Блиц:
Нэр: Кенан Имирзалыоглу (Kenan Imirzalioglu)
Төрсөн огноо: 1974.06.18
Нас: 46
Төрсөн газар: Турк, Учем
Өндөр: 192 см
Мэргэжил: Жүжигчин
Гэр бүлийн байдал: Эхнэр Синем Кобал (2016 онд гэрлэсэн)
Туркийн нэрт жүжигчин Кенан Имирзалыоглуг Монголын үзэгчид "Эзель" телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүрээр нь андахгүй мэддэг болсон биз ээ. Тус улсын хамгийн шилдэг загвар өмсөгч энэхүү царайлаг эрийн амьдрал, уран бүтээлийн талаарх мэдээллийг бид энэ удаа “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.
Бага залуу нас
Анкарагаас холгүйхэн орших Учем нэртэй жижиг тосгонд бяцхан хүү мэндэлж, эцэг эх нь Кенан хэмээх нэр хайрлажээ. (Түүний ахыг Дервиш, эгчийг Ясмин гэдэг). Бяцхан хүүгийн бага насны дурсамж Учемтэй салшгүй холбоотой бөгөөд бага сургуулиа тэнд дүүргэсэн байна. Кенаныг 12 нас хүрмэгц эцэг, эх нь Анкара руу нүүх шийдвэр гаргаж, хүү нийслэлийн дунд сургуульд элсэн оржээ. Шинэ сургуульд хичээлийн эхний өдрөөсөө л тэрбээр чадвараа гайхуулан амжилттай суралцаж, ялангуяа математик болон нарийн шинжлэх ухаанд ихэд дурлах болсон байна. Түүнээс гадна Кенан спортын ур чадвараа нээж, сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн бүрэлдэхүүнд багтжээ. Имирзалыоглу Истанбулын дээд сургуулийн Математикийн факультетэд шалгалт өгч тэнцэв.
Карьер
Энэ үед загварын бизнесийн төлөөлөгчид царайлаг өсвөр насны хүүг анзаарч, түүнд загвар өмсөгчөөр ажиллах санал тавьжээ. Өвөрмөц дүр төрхөөрөө тэрбээр ийнхүү загвар өмсөгчийн карьерынхаа эхний алхмуудыг хийж, халаасны анхны мөнгөө олж эхлэв.
Кенан тэгээд зогсохыг хүсээгүй бөгөөд математикийн сургуулиа төгсмөгц шууд их сургуульд оржээ. Энэ удаад залуу эрийн толгойд уран бүтээлч чиглэлээр хөгжих санаа төрсөн байна. Тухайн үед Кенан ирээдүйн амьдрал нь тайз, дэлгэцтэй эгнэгт холбогдоно гэдгийг хэдийнэ ухаарсан байсан аж.
Тэрбээр загварын ертөнцөө мартсангүй. 2000 онд царайлаг турк эр өөрийн эх оронд зохион байгуулагдсан хэд хэдэн гоо сайхны тэмцээн уралдаанд оролцжээ. Эхний тэмцээнд тэргүүн байр эзэлж, хоёр дахь тэмцээндээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайхан залуустай өрсөлдөж, ялалт байгуулсан түүнийг Туркийн кино найруулагч нар сая анзаарчээ. Кенанд "Wild Heart: Boomerang Hell" кинонд тоглох анхны урилга ирсэн байна. Хамгийн сайхан найзынхаа үхлийн шалтгааныг олж мэдэхийг эрмэлзэж буй Юсуфа Мироглуг гэх залуугийн дүрийг чадварлаг бүтээсэн нь түүнийг Турк даяар алдаршуулжээ.
Авьяаслаг залууг “Эзель” нэртэй шинэ төсөл, амжилт хүлээж байв. Тус төслийг хэрэгжүүлэгчид энэхүү киногоо зөвхөн дотоодын төдийгүй гадаадын үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд жүжигчин залуугийн нэр алдар энэ удаад дэлхийд түгэв.
Имирзалыоглу хилс хэргээр шоронд хоригдсон Омер хэмээх гэм зэмгүй залуугийн дүрд хувирах хэрэгтэй болов. Шоронд байхдаа тэрбээр хамгийн ойр дотны хүмүүс нь өөрөөс нь урвасан болохыг ухаардаг. Тиймээс тэрбээр өшөө авах төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Дэлхийн шүүмжлэгчид Кенаны жүжиглэх ур чадвар, авьяас билгийг шагшин магтжээ. Тэрбээр Туркийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон байна.
Удалгүй Кенан цуврал аллагын тухай өгүүлдэг "The Way of the Dragon" киноны урилга хүлээж авав. Жилийн дараа "Long Story" нэртэй, 70-аад онд эх орондоо эргэн ирж буй турк залуугийн дүрийг чадварлаг бүтээжээ.
Сургуулиа төгссөн даруйдаа Кенан "Insightful Rejai" хэмээх инээдмийн кинонд гол дүр бүтээв. Туршлагатай жүжигчин эр зөвхөн баян, харгис хүмүүсийн эсрэг гэмт хэрэг үйлддэг залуугийн дүр бүтээж, орчин үеийн Робин Гуд нэртэй болжээ. Ахлах комиссар Мехмет Райза өшөө авагчийг хаа сайгүй мөшгинө…
Кенан маш олон кинонд дүр бүтээсэн бөгөөд дараа дараачийн урилга ар араасаа ирсээр байдаг аж.
Хувийн амьдрал
Кенан жүжигчин Зейнеп Бесчерлертэй багахан хугацаанд романтик харилцаатай байсан ч сүйт бүсгүйгээрээ сонгоогүй аж. Түүнээс салсныхаа дараа тэрбээр цөөнгүй үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй болзжээ. Хэсэг хугацааны дараа жүжигчин эр Туркийн нэрт жүжигчин, загвар өмсөгч Синем Кобалыг гэргийгээ болгосон байна. Тэдний хайр өдөр бүр шинээр “цэцэглэдэг” талаар тэрбээр ярьжээ. Кенан бусад жүжигчдийн адил сэтгүүлчдийн асуултад ээрэгдэхийг хүсдэггүй, олон нийтийн дунд байнга үзэгдээд байдаггүй. Хувийн амьдралынх нь тухай асуулт асуухад тэрбээр дургүй. Чөлөөт цагаа гэргийн хамт ууланд аялж өнгөрөөх дуртай. Хөгжим сонсож, ном унших түүний хобби. Кенан шүтлэгтэй, Ариун Коран судраа дээдэлдэг. Багаасаа эхийнхээ заавар зөвлөгөөг дагаж ирсэн. Тэрбээр эх хүн бүр хүүгээ онцгой сайн хүн болгохыг хүсдэг хэмээн хэлжээ.
Холбоотой мэдээ