-Анх Монголд ирсэн сэтгэгдэлээ хуваалцаач?
-Танай оронд ирээд сэтгэгдэл их өндөр байна. Монголын тухай судалгаа шинжилгээ хийж, хүмүүнлэгийн сургуультай холбоотой байсан болохоор цоо шинэ улс шиг санагдахгүй байна.
-Та Монгол Солонгосын хамтын ажиллагааны форумыг үндэслэгчдийн нэг. Энэ жил хоёр дахь уулзалтаа танай улсад хийсэн. Үр дүн нь ямар байна вэ?
-Энэ уулзалт, форумд манай улс ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ жил манай Үндэсний ассамблейн дарга тусгайлан хүлээн авч уулзсан. Энэ жилийн форум дээр хотын хөгжил, бизнес, уул уурхайн сэдэв голчлон яригдаж байсан. Тэглээ гээд бид хэт албаны уулзалтыг хийгээгүй. Илүү нөхөрсөг, чөлөөт хэлбэрээр ярилцсан. Ярилцсан асуудлаа ирэх жилийн уулзалт хүртэл анхаарч, боловсронгуй болгох талаар хоёр тал сайн анхаарч ажиллахаар болсон юм. Ер нь энэ уулзалтад хоёр орны хөгжил, хамтын ажиллагааг сайжруулахад чухал нөлөөтэй уулзалт л даа.
-Азийн ирээдүй хэр зэрэг гэрэл гэгээтэй байна вэ?
-Одоо бол Япон, Хятад хоёр азийн лидер улсууд болоод байна. Цаашдаа Оросын эдийн засгийн хөгжлийн нөлөөгөөр Монгол энэ эгнээнд бичигдэх боломж байгаа. Одоогийн байдлаар монголын эдийн засаг удаашралтай ч, алхам алхамаар урагшилж байна. Арван жилийн өмнөхийг бодвол танай улс тодорхой хэмжээний өндөрлөгт хүрчээ. Энэ хөгжил дээр зөв бодлого л хэрэгтэй. Ямар ч улс тодорхой нэг хөгжилд хүрэхийн тулд илбийн юм шиг хүрчихдэггүй. Ухаалаг бодлогын үр дүнд хүрдэг. Хөгжлийг хурдасгах гэдэг нь замаа л хурдан туулах гэсэн санаа. Ер нь ямар арга хэрэглэж эдийн засгийн хөгжлөө хурдасгах вэ, яавал өндөр хөгжилтэй улс болох вэ, гэдэг аргачлалыг л энэ номонд харуулсан байгаа.
-Өрнийн эрдэмтэд аливаа улс орны хөгжлийг хүндээ байдаг гэж үздэг. Ер нь дэлхий нийт ийм үзлээр л хөгжиж байна. Энэ номонд хүний хөгжлийн талаар хэр зэрэг тусгасан бэ?
-Монгол бол олон талаараа онцлогтой орон. Мал аж ахуй, ардын уламжлал зэрэг үндэсний онцлог дээрээ тулгуурлан хүнээ хөгжүүлэх ёстой. Энэ талаар бичсэн номондоо тодорхой өгүүлсэн.
-Солонгос ч гэсэн хөгжлийнхөө эхэн үедээ Монгол шиг л байсан. Танай улсын хөгжсөн аргыг Монгол улсад хэрэглэвэл яах вэ?
-Дэлхий нийт Солонгосын хөгжлийн талаар сонирхож байдаг. Солонгос улс анх хөгжлийнхөө загварыг Япон улсаас авсан юм. Яагаад авсан юм бэ гэхээр Япон, Солонгос улс хоёр цаг уур, газар нутаг, соёлоороо ихээхэн төсөөтэй байсан. Тийм учраас л хөгжлийнхөө загвараа сонгосон хэрэг. Анх үүнийг сонгож байхад дэмжихгүй байсан хүмүүс бий. Тэр бүгдийг ажил хэрэг болгосон учраас л бүх Солонгосчууд одоо зөв гэдгийг нь ойлгосон. Солонгос, Монгол хоёр улсад ч гэсэн ижил төстэй зүйлсүүд бий. Ижил төстэй зүйлийг нь шууд хэрэглэж, соёлоороо, газар нутгаараа зөрж байгаа зүйлсүүдийг нь Монголын нөхцөлд тохируулаад хөгжүүлэх нь илүү чухал. Энэ бүх зүйлсийг л зөв хийж чадах юм бол танай улсыг Солонгос шиг, магадгүй Солонгосоос илүү хөгжил хүлээж байгаа.
-Улсын хөгжилд төрийн оролцоо ямар байвал зохих вэ?
-Ер нь Солонгос улс яаж хөгжсөн бэ гэхээр боловсролоороо л хөгжсөн. Нэг ёсондоо төр боловсролын салбарыг дэмжсэн гэсэн үг л дээ. Солонгос улс хүн ам ихтэй байсан. Солонгос хөгжлийнхөө эхэн үед тэр их хүнийг ажлын байраар хангаж чадаагүй. Тийм учраас олон хүн Араб ч юм уу, гадагшаа гарч хөдөлмөр эрхэлдэг байлаа. Бараг нэг, хоёр сая хүн гарсан байх шүү. Тэр үед Солонгосын төр, засгийн газар гадагшаа гарч ажиллаж, сурч, амьдрах боломжоор нь л хангасан юм. Хэдэн жилийн дараа нөгөө ажилласан хүмүүс чинь ирээд улсаа хөгжүүлээд эхэлсэн. Ер нь гадагшаа ажиллахаар ч бай, сурахаар ч бай явж байгаа хүмүүсийг хориглоод, буруушаагаад байх нь буруу аль болох тэднийг дэмжих ёстой. Биднээс илүү хөгжилтэй улс руу явлаа гэхэд тэр улсын шинэ содон бүх зүйлийг тээгээд л хүрээд ирнэ. Дараа нь эх нутагтаа хүрч ирээд түүнийгээ хэрэгжүүлнэ шүү дээ. Одоо ч гэсэн гадаадад сурах, ажиллах хүмүүст бид янз бүрийн буруу өгдөггүй. Боломжийг нь хангаж өгдөг. Монголд ч гэсэн одоо яг энэ дүр зураг ажиглагдаж байна. Манай улсад танай улсын иргэд цөөнгүй. Яг үнэндээ тэдний буруу гэж байхгүй шүү дээ. Хэдхэн жилийн дараа тэд эх нутагтаа очоод улсаа хөгжүүлэх болно. Танай засгийн газар ч гэсэн үүнийг дэмжиж байгаа. Харин илүү боловсронгуй болгох нь чухал байна.
-Солонгос улс жижиг дунд үйлдвэрээ яаж хөгжүүлсэн бэ?
-Солонгос улс жижиг дунд үйлдвэрийн зээл дээр маш их анхаарал хандуулж байсан. Одоо хүртэл хөгжүүлчих гээд л явж байгаа. Зээлийг энд сайн анхаарах ёстой. Солонгост зээл олгохдоо газар, тухайн үйлдвэрийн өөрийн капиталыг барьцаалж л зээл олгодог байсан. Энд анхаарах маш том юм бий. Энэ бол итгэлцэл. Аливаа бизнес тэр ч байтугай улсын хөгжил ч ялгаагүй итгэлцэл гээч юман дээр л тогтдог. Монгол Улсад одоогоор бүс нутгийн худалдаа эрхэлдэг ямар ч үйлдвэр байхгүй байна. Бүс нутгийн худалдаа эрхэлдэг компани дор хаяж нэг л байх юм бол болно л доо. Гэхдээ улс орныг том хэдхэн компани бус жижиг олон компани хөгжүүлдэг. Тэд зээл болон татварын ээлтэй орчинд өсч, ургадаг. Яг л ургамалтай адил. Тэр хөрсийг одоо бүрдүүлэх хэрэгтэй байна. Танай Засгийн газар зээл дээр л анхаарлаа хандуулах ёстой. Мөн шаардлагатай боловсон хүчин, мэргэжлийн сайн техник технологи гээд тусалж болох юу байна туслах л ёстой.
-Солонгосын татварын систем ямар вэ?
-Анх үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа үйлдвэрийн татварыг 100 хувь чөлөөлөх ёстой. Тэгээд дунд хэмжээний үйлдвэр болсоных нь дараа 50 хувийн татвар, бүх татвараа төлөх чадалтай болоод ирсэн үед нь татвараа авдаг байх нь зөв л дөө. Ер нь үйлдвэрийн хөгжилтэй уялдуулаад татвар нь хамт өсдөг байх учиртай. Татварыг танай улс дарамт, шахалт гэж хараад байх юм. Уг нь татвар гэдэг тусламж байх учиртай юм л даа. Танай улсын эдийн засаг одоо хөгжлийнхөө зам дээр ирчихээд байна. Энэ үед л татварын уян хатан бодлого хэрэгтэй. Хэдхэн жилийн дараа арай өөр болох байх гэж би найдаж байна.
-Монгол Солонгос хоёр улсын харилцаа ямар байгаа гэж боддог вэ?
-Манай хоёр орон 1990 оноос хойш сайн харилцаатай болж байгаа. Хоёр улсын ажиллах хүч солилцоо, соёл, спортын хамтын ажиллагаа гэх зэрэг. Солонгост танай зарим компани, танайд манай зарим компани үйл ажиллагаагаа явуулж байна гэдэг харилцаа сайн байгаагийн л шинж. Харилцаа сайн байна гээд орхичихож огт болохгүй. Цаашдаа илүү боловсронгуй болгож хөгжүүлэх хэрэгтэй. Ямар ч харилцаатай байсан дунд нь хөгжил явагдаж байдаг.
-Азид Хятад гэж айхтар гүрэн бий. Энэ улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил бусад улс орнуудыг хөгжүүлэхгүй байх юм биш үү?
-Энэ зүйлийг бид эсрэгээр нь боломж гэж харах ёстой. Хятадын эдийн засгийн хөгжлийн үсрэнгүй хөгжил үнэн хэрэгтээ Хятадад ч тэр, Азид ч тэр асар их боломжийг авчирсан юм. Яагаад гэвэл Хятад гэгч асар том эдийн засаг манай тивд байна шүү дээ. Энэ чинь л том давуу тал. Харин хэрхэн, яаж гаргах вэ гэдэг бол ухаалаг төрийн л асуудал.
-Таны бичсэн номын талаар асуухгүй байж чадахгүй нь. Санаагаа хэрхэн олж, юуг багтаахыг зорьсон бэ?
-Монгол Солонгосын хамтын ажиллагааны форумын үеэр ийм ном хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн. Тэгээд Солонгос болоод Монголын эрдэмтдийн бүтээлийг эмхэтгэж энэ номыг хийсэн юм. Гэхдээ энэ ном эдийн засгийн хүнд хэллэг огт агуулаагүй. Танай орны зарим их дээд сургуулийн багш нартай хамтарч ажилласан. Тийм болохоор сайн ном болсон гэж найдаж байгаа.
Б. Болорсүх