Монголын морин спорт, уяачдын холбоо/ММСУХ/-ны зүгээс өчигдөр/2020.07.30/ хэвлэлийн бага хурал зохион байгуулан Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмаар хурдан морьдыг үндэслэлгүй хасч, уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн талаар ярьж, эрх бүхий байгууллагууд шаардлага хүргүүлсэн билээ. Бид энэ үеэр ММСУХ-ны уяачид, судлаачдаас байр суурийг нь сонссон юм.
Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” холбооны тэргүүн, аймгийн алдарт уяач З.Батбаяр: Энэ жилийн улсын их баяр наадмын хурдан морины уралдаанаас олон морь хасагдлаа. Хурдан морины салбар хорооны Үүлдэрлэг байдлын комиссынхон гэж байдаг ч эдгээр хүмүүс цэвэр өөрсдийн үзэмжээрээ морьдыг хассан. ММСУХ-ны зүгээс өөрсдийн зохион байгуулдаг уралдаанууддаа дэвшилтэт лазер метрийг ашиглаж ирсэн. Үүнийгээ хурдан морины салбар хорооны Үүлдэрлэг байдал хариуцсан комиссынхонд танилцуулсан боловч бидний санал хүсэлтийг хүлээн аваагүй. Угтаа энэ лазер метрийг ашиглавал ямар ч хардлага дагуулахгүй, цаг хугацаа хэмнэсэн, нарийвчилсан тооцоог гаргадаг юм. Яагаад энэхүү нарийвчилсан тооцоог гаргадаг төхөөрөмжийг ашигласангүй вэ? Энэ л хардлага дагуулж байна. Уяачдын холбоо энэ төхөөрөмжийг ашиглуулсныхаа шанд ямар нэгэн төлбөр нэхээгүй.
Хүй долоон худгийн хурдан морьдыг шалгах хэсгийн хашаа, бетон зэргийг ММСУХ өөрсдийн хөрөнгөөр барьсан. Та бүхэн телевизээр харсан бол энэ жил морьдыг нэг мод барьж байгаад л хэмжиж байгаа. Тэр модыг чинь нэг жоохон л далий баривал морины сэрвээний өндөр өөрчлөгдөнө. Тогтоосон хэмжээнээс нэг л сантиметр илүү гарвал хасагддаг. Хар дагуулж байгаа өөр нэг зүйл нь энэ жилийн улсын их баяр наадмын үеэр хасагдсан морьдын талаарх ямар ч тодорхой мэдээлэл байхгүй. Яагаад хасагдсан, тогтоосон хэмжээнээс хэдэн сантиметр илүү гарсан гээд ямар ч мэдээлэл байхгүй. XXI зуун гарч техник технологи хөгжөөд байхад ямар ч баримтгүйгээр зүгээр үзэмжээрээ морьдыг хаслаа. Үүн дээр л олон хүн эмзэглэж байна. Улсын баяр наадмаа зорин ирсэн уяачдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлсэнд харамсч байна. Хэвлэлийн бага хурал дээр хэлсэнчлэн 400 гаруй өргөдөл ирсэн байгаа.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Содном: Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадам маань их л будилаантай болж, олон хүнийг хохироосон, олон уяачийг гомдоосон, байж боломжгүй үйл ажиллагаа болж өнгөрчээ. Хөдөөний малчин хүний хувьд энэ жил улсын их баяр наадамд оролцоогүй учир нарийн зүйлсийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хувь хүнийхээ талаас, малчин хүнийхээ үүднээс хэлэхэд ийм уралдаан дахиж хэзээ ч зохион байгуулагдах ёсгүй. Төр засгаас баталсан хууль, тогтоомжоо дагаж, дүрэм журмаа ягштал баримтлан уралдаан наадмаа зохион байгуулах хэрэгтэй. Аль аль талдаа буруу байгаа байх л даа. Гэвч Хурдан морины салбар хорооныхонд асар их буруу бий. Тэр хүмүүс ч ажлаа зөв шударга хийх хэрэгтэй, уяачид ч гэсэн ёс зүйтэй байж хурдан морины салбар хорооны хүмүүст мөнгө төгрөг өгч бусдыгаа хорлодог юм бол тэрийгээ болих хэрэгтэй. Ийм жудаггүй, бузар булхай зүйлсээ болиорой л гэж хэлмээр байна.
ММСУХ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай: Монгол улсад жилдээ 200 гаруй мянган морь уралдаж байгаа юм. Социализмын үед 98-100 гаруй мянган морь уралддаг байсан. Харин зах зээлийн нийгэмд шилжээд уралдаан ихэсч, уяачид залуужлаа. 200 гаруй мянган морь гэдэг бол нийт Монгол морьдын 4-5 хувь л гэсэн үг. Уралддаг 200 гаруй мянган морио уяачид “Шинэ монгол” адуу болгож байна. Англи, Араб, Будённый болон цэвэр цусны, цэвэр үүлдрийн адуунуудтай нийлүүлж монгол адуугаа хурдан болгож байгаа юм. Үүнийгээ л “Шинэ монгол” адуу гэж нэрлэдэг. Тэрнээс биш эрлийз гэдэг чинь буруу нэршил. Уяачид өөрсдийнхөө хүслээр, өөрсдийнхөө хөрөнгөөр, өөрсдийнхөө хөдөлмөрөөр бий болгосон адуугаа уяад уралдуулах гээд ирэхээр толгой нь өндөр, сүүл нь шингэн, хөл нь нарийнхан байна гээд хэдэн мэргэжлийн нэрс зүүсэн хорооны хүмүүс хасаад байна. Нэг хэсэг нь хөгжил дэвшил рүү яваад байдаг нөгөө хэсэг нь хойно үлдээд төр засгийн захиргаадалтын аргаараа арагш нь чангаагаад байдаг. Ийм байж болохгүй ээ. Энэ чинь Монголын хурдан морины хөгжлийн ирээдүй. ХХ зууны эхээр монгол адуун дээрээ тулгуурлаад Галшарын хурдан үүлдрийн адууг бий болгосон. Тэр нь одоо бол Монголдоо ууссаар байгаад мэдэгдэхээ больсон. Ул мөр нь Сүхбаатарт байна.
ХХ зууны дундуур Жаргалант адуу гэж гаргасан. Нэг хэсэг их хурдан байсан. Харин XXI зууны эхээр “Шинэ монгол” хэмээх англи болон араб адуутай эрлийзжүүлсэн, цус сайжруулсан адууг гаргаж ирлээ. Энэ бол хөгжил дэвшил үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бол хэний адууг хасуулах вэ? Хэний адууг хасчихвал манай аймгийн, сумын адуунд ашигтай вэ гэсэн ийм ядруухан сэтгэлгээ байна. Хандлага гэдэг чинь орчин цагт чухал шүү. Одоо бол шинэ хандлагаар хандах цаг ирсэн. Хүмүүс монгол адууны ген алдагдана гэж их сүржин юм ярьж байна. Тэвчээртэй, эдэлгээ даадаг, XII-XIII зууны үед Ази, Европыг холбож байсан гайхалтай монгол адууны үр төл өдгөө дөрвөн сая хүрч цэв цэврээрэээ явж байна. Гагцхүү уяачид уралддаг адуугаа л “Шинэ монгол” адуу болгож байгаа. Үүнд буруу байхгүй л дээ.
Дараагийн нэг зүйл нь бүсийн уралдаан гэж бий. Энэ жил цар тахалтай холбогдуулан зохион байгуулах боломжгүй болсон. Хангай, Говь, Зүүн, Баруун, Төв гээд таван бүсийн уралдаан зохион байгуулагддаг. Яагаад энэ бүсийн уралдааныг санаачлан, зохион байгуулах болсон бэ гэвэл улсын их баяр наадам гэгддэг Улаанбаатар хот орчимд явагддаг уралдаан чинь үндэсний хэмжээний томоохон уралдаан биш юм. Хэдхэн аймаг, сумдыг хамарсан уралдаан Хүй долоон худагт болж өнгөрдөг.
Бүсийн уралдаан статусын хувьд улсын их баяр наадамтай адил. Үндэсний хэмжээний томоохон уралдаан зохион байгуулах гээд байгаа нь “Их хурд” уралдаан. Гурван жилдээ нэг удаа “Их хурд” уралдааныг зохион байгуулж аймаг, бүсийн наадамд шалгарсан морьдыг оролцуулдаг. Сүүлийн нэг асуудал нь хүмүүс уяачдыг мориндоо их эм тариа хийж байна гэдэг. 1960-аад онд тэжээлийн морьтой уралдуулахгүй тусад нь уралдуулна гэдэг байлаа. Одоо бол тэр байдал арилсан. 60 жилийн дараа л гэхэд морийг тэжээлээр тэжээхгүй бол ямар ч нэмэргүй гэдгийг ойлгосон. Харин морио тариад байна гэдэг асуудал бас ч нэг үеэ бодвол намжиж байна. 1990-ээд оны сүүлээр 2000-аад оны эхэн үед морио тариад байна гэдэг хэл ам гарсан л даа. Монгол адуу бол бэлчээрийн адуу. Эмнэлэг, эмчийн шаардлага ердөө хэрэггүй. Нян ихтэй ч бэлчээрийн адуу тул дархлаа их сайтай. Монгол адууг их ачааллуулаад, уяад тураагаад, амьсгааг нь задлаад ирэхээр нян бактери нь сэргэдэг. Үүнээсээ болоод өвчинд амархан өртөөд уушги, зүрх, ходоод нь өвддөг. Адууны хамгийн сайн эмчилгээ бол хатгах, утах, төөнөх л байсан. Харин сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Хүмүүсийн дунд морин уралдааныг “Баячуудын тоглоом”, “Мориндоо допинг л шахаж байгаа биз”, “Хүүхэд аллаа” гэх мэт яриа бий. Хэрвээ энэхүү спортыг шүүмжлэх гэж байгаа, гадаадаас хүүхдийн нэр барьж цалинжих гэж байгаа бол эхлээд мөн чанарыг нь олох хэрэгтэй. Өв соёл, үндэсний уламжлалаа орчин цагийн нөхцөлд тохируулж, хөгжүүлэх хэрэгтэй.
Хэрэв та ММСУХ-ны хэвлэлийн бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.
Холбоотой мэдээ