Амьдралд хөл тавьж буй хоёр залууд орон сууцны батламж гардууллаа | News.MN

Амьдралд хөл тавьж буй хоёр залууд орон сууцны батламж гардууллаа

Амьдралд хөл тавьж буй хоёр залууд орон сууцны батламж гардууллаа

Амьдралд хөл тавьж буй хоёр залууд орон сууцны батламж гардууллаа

Нийслэлийн орон сууцны корпорациас өнөөдөр /2020.07.30/ Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвөөс 18 нас хүрч, амьдралд хөл тавьж байгаа хоёр залууд түрээсийн орон сууцанд орох батламж гардууллаа.

Б.Батдорж “Энэ сайхан боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа. Би энэ баярт мэдээг сонсоод маш их баярласан. Цаашдаа улам хичээж, өөрийн орон сууцтай болох болно” гэсэн юм.

Харин Л.Төрболд “Бид хоёрт урам зориг өгч, дэмжиж буй хүмүүстээ маш их баярлаж байна. Өөрийн орон сууцтай болохын төлөө хичээж амьдрахыг хүсч байна” хэмээн баярласан сэтгэгдлээсээ хуваалцав.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн 21 байгууллага байдаг. Эдгээр байгууллагын 31 төв ажиллаж, 1069 хүүхэд хүмүүжиж байна. Тэр дунд 15-18 насны хүүхдүүд 25 хувийг эзэлдэг байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үг хэлэхдээ “Засгийн газраас 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нийслэлийн орон сууцны корпорациас орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд цар тахлын нөхцөл байдалд ажиллаж буй 1000 гаруй тусгай албан хаагч болон эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан. Улаанбаатар хотын айл өрхийн 60 гаруй хувь нь дэд бүтэц хязгаарлагдмал бүсэд амьдарч байна. Тийм учраас иргэд амьдрах орчноо сайжруулах асуудлыг ихэд тавьж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 70 орчим хувь нь 40 хүртэлх насныхан байдаг. Тэгэхээр залуу гэр бүл, залуусын асуудал ихээр орхигдсон байдаг нь судалгаанаас харагддаг. Тиймээс энэ хөтөлбөрийг зохион байгуулахад түүчээ болж ажиллана. Цаашдаа энэ хоёр залуудаа орон сууцаа түрээслээд өмчөх боломж олгоно” гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Өнөөдөр 18 нас хүрсэн Л.Төрболд, Б.Батдорж гэх хоёр залууд түрээсийн орон сууцанд орох батламж гардуулж, ажлын байраар хангах болсонд талархаж байна. Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. Эдгээрийн тал нь Улаанбаатар хотод төвлөрсөн бөгөөд үүний 45 хувь нь 18 ба түүнээс доош насны хүүхдүүд байсан. Тиймээс салбар яамны зүгээс халамжаас хөдөлмөр рүү залуусыг шинэ боломжоор хангаж ажиллах ёстой" гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-30 59.153.113.116

Яамай даа. Ядарсан залууст орон сууц олгож, ажлын байраар хангаж
байгаа нь нүдээ олсон арга хэмжээ болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж