Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас 300 гаруй монгол иргэнийг Алтанбулагийн боомтоор Монголд авчирсан. Тэднийг тусгаарлаж, коронавирусийн халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-д эмчилж, зарим нь эдгэрч дараагийн хяналтад шилжээд буй.
ОХУ-д суралцдаг нэгэн оюутан (нэрээ нууцлахыг хүссэн) бидэнтэй холбогдож, халдвар авсан иргэдийг хэрхэн эмчилж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Түүний яриаг хүргэе.
-ОХУ-аас ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Таны биеийн байдал ямар байна вэ?
-Бие маань эдгэж, ХӨСҮТ-ээс гараад, дараагийн шат болох сувилалд тусгаарлагдаж байна.
-ОХУ-аас ирсэн оюутнууд халдвар авсан гэдэг мэдээг дуулаад олон нийт шүүмжилж, буруушааж байсан. Тэнд хэрхэн халдвараас урьдчилан сэргийлж, дэглэм сахиж байсан бэ?
-Миний бие ОХУ-д дөрөвдүгээр сараас хойш дотуур байрандаа өөрийгөө тусгаарлаж байсан. Энэ хугацаандаа долоо хоногт нэг удаа хүнсний дэлгүүр орж, хүнсээ цуглуулж байсан. Дэлгүүр орохдоо тогтмол нэг удаагийн бээлий, нэг удаагийн амны хаалт зүүж, гар ариутгагчаар тогтмол гараа ариутгадаг байсан. Мөн шөл устай хоол сайн идэж, аль болох дархлаагаа дэмжихийг хичээсэн. Амны хаалт, бээлий олдохгүй хэцүү байсан үед “Бидний цөөхөн монголчууд” төслийн удирдагч М.Зоригт амны хаалт, бээлий тараасанд их баярласан.
-Анх халдвар авснаа хэрхэн мэдсэн бэ. Сэтгэл зүйн хувьд цочролд орсон байх?
-Дөрөвдүгээр сарын сүүлчээр манай дотуур байранд өвчин гарсан. Би байрандаа хоёр долоо хоног карантинд суусан. Хил давсан даруйдаа үүнийг Онцгой байдлын мэдүүлэгтээ хэлээд хилээс шууд ХӨСҮТ-д очиж тусгаарлагдсан.
Шинжилгээ өгөхөд надаас вирус илэрсэн байсан. Цочролд орохоосоо илүү замдаа хүнд халдвар тараасан байх вий гэж их айсан.
-Халдвар авсан иргэдийн хувьд харилцан адилгүй хугацаанд эмчилгээ хийлгэж, эдгэж байна. Таны хувьд хэд хоног ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж эдгэв? Залуу хүний дархлаа сайн байдаг учраас арай хөнгөн тусч байна гэж хүмүүс ярьж байна?
-Миний хувьд шинэ коронавирусийн халдвар хөнгөн тусч, ХӨСҮТ-д 40 гаруй хоног хэвтэж эмчлүүлсэн.
-Коронавирусийн ямар шинж тэмдэг хэрхэн илрэв. Ханиаднаас ялгагдах шинж тэмдэг нь юу байсан бол?
-Хамгийн эхэнд үнэрлэх мэдрэмжээ алдсан. Тэгээд бага багаар амтлах мэдрэмж алдагдаж эхэлсэн. Амьсгаа жаахан хүндэрч, хоолой хүндүүрлэснээс өөр зовиур мэдрэгдээгүй. Ханиаднаас ялгаатай нь их сульдаж, удаан эдгэж байсан. Эдгэсний дараа ч дархлаа маш удаан сэргэдэг.
-Монголын эмч нар халдвар авсан иргэдийг шуурхай оношилж, эмчлэн эмнэлгээс гаргаж байна. Гэсэн хэдий ч эдгэсэн хүмүүсийн давтан шинжилгээ эерэг гарч байна гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн?
-Эмнэлгээс гарсан хүмүүс дараагийн шатны сувилалдаа очоод, дахин вирус илэрч байна. Илэрсэн хүмүүсийг карантинд байлгах тогтсон хугацааг нь сунган, буцаж шинжилгээг сөрөг болтол нь байлгаж байгаа гэж сонссон. Одоо миний тусгаарлагдаж буй сувилалд ХӨСҮТ-д эмчлүүлж, эдгэсэн хоёр хүнээс давтан шинжилгээгээр дахин вирус илрээд байна.
Миний таньдаг хүн эмнэлгээс зургадугаар сарын сүүлчээр гараад одоог хүртэл сувилалд тусгаарлагдаж байна.
-ДЭМБ-аас өгсөн ширхэг нь 50 ам.долларын үнэтэй эмийг өдөрт нэг өгч байгаагаас өөр эмчилгээ хийгээгүй гэх юм. Энэ үнэн үү?
-Тэр эмийг эхний 10 хоног хоёр ширхэгээр, өдрийн гурваар ууж байсан. Хавсарган вирусийн эсрэг дархлаа дэмжих эм, харшлын эм, хоолой зайлах повдиний уусмал, хамрын цацлага өгсөн. Дараагаар нь ойролцоогоор долоо хоног аскуратиний хүчил, вирусийн эсрэг дархлаа дэмжих эм өгч, тан уулгаж эхэлсэн.
Гэвч надад харшил өгөөд байсан болохоор би уухаа больсон. Гарах хүртлээ С витамин ууж, содатай усаар хамар, амаа тогтмол зайлж байсан. Биднээс гурав хоноод нэг шинжилгээ авч, шинжилгээний хариуг огт хэлдэггүй байсан. Эмч нараас шалтгааныг нь асуутал “Өмнө нь эмчлүүлж байсан хүн шинжилгээний хариугаа мэдээд асуудал гаргаж байсан” гэж хэлсэн.
-ХӨСҮТ-д халдвар авсан хүнийг ганцааранг нь тусгаарлаж, эмчилж байгаа юу. Эмч, ажилчид халдваргүйжүүлэлт, хамгаалалтын дэглэм хэр сахиж байна вэ?
-Би ХӨСҮТ-д байхдаа өрөөндөө гурвуулаа эмчлүүлсэн. Тасагт хэвтэж байсан хүн цөөрөх бүрт тасаг сольж байсан. Асрагч, сувилагч нартайгаа шилний наана цаанаас харьцана. Өрөө рүү эмч үзлэг хийх, эсвэл асрагч, сувилагч нар өрөө цэвэрлэх, шинжилгээ авахаас бусдаар орж ирдэггүй. Мэдээж эмч нар өрөөнд хамгаалалтын хувцастай орж ирдэг.
Эмч, сувилагч, асрагч нар бидний байсан тасагт хамтдаа байдаг байсан. Бидэнтэй шууд харилцаанд ордоггүй, тулж харьцах үедээ заавал хамгаалалтын хувцас өмсдөг. Эмч, ажилчид маань 14 хоног ээлжинд гараад, 14 хоног карантинд суугаад, гэртээ харьж, нэг хоног амарчихаад, буцаад ажилдаа ордог.
Холбоотой мэдээ