхой хувийг бүртгэнэ гэдгээ хэлсэн.
-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хэчнээн хүүхэд байдаг вэ. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан таван настнууд энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна гэсэн үг үү?
-Нийслэлд энэ жил 146.8 мянган 2-5 настай хүүхэд байна. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдаад явна. Мөн анги дүүргэлтээ 20 хүүхэд гээд хязгаарлахаар зарим нэг газар хүндрэл үүснэ. Учир нь, нэг ангид 40-50 хүүхэд хамрагдаж буй цэцэрлэгүүд бий. Тэр асуудлыг ойролцоох төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар хамруулах боломжийг судлан, Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбоодтой ярилцаж байна.
Энэ хичээлийн жил маш онцлог. Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Бидэнд маш олон шинэ сорилт тулгарч байна. Хамгийн чухал нь нэгдүгээр сарын 27-ноос хойш ажиллаагүй цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэсэн явдал.
Төсөв санхүүгийн олон хэрэгцээ үүсч, эцэг эхчүүдэд ч мөн хариуцлага ихээхэн нэмэгдэж байна. Гэр бүлийн орчиндоо эрүүл ахуйн зааврыг мөрдөх, олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй байх, улиралд тохируулсан хувцас өмсүүлэх, гэр болон хүүхдийнхээ цэцэрлэгийн хооронд маск заавал зүүх зэргээр хүүхдээ болон гэр бүлээ хамгаалахад эцэг эхийн хариуцлага маш чухал байгаа. Цэцэрлэгийн үүдэнд хүүхдийн халууныг хэмжиж, гарыг ариутгаж оруулна. Ангидаа хүүхдүүд маск зүүхгүй. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу цэцэрлэг дээр цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт сайн хийгдэнэ.
Эхний ээлжид цэцэрлэгээ нээж ажиллуулах, нөхцөл байдлыг ажиглаж, үнэлгээ хийнэ. Мэргэжлийн байгууллагуудтай хийх нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн цаашдаа хүүхдийнхээ тоог нэмэх эсэхээ шийдвэрлээд явахаар төлөвлөж байгаа.
Сургуульд ортлоо цэцэрлэгт хамрагдаж огт чадахгүй байсан ялгаатай байдлыг энэ жил арилгаж байгаа. Нийслэлд гэхэд 6000 таван настай хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан бол энэ жил бүрэн хамруулна. Мөн дээр нь улсын хэмжээнд 3-4 насны хүүхдүүдийнхээ 60 хувийг цэцэрлэгт элсүүлэх бодлогыг барьж байна.
“НЭГ АНГИД 20 ХҮҮХЭД ХИЧЭЭЛЛЭСНЭЭР БАГШИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЭХГҮЙ”
БШУЯ-НЫ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Т.НЯМ-ОЧИР:
-Салбар яамны өгч буй мэдээллээр нэг ангид 20-иос дээш хүүхэд хичээллэхгүй гэдгийг хэлсэн. Ангийн бусад хүүхдүүд хичээлээ хэрхэн судлах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ингэхийн тулд анги танхим, багш нарын тоог нэмэх үү?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар судлах хичээлдээ бүрэн хамрагдана. Энд аль нэг хүүхдийг нь сонгох, хоцрох асуудал үүсэхгүй. Дэлхий нийтээр цар тахлын тархалт буурахгүй байна. Гадаадаас ирж буй иргэдээс вирус илэрч, тоо нь нэмэгдэж байна. Бид ийм эрсдэлтэй нөхцөлд хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай ярьж байна. Монгол Улс одоогийн байдлаар коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй, бүрэн хяналтад байлгаж байна. Энэ үед хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага үүсч байгаа.
Нэг ангид хүүхэд хоорондоо 1-1.5 метр зайтай сууна. Энэ зайг барихад анги танхимын багтаамж ямар байгаа билээ. Нэг ангид 20 орчим хүүхэд л суулгах боломжтой. Тиймээс танхимаар хичээллэх өдрийн тоо болон судлах хичээлийн тоог бууруулах зохицуулалт хийж байна.
Шинэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуульд сурах 683 мянган хүүхэд танхимын сургалтад бүрэн хамрагдана. Гэхдээ сум, баг, тосгон, хөдөө орон нутгийн сургуулиудад сурагч хоорондын зайг баримталж, танхимын сургалт хэвийн үргэлжилнэ. Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Цаашид ч улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж магадгүй. Тиймээс бид хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг эрт эхлүүлж байгаа. Ингэхдээ Улсын онцгой комисс, Засгийн газарт албан ёсоор танилцуулсан.
-Жишээлбэл, нэгдүгээр ангийн нэг анги 40 хүүхэдтэй байлаа гэхэд хэрхэн 20, 20-иор хичээллэх вэ?
-Нэгдүгээр ангийн 40 хүүхэд байлаа гэхэд хоёр хуваагдаад, танхимын болон зайн сургалтаа үзнэ. Эхний 20 хүүхэд хичээлийн нэгдүгээр ээлжид танхимаар хичээллэсэн бол дараагийн 20 хүүхэд хоёрдугаар ээлжид юм уу, дараагийн өдөр хичээллэнэ гэсэн үг. Энэ зохицуулалтаа сургууль, багш нар, эцэг эхийн оролцоотойгоор шийдвэрлэх боломжтой.
Нэг ангид 40-үүлээ бөөгнөрч суухгүй. Нэг ангийн 40 хүүхэд дотор нэг хүүхэд ханиад хүрэхэд эрсдэл нь 39 хүүхэд. Харин 20 хүүхдээс нэг нь ханиад хүрвэл 19 хүүхэд эрсдэлтэй. Муугаар ярихад дотооддоо хяналтаа алдлаа гэхэд тархалтыг аль болох бага байлгаж, эрсдэлийг 2-3 дахин бууруулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу хийж байна. Нэг анги долоо хоногт гурван өдөр танхимаар хичээллэнэ. Бусад өдөр теле хичээлээ үзээд явна.
Нэг сургууль 3000 сурагчтай байлаа гэж бодоход эдгээр хүүхдийг нэг дор бөөгнөрүүлэхгүйгээр сургалтыг зохион байгуулах зохицуулалтыг хийж байна. Хэрвээ бид таван өдөр 20 хүүхэдтэй хичээллэнэ гэвэл сургуулийн анги танхим хүрэлцэхгүй. Тиймээс сургууль өөрийн багтаамждаа тохируулан менежментээ хийх боломжийг олгож байгаа. Түүнээс биш нэг ангийн 20 хүүхэд л ангидаа хичээлээ үзэж, бусад нь зайнаас суралцана гэсэн үг биш.
-Тэгвэл багш нарын ачаалал нэмэгдэх юм биш үү?
-Багш нарын ачаалал нэмэгдэхгүй. Учир нь, танхимын сургалтын цаг цөөрсөн. Танхимын сургалтын өдөр байгалийн цагаар 2-3 цаг хичээллэнэ. Тэгэхээр хүүхэд өглөө 08.00 цагт хичээлдээ орсон бол өдрийн 10.00-11.00 цагт тарна гэсэн үг. Танхимын сургалтын цаг багассанаар хүүхдэд ирэх ачаалал ч буурна. Багш нарын хувьд долоо хоногт 19 цаг хичээл заадаг бол энэ цагийг тараан зохицуулалт хийж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, бага ангид Монгол хэл, Математикийн хичээл заалаа гэхэд Хүн орчин, Биеийн тамир, Дуу хөгжим, Иргэний ёс зүйн боловсрол зэрэг хичээлүүд цахим сургалтаар орно. Тиймээс багшид цагийн ачаалал үүсэхгүй. Харин бусад багш нар нь танхимаар хичээл зааж байгаа багшдаа тусалж, өөрийн заадаг хичээлийн агуулгыг тухайн хичээлийн агуулгатай интеграцчилж, хамтарч хичээлээ зааж болно.
-Зарим эцэг эх хувийн сургуулиудын танхим болон зайны сургалтын төлбөр ялгаатай байх уу гэдгийг асууж байна?
-Бидний зүгээс хувийн сургуулиудын сургалтын төлбөрт шууд оролцох эрх зүйн боломж байхгүй. Гэхдээ сар, улирлаар уян хатан шийдвэрлэхийг холбогдох тушаал, шийдвэртээ тусгана. Тухайн хүүхдийн эцэг, эхтэй байгуулж байгаа гэрээгээр энэ асуудлаа зохицуулах боломжтой.
-Есдүгээр сарын 1-нээс сурагчид хэдэн цагийн теле хичээл үзэх вэ?
-Цар тахлын нөхцөл байдлыг таашгүй учраас салбар яамныхан тавдугаар сараас теле хичээлийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Тийм учраас нэг, хоёрдугаар улирлын хичээлийг тав, зургадугаар сард бэлтгэчихсэн. Одоо Монголын телевизүүдийн холбоо, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт теле хичээлийг хүлээн авч байна. Нийтдээ 2087 цагийн хичээлийг бэлтгэсэн.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ