Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.29/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн 11 дэх өдөр Хакүхо Даваажаргал Дайейшотай тааран барилдсан бол озэки Асанояама Кагаяакитай учраа таарав.
Ёкозүна Хакүхо нагоя башёгийн 11 дэх өдөр комүсүби Дайейшотай тааран барилдсан ч ялагдал хүлээлээ. Ийнхүү нэг ч унаагүй байсан Хакүхо Даваажаргал нагоя башёгийн 11 дэх анхны ялагдлаа амсч, 10 даваа, нэг унаатай болсон бол Дайейшо долоон даваа, дөрвөн унаатай боллоо.
Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй озэки Асанояама башёгийн 11 дэх өдөр маэгашира Кагаяакитай тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр Асанояама энэ жилийн нагоя башёг 10 даваа, нэг унаатай үргэлжлүүлж байна.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр Точиношинтой тааран барилдаж, улмаар өрсөлдөгчөө давснаар 10 даваа, нэг унаатай болж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил Котошохотой тааран барилдаж ээлжит ялалтаа авснаар найман даваа, гурван унаатай болж, качикоши хийлээ. Кирибаяама Лхагвасүрэн Эндотой тааран барилдаж ялагдал хүлээлээ. Кирибаяама нагоя башёг дөрвөн даваа, долоон унаатай үргэлжлүүлж байна.
Хакүхо Даваажаргал, Асанояама, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар 10 даваа, нэг унаатай нагоя башёг тэргүүлж байна.
Холбоотой мэдээ