Чех улсад сурдаг монгол оюутан эх орныхоо хилийн дээсийг давахын тулд хоёр хоног зурвас дээр хоног төөрүүлэв.
Харийн орноос ирсэн иргэн нь хил дээр гацчихаад байхад хоол голсон тухай хов ярьдаг Улсын Онцгой комисс/УОК/-ынхон үг дуугарсангүй. “Адуу хөлөөр нь ахиж гадаадад гаргахгүй, тамласан байна” гэж хоолой цахиртуулан ярьдаг Ерөнхий сайд ч таг суув. Гадаад орноос иргэдээ яаралтай татан авах үүрэг чиглэл өгч суусан Ерөнхийлөгч ч ам ангайсангүй. Хүний амь хөнөөсөн хэрэгтнүүд дээр хүний эрх ярьдаг улстөрчид ч хөдөлсөнгүй.
Харин охины төлөө санаа зовинож дэлхийн өнцөг булан бүрээс дуу хоолойгоо илэрхийлж, цурам хийлгүй хоносон нь ард түмэн байлаа. Хүний эрхийн манаач нь иргэд болжээ, талархаад баршгүй.
Иргэдийн шахалт шаардлагын хүчээр охин өнөөдөр /2020.07.30/ 09.00 цагийн орчимд хил нэвтэрч Монголдоо хөл тавив.
Гэхдээ тэр “Чехээс ирсэн оюутан байна аа. ОХУ зөвшөөрөөд хилээр гараад ирсэн, Монгол хилээр оруулахгүй буц гээд байх юм. Буцахаар ОХУ оруулахгүй, Монголын хилээр ч оруулахгүй, хоёр хилийн дунд гацчихлаа. Туслаарай” гэж цахим хуудсаараа жиргээгүй бол төр хэр удаан хатуурхах байсныг хэлэхэд бэрхтэй.
Хүүхдээ, төрөл саднаа гадаад орноос татан авахын тулд тусгай үүргийн нислэгийн хуваарь яаралтай гаргаж, МИАТ-ийн онгоцыг хөөргөдөг хэрнээ ядарсан ардын хүүхэд нь ачааны машинд дайгдан, 25 хоног 8000 орчим км зам туулан ирэхэд хилээ нээхгүй, буц гэсэн шаардлага тавьж буй нь төр ямар харгис болж буйн илрэл юм.
Түүнийг урьдчилан мэдэгдээгүй, гэнэт хилээр орж ирсэн зэргээр буруутгаж байна. Буруутай байж болно. Гэхдээ урт зам туулахын өмнө тэрбээр Монгол Улсаас Чех улсад суух Элчин сайдын яамнаас зөвшөөрөл хүсэхэд "Шаардлагагүй, бичиг баримтаа үзүүлэхэд хил нэвтрүүлнэ" гэдэг хариу өгсөн байдаг. Харин зүтгээд ирсэн хойно хил нэвтрүүлэх боломжгүй шалтгаанаа албаныхан "УОК, Чех дэх Элчин сайдын яамнаас зөвшөөрөл аваагүй" гэж тайлбарлаж… Учир байдлаа хэлээд орж ирэхэд хоёр хоног хил дээр хонуулдаг нь яаж байгаа юм бэ.
Хэрэв хилийн гадна мал гарсан байсан бол хилчид араас нь элдээд пижигнэтэл туугаад оруулаад ирсэн дээ. Харин хүн болохоор дайсан мэт л үзэв.
УИХ-аар цар тахлын үед ашиглах хуулийг өнгөрсөн өвөл баталсан. Уг хуулиар бол УОК бүхний дарга болсон. Бүхний дарга Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай ярилцаад асуудлыг шийдэхэд хоёр хоног шаардлагатай байсан юм гэж үү.
Хэрэв охин хууль зөрчсөн бол хариуцлага яригдана гэдгийг сануулаад, яаралтай татан авах арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой байсан биш үү, мөн энэ тухай нь олон нийтэд мэдээлээд дараагийн хүмүүс ийм арга замаар эрсдэлтэй алхам хийж болохгүй. Ийм зохицуулалт хийж, хил нэвтрүүллээ гэдэг сэрэмжлүүлгийг өгөх ёстой биш үү.
Тусгаарлалтын байранд байгаа иргэд архи уусан, хоол голсон, онгоцоор ирэхдээ лоозон гаргасан тухай матаасаас илүү энэ охин дээр тохиолдсон шиг кейс дахин гаргахгүйн төлөө төр ажиллах ёстой.
Хилийн хорио тогтоосноос хойш долоон сар өнгөрөхөд урилгагүй ирсэн иргэнээ угтаад авах менежментгүй сууж байна гэдэг УОК гэнэтийн зүйлд бэлтгэлгүйг л харуулж буй.
Эрүүл мэндийн салбар, Мэргэжлийн хяналтын газрынхан дэглэм сайн сахиулж ажиллаж буй тулдаа Covid-19 цар тахлыг дотоодод алдаагүй, гамшиг хөнөөл нь гайгүй өнгөрч байгаа болохоос биш алдсан тохиолдолд УОК-т буутай цэрэг байр, хашааны гадаа зогсоохоос өөр тактик бий гэж үү.
Одоо УОК шүүмжлэл хүлээж ав, үнэнийг нь хэлэхээр дарамт шахалтаар ажил хийхгүй гэж ард иргэдэд ялархдагаа боль. Монгол хүн бүр эх орондоо ирэх эрхтэй.
Гадаад паспортын нэгдүгээр хуудаст “Энэхүү паспортыг эзэмшигч Монгол Улсын иргэнийг ямар нэгэн саадгүйгээр чөлөөтэй нэвтрүүлж, шаардлагатай үед түүнийг хамгаалан бүх талын туслалцаа үзүүлэхийг холбогдох эрхэм этгээдээс Монгол Улсын Гадаад хэргийн сайд хичээнгүйлэн хүсч байна” гэсэн өгүүлбэр бий шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ