Тэмээн хяруулуудын холбоо буюу цар тахлыг үл ойшоогчид

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Тэмээн хяруулуудын холбоо буюу цар тахлыг үл ойшоогчид

Тэмээн хяруулуудын холбоо буюу цар тахлыг үл ойшоогчид

Дэлхий нийтээрээ том, жижиггүй бүхий л улс орнууд коронавирус хэмээх аймшигт цар тахлын эсрэг өөр өөрсдийн чадах чинээгээр тэмцэж байхад эдгээр дөрвөн улсын удирдагч нар бүхнийг өөрсдийн мухар сүсэг, хэнэггүй занд найдан харж суусан юм.

Тэд бол Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаро, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Туркменистаны автократ удирдагч Гурбангулы Бердымухамедов, Никарагуа улсын дарангуйлагч удирдагч Даниель Ортега, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар билээ. Эдгээр удирдагч нар бүгд цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авахаас хойш сууж байсан юм.

Бразилын Сан Паулу хотын “Fundação Getúlio Vargas” хүрээлэнгийн олон улсын харилцааны профессор Оливер Стюенкэл тэднийг "Тэмээн хяруулуудын холбоо" хэмээн ёгтлон нэрлэжээ. Учир нь тэмээн хяруул гэгч нисч чаддаггүй, дэлхийн хамгийн том шувуу ч аюул нүүрлэн ирэхэд толгойгоо элсэнд булдаг гэх домог яриа байдаг аж. Тэдний энэ хэнэггүй, бодлогогүй байдал нь хүн ардынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас гадна улс төрийн томоохон эрсдэл дагуулж болзошгүй юм.

Александр Лукашенко, Беларусь улс

Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко нь коронавирусийг эерэг сэтгэлгээгээр ялж чадна гэж мэдэгдээд зогсохгүй цаг хугацааг ухраах "чадвартай" нэгэн ажээ. Тэрбээр улсад нь коронавирусээр аль хэдийнэ 29 хүн нас барчихаад байхад "Манай улсад коронавирусийн улмаас хэн ч үхэхгүй. Би үүнийг баталж байна" хэмээн ярьсан удаатай.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсыг 26 жилийн турш удирдаж буй 65 настай ноён Лукашенко мөн коронавирусийг архи, хоккей, саун гурваар дарж чадна хэмээгээд хоккейн тэмцээн уралдаан зохион байгуулж, өөрөө ч хоккей тоглож явсан юм. Түүнчлэн дэлхий даяар бүхий спорт, урлаг соёлын олон нийтийг хамарсан арга хэмжээ цуцлагдсан байхад Беларусь  улс Европт хөлбөмбөгийн тэмцээнүүд хэвийн явагдаж байсан цорын ганц улс болж байв. Хатуу чанга хорио цээр тогтоох нь үндэсний эдийн засгийг нь сүйрүүлнэ гэж тэр үзэж байсан юм.

Энэ бүхний дараа Беларусь улс өдгөө коронавирусээр 67 мянга гаруй хүн өвдөж, 550 орчим хүн нас бараад байна. Ноён Лукашенко өөрөө ч саяхан коронавирусийн халдвар аваад эдгэрсэн гэдгээ зарласан. Гэсэн ч тэр бууж өгөөгүй л байлаа. “Манай ард түмний 97 хувь нь коронавирусийн халдвар авсан. Гэхдээ бүгд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөөд эдгэрч, дархлаа тогтсон. Би үүнд маш их баяртай байна. Бурхандаа талархая. Би ч мөн тэдний нэг болсон” хэмээн ямар ч үндэслэлгүй тоо баримт ярьсан юм.

Жаир Болсонаро, Бразил

Латин Америкийн хамгийн том улс, 210 сая хүн амтай Бразил улсын Ерөнхийлөгч Болсонаро бол цар тахлыг хамгийн их басамжилсан удирдагч гэж хэлж болно. Тэрбээр коронавирусийг “хамрын ханиад”-тай зүйрлэж, өөрийн улсын эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөсөн цар тахлаас сэргийлэх зөвлөмжүүдийг үгүйсгэсээр ирсэн нэгэн юм. Өмнө нь армид зүтгэж байсан тэрбээр эр зориг нь түүнийг эрүүл байлгана гэж сайрхаж байсан ч саяхан коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, бараг сарын дараа эдгэрснээ зарласан.

Мужууддаа хорио цээрийн дэглэм тогтоосон мужийн захирагчдаа “ажлын алуурчид” хэмээн цоллож, цар тахал ид эрчээ авч байхад бизнесүүдийг нээхийг тушааж, сүм хийдүүдийг ч дахин нээсэн юм. Харин үүний хариуд өдгөө Бразил улсад 2,5 сая хүн халдвар авч, 90 мянга гаруй хүн коронавирусийн улмаас нас баржээ. Өдөрт л мянга мянгаараа хорвоог орхиж буй Бразильчууд халдвар авсан хүнийхээ тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Даниель Ортега, Никарагуа

Дэлхий даяараа цар тахалтай тэмцэн хямарч байх зуур энэ улсын удирдагч бүтэн нэг сарын турш олны өмнө гараагүйн дээр, тус улсын засаг захиргаа ард иргэддээ хандан коронавирусээс сэрэмжлүүлэх талаар ганц ч үг унагаагаагүй юм. Ийнхүү нэг сар сураггүй байсныхаа дараа дөрөвдүгээр сарын дундуур гэнэт гарч ирээд “Коронавирус бол бурхнаас илгээж буй дохио. Эрүүл мэндийн салбарт атомын бөмбөг унасантай адил зарлага гарах нь” гэж мэдэгджээ.

Тэрбээр дээрх мэдэгдэлдээ цар тахалтай тэмцэх арга хэмжээ авах талаар тодорхой зүйл яриагүй ч хожим Ерөнхийлөгчийн ордондоо 100 галлон гар ариутгагч, 5000 хос бээлий захиалсан нь батлагдсан юм. Дөрөвдүгээр сарын эхээр дэлхийн улс орнууд хөл хорионд байх үед ноён Ортегагийн эхнэр, дэд ерөнхийлөгч Розарио Мурилло нар Никарагуагийн 6,5 сая иргэнийг “Коронавирусийн үеийн хайр" хэмээх хачирхалтай жагсаалд оролцохыг уриалав.

Сургууль, дэлгүүр, зах нээлттэй хэвээр, хүүхдүүдийг сургуульд нь үргэлжлүүлэн явуулахын тулд багш нарыг засгийн газраас хүчээр эцэг эхчүүдийн гэрт нь очиж уулзаж, ятгахыг шаардаж байв. Мөн хөл бөмбөг, бейсболын тэмцээн хэвийн явагдаж, гадаадаас ирсэн хүмүүсийг сайн дураараа өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөж, хилээ нээлттэй хэвээр байлгасаар байжээ. Төв Америкийн энэ орныг сүүлийн 24 жил удирдаж буй 74 настай Ортерагийн удирдлага дор энэ улс одоо албан ёсны тоо баримт дээр 3,600 орчим хүн халдвар авсан гэж байгаа ч дотоодын эмч мэргэжилтнүүд энэ тоо аль хэдийн 40 мянга хүрсэн гэж үзэж байгаа юм.

Гурбангулы Бердымухамедов, Туркменистан

Туркменистан улсын Ерөнхийлөгч ноён Бердымухамедов элдэв эмийн ургамлаар май тавих нь цар тахлаас сэргийлнэ гэж үзжээ. Тэрбээр ард иргэдээ коронавирусээс сэргийлэхийн тулд Засгийн газрынордон, оффис, зах, сургууль, оршуулгын газрууд гээд бүхий л байшин барилгуудыг өдөрт хоёр удаа эмийн ургамал шатааж утаагаар нь утахыг тушаав. Энэ бол ямар ч шинжлэх ухаанаар батлагдаагүй арга байв. Мөн тэр улс орон даяар төрийн хэвлэл мэдээллийн байгууллагаас эхлээд бүхий л салбарт “коронавирус” гэдэг үг хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэр нь цар тахалтай холбоотой элдэв мэдээллийг хянах зорилготой гэж тайлбарлаж байсан ба уг хүрээнд хувийн буюу бие даан үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн сайтуудыг хааж, гудамжинд коронавирусийн талаар ярьсан, амны хаалт зүүсэн хүмүүсийг баривчилна гэж сүрдүүлэв. Туркменистаны Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг олон улсын хэвлэлийн байгууллагууд ихэд шүүмжилж, нэг хүний дарангуйллын дэглэмээ улам бэхжүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Мөн ингэж иргэдийн мэдэх эрхэд халдаж, мэдээллийн урсгалыг хааж боох нь ард иргэдээ улам эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн буруутгаж байлаа.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийд хамгийн доогуур жагсдаг тул улсад одоог хүртэл коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаад дэлхий нийт итгэхгүй байгаа юм. Гэтэл хөрш зэргэлдээ Иран улсад 298 мянган хүн халдвар авч, 16 мянган хүн коронавирусийн улмаас нас бараад байна.

Дональд Трамп, АНУ

Эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд манлайлдаг АНУ цар тахалд сөхөрч байгааг дэлхий даяар харж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп угийн хэнэггүй зангаараа цар тахлыг ч үл ойшоож, басамжилсан. "Хятад вирус"-т ялагдахгүй гэсэн түүний бардамнал эсрэгээрээ эргэж, одоо энэ улсын эрүүл мэндийн салбар балран доройтож байна. Амны хаалт хэзээ ч зүүхгүй, энэ бол "хувь хүний эрх чөлөө" гэж мэдэгдэж байсан тэрбээр өөрөө саяхнаас амны хаалт зүүх болов. Дэлхий дахинд коронавирусийн 17 сая гаруй тохиолдол бүртгэгдсэний 4,5 сая нь зөвхөн АНУ-д бүртгэгдээд байна. Тус улс цар тахалд 153 мянган хүнээ алдаж, олон арван сая хүн ажлын байргүй болжээ. Үнэндээ Ерөнхийлөгч Дональд Трамп аюулт өвчинд бус ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд илүү санаа тавьж байх шиг.

Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж