АНУ-ын засаг захиргаа Герман улс дахь цэргээ 12 мянгаар цөөлөх шийдвэр гаргасныг Батлан хамгаалах яам буюу Пентагоны тэргүүн Марк Эспер өчигдөр /2020.07.29/ танилцуулжээ.
Тэдгээр цэргүүдийн 6400 нь эх орондоо эргэн ирэх бол үлдсэн цэргүүд Бельги, Итали зэрэг NATO-гийн бусад гишүүн орнуудад шилжин байрлахаар болсон байна. Германаас цэргээ татах ажиллагаа сарын дотор хэрэгжих ба энэ ажилд ихээхэн зарлага гаргаж байгаа аж.
Энэхүү шийдвэр нь удаан хугацааны өмнөөс төлөвлөгдсөн ажил бөгөөд улс төрийн ямар нэгэн шинж чанаргүй, ялангуяа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцаанаас болоогүйг албаны хүмүүс онцолжээ. Ингэж Германаас цэргээ татсанаар NATO-гийн хүчин чадал нэмэгдэж, Оросын түрэмгийллээс Европыг хамгаалах чадвар нь сайжирна гэж үзсэн байна.
Гэтэл Ерөнхийлөгч Трамп Герман улс АНУ-ын цэргүүдээр хамгаалуулсныхаа төлөө хангалттай мөнгө төлөхгүй байгаа учир ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгджээ. Ажиглагч, шинжээч нар ч АНУ-ын уг үйлдлийг Германы канцлер, Дональд Трамп нарын санал зөрөлдөөнөөс үүссэн гэж үзэж байна. Мөн уг шийдвэр нь NATO-д Германаас ч бага мөнгө төлдөг бусад Европын орнуудад дарамт болж, цаашлаад тус байгууллагын эв нэгдэлд ч хор хөнөөл учруулж мэднэ гэж судлаачид үзжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ