Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутаг, Айрхан нуур гэдэг газар тус аймгийн харьяат 36 настай, эрэгтэй долдугаар сарын 28-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болжээ.
Хутаг-Өндөр сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09.00 цагийн орчимд Айрхан нуурын эргээс хоёр метрийн зайнаас мотоциклыг нь олжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, нуураар 300 метр урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, долдугаар сарын 30-ны өдрийн 06.30 цагт сураггүй болсон иргэний цогцсыг олсон байна. Тодруулбал, алга болсон иргэний цогцос Айрхан нуурын эргээс 200 метрийн зайд нуурын мандалд хөвж байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн нутаг, Шаврын гол хэмээх газарт тус аймгийн харьяат 21 настай, эрэгтэй, 16 настай, эрэгтэй дөрвөн хүний хамт хиймэл нуур сонирхож очоод, осолдсон байна. Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 29-ний 19.10 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км зам туулан 22.20 цагт очиж, 23.50 цагт иргэн Б-гийн цогцсыг, 30-ны 02.28 цагт иргэн Н-ийн цогцсыг тус тус олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ