Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр/2020.07.29/ хянан хэлэлцээд, гэм буруутайд тооцож, тус бүр хоёр жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/-д зааснаар 2 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсан байна.
Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шүүсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ