“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Сүүлийн үед хийж байгаа ажлуудаас ярилцлагаа эхэлье. Шинэ нөхцөл байдалд хэрхэн зохицож ажиллаж байна даа?
-Та ковидын үетэй холбогдуулан асууж байх шиг байна л даа. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор бараг өдөр болгон цахим сургалт, уулзалтуудтай байна. Олон улсын хурлууд маань ч онлайн хэлбэрт шилжсэн. Өнгөрсөн 7 хоногт Олон улсын Хүний папиллома вирусын нийгэмлэгийн хуралд илтгэл тавьж оролцлоо. Австралийн эрдэмтдийн багтай хамтарсан умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирусийн вакцины үр дүнг дагаж судалсан судалгаа маань илтгэл тавих хэмжээнд шалгарч, үр дүнгээ танилцууллаа. Сүүлийн жилүүдэд вакцины хангамж, хүртээмж бага байгаа учраас нэг тун вакцин умайн хүзүүний хавдраас сэргийлэх хавдар үүсгэдэг зарим хэв шинжийн папиллома вирусээс 90% хамгаалж байна гэсэн үр дүн гарснаараа дэлхийн шинжлэх ухаанд тодорхой үр дүнгээ өгсөн нотолгоо болж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн хүүхдийн хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний ажлыг Эрүүл мэндийн сайдын удирдамжийн дагуу холбогдох байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хийж байна. Евроазийн хүүхдийн хавдрын нийгэмлэг, Америкийн эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
-Коронавирусийн халдварын хөл хорионы асуудал нийгмийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа бол?
-Хүмүүс мэдээллийг мэдлэг болгож ашиглахын оронд айдас түгшүүр стресст автах, түүнийгээ даван туулах гэж маш их энерги зарцуулах зэрэг хандлага анзаарагдаж байна. Коронавирусын цар тахал цаашид үргэлжлэх нь тодорхой тул биднийг олон асуудлыг өөр өөр талаас нь харах, нөхцөл байдалтай дасан зохицож үйл ажиллагаагаа явуулах шаардлагатайг улам бүр харуулж байна. Зөвхөн архаг өвчнүүд, тэр дундаа хорт хавдар дээр л ярихад цар тахлын үе гээд хийсээд алга болчихгүй нь мэдээж шүү дээ.
Бид өнгөрсөн сард ковидын үеийн онцгой байдлын нөхцөл манай оронд хавдартай өвчтөн, ар гэрийнхэнд хэрхэн нөлөөлж буйг судалсан. Хэдийгээр бусад орон шиг чанга хязгаарлалт манай оронд байгаагүй ч, 3 хүн тутмын нэгд сэтгэл санааны байдалд нөлөө үзүүлсэн, 6 хүний нэгд эмчилгээнд нөлөө үзүүлсэн байсан. Эмчийн үзлэг, химийн эмчилгээний цаг хойшлогдох, эм тариа тасалдах, орон нутагт эм тариа тасалдсаны улмаас хот руу ирэх шаардлагатай болох зэрэг чирэгдэлтэй асуудлууд гарч байсан. Эдгээр нь бага гэлтгүй тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх асуудал. Зөвхөн коронавирусын асуудлыг дангаар нь бус, бусад өвчний эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэлтийн асуудлуудыг орхигдуулахгүйгээр давхар анхаарах нь чухал байгаа. Өөрөөр хэлвэл, коронавирусээс иргэд олон нийтээ хамгаалахаас гадна, нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн эрүүл мэндэд учирч болох сөрөг үр дагавруудыг давхар тооцоолж ажиллах шаардлага гарч байна гэсэн үг л дээ.
-“Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ыг монголчууд маань аль хэдийнэ мэддэг болсон. Тухайлбал, таны санаачилж хийж хэрэгжүүлсэн “Дарь эхийн өргөө төв” байна. Коронавирусийн халдварын хөл хорионы асуудал танай үйл ажиллагаанд хир нөлөөлж байна вэ?
-Манай хөдөө орон нутгаас хотод ирсэн өвчтөн, ар гэрийнхэнийг түр байрлуулдаг “Дарь эхийн өргөө төв”-ийн маань үйл ажиллагаа хэсэг хугацаанд онцгой байдлын улмаас түр хаагдсан, одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж, өвчтөнүүдээ хүлээн авч байна. Мэдээж хаагдах хугацаанд байрны халаалт, тог цахилгаанаас эхлээд санхүүгийн бэрхшээл мундахгүй. Гэхдээ хамгийн хэцүү нь хавдрын өвчнөө даван туулах гэж шаналж зовж яваа хөдөө орон нутгийн иргэд, тэдний ар гэрийнхэн хаана яажшуухан яваа бол? Коронавирусийн халдварын хязгаарлалтын үед айл хунар ах дүүгийнхээрээ тав тухтай байж чадаж байгаа болов уу гээд олон л зүйл бодогддог юм байна лээ. Энэхүү бэрхшээлтэй үеэр нэг нөхөр ирээд бүр төлбөрөө төлөөгүй гээд халаалтыг маань тасалчихаад явсан гээд бод доо. Өвчтөн байрлуулах төв гэдэг статус шинэ учраас бид эрүүл мэндийн байгууллага, халамжийн байгууллагын аль ч ангилалд орохгүй, манай төвд бүр дэн буудлын зөвшөөрөл өгсөн. Өнгөрсөн жил зөвшөөрөл авах гэж 8 сар, энэ жил зөвшөөрлөө сунгуулах гэж төрийн байгууллагуудын шат шатны хүнд суртлыг давахад 3 сар зарцуулсан даа.
-Тийм үү? Танай хамт олон чинь нийгэмдээ гэрэл асаах гэж зүтгэж яваа хүмүүс биз дээ. Үнэхээр харамсалтай байна. Тэгэхэд та тэр хүнд юу гэж хэлсэн бэ?
-Тэр хүн яах вэ ажлаа л хийж явсан биз. Ер нь тэгээд гэрэл асаадаг байх уу, унтраадаг байх уу гэдэг нь хувь хүний, бас бидний нийгмийн сонголт л биз дээ. “Дарь эхийн өргөө төв”-д маань дарь эх бурхан залагдсан байдаг. Дарь эх харанхуйгаас айхгүй шүү дээ. Түүнтэй ижил нийгмийн эрүүл мэндийн төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа бол бэрхшээлийг даван туулах дархлаатай л байхаас өөр аргагүй. Одоо үйл ажиллагаа маань жигдэрч, өвчтөнүүд, ар гэрийнхэн тасралтгүй ирж, заримдаа ор хүрэлцэхгүй хүртэл болж байна. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч, бид үнээ нэмэлгүйгээр нэг хүнийг хоногт 5,000-аас 10,000 төгрөгөөр байрлуулсан хэвээрээ л байна. Өнгөрсөн жил 1000 гаруй, энэ онд 300 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг байрлуулсан байна. Мэдээж бидэнд хамгийн тулгамдсан асуудлууд, урсгал зардал байдаг. Энэ жил Австралийн ЭСЯ, Австралийн худалдааны газар, "Сандвик Монголиа" зэрэг байгууллага зарим урсгал зардлуудыг маань шийдэж өгч бидэнд маш их дэмжлэг үзүүлсэнд талархалтай байгаа.
-Цаашид хавдрын хяналтын асуудлыг хэрхэх шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Дэлхий нийтэд covid-19-ын хөл хорио, хязгаарлалтын улмаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгүүд хойшилсонтой холбоотойгоор хэсэг хугацааны дараа хавдрын тохиолдол, нас баралт нэмэгдэнэ гэсэн тооцооллууд байгаа юм. Дийлэнхдээ хожуу шатанд хавдар илэрч байгаа манай орны хувьд, энэ асуудлыг анхаарч эрт илрүүлэг үзлэг, хүн амын боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. Түүнчлэн нөхцөл байдалтайгаа уялдуулан төвлөрлийг сааруулах үүднээс хөдөө орон нутаг, дүүргүүдийн эмчилгээний чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм. Зөвхөн хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх гэж хот руу ирэхэд л өвчтөнүүдэд маш их чирэгдэл учирч байна. Энэ мэт амаргүй нөхцөл байдлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлага улам бүр тулгарч байгаа.
Д.ОЮУ