Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг байсан Шави өнгөрсөн долоо хоногт шинэ коронавирусийн халдвар авснаа зарласан билээ. Өчигдөр /2020.07.29/ түүний дасгалжуулж буй Катарын Аль-Садд багаас ахлах дасгалжуулагчаа бүрэн эдгэрч, багийнхаа бэлтгэлд оролцож байгаа хэмээн мэдээлжээ. Харин Шави өөрийн инстаграм хуудастаа “Сүүлийн өдрүүдэд мессэж илгээсэн бүх хүнд баярлалаа. Би эдгэрсэн гэдгээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм. Би гэртээ, гэр бүлдээ, Аль-Садд багтаа эргэн ирлээ” гэв.
Өдгөө 40 настай Шавигийн хувьд Испанийн шигшээ багтайгаа 2008-2012 оны хооронд Европын аваргаар хоёр удаа, дэлхийн аваргаар нэг удаа шалгарч, Барселона багийнхаа төлөө нийт 767 тоглолтод оролцож, хүртэж болох бүхий л шагналыг хүртсэн нэгэн. Түүнийг Барселона багийн шинэ ахлах дасгалжуулагч болно гэх мэдээлэл гарсан боловч Шави өөрөө энэ бүх яриаг няцааж, одоохондоо том багт дасгалжуулагч хийх хүсэлгүйгээ илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ