Коронавирусийн мутаци

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

COVID-19
Коронавирусийн мутаци

ДЭМБ-аас цар тахлын оргил үе эхлээгүй, коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа дэгдэнэ гэдгийг анхааруулсаар байна. Харамсалтай нь иргэд хөл хорионоос залхаж, олон улс оронд хорио цээрийн дэглэмээ сулруулсаар буйн улмаас халдвар авсан, нас барсан өвчтөнүүдийн тоо өссөөр байгаа юм.

АНУ-ын Питсбургийн их сургуулийн Клиникийн микробиологийн факультетын эрдэмтэд шинэ коронавирус (SARS-Cov-2)-ийн эволюц, генетикийн олон янз байдлын судалгааг өнгөрсөн сард хийжээ. Энэхүү судалгаагаар COVID-ын халдвар авсан Хятадын 50, АНУ-ын 11, Австралийн 5, Японы 5, Францын 4, Сингапурын 3, Английн 2, Тайванийн 2, Өмнөд Солонгос, Бельги, Герман, Вьетнамын тус бүр нэг, нийт 86 өвчтөнөөс ялгасан омгуудын бүрэн геном дээр шинжилгээ хийсэн байна.

SARS-CoV-2-ийн хурдацтай тархалт нь геномын мутацийн гаралтай эволюцийн хувьслаас үүдэлтэй эсэх талаар сонирхол татсан асуултуудыг төрүүлжээ. SARS-CoV-2-ийн геном нь бусад бетакоронавирусийн нэгэн адил 5′ төгсгөлд урт ORF1ab полипротеин, дараа нь гадаргуугийн Spike гликопротеин, жижиг Envelope уураг, матрици уураг, нуклеокапсидын уураг зэрэг дөрвөн үндсэн бүтцийн уураг кодлох генүүдийг агуулдаг аж.

Энэхүү генетикийн шинжилгээгээр Япон (Айчи), АНУ (Висконсин), Австрали (Виктория) зэрэг улсын SARS-CoV-2-ийн геномын гурван дараалалд делеци (нуклеотид гээгдсэн) үүссэнийг илрүүлжээ.

ORF1ab полипротеины хэсэгт гурав ба хорин дөрвөн нуклеотид, геномын 3′ төгсгөлд 10 нуклеотид гээгдэж делеци үүссэн байсан аж. Мөн сонирхолтой нь сонгон авсан дарааллуудад 93 байршилд мутаци илэрсэн байна. Envelope уургийн хэсгээс бусад бүх бүтцийн болон бүтцийн биш уургаас 42 миссенсе мутаци (нуклеотидын дараалал өөрчлөгдсөнөөр уургийн аминхүчлийн дараалалд өөрчлөлт орох) тодорхойлогдсон. Хорин есөн мутаци нь ORF1ab полипротеинд, найм нь гадаргуугийн spike гликопротеид, нэг нь матрицын уурагт, дөрөв нь нуклеокапсидын уурагт тус тус илэрсэн. Гурван мутаци (D354, Y364, F367) нь гадаргуугийн Spike гликопротеины рецептор холбогдох домайн дээр байрлаж байгааг тэмдэглэжээ.

Гадаргуугийн Spike гликопротейны аминхүчлийн өөрчлөлт антигений өөрчлөлтийг бий болгох магадлалтай гэж үзсэн байна. Одоог хүртэл SARS-CoV-2 гадаргуугийн spike гликопротеины бүтцийн өөрчлөлтөд оролцдог амин хүчлийн байршлын судалгаа хийх боломжгүй байгаа аж.

АНУ-ын Лос Аламос Үндэсний лабораторийн эрдэмтэд өнгөрсөн тавдугаар сард “Covid-19” вирус мутацид орж, улам илүү халдварлуулах чадвартай болсон талаарх судалгааг танилцуулсан. Улмаар вирус мутацид орж, илүү өндөр халдварлуулах чадвартай шинэ омог АНУ-д тархаж байгааг онцолсон. Судлаачдын үзэж байгаагаар мутацид орсон коронавирусийн шинэ омог өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Европ тивд, удалгүй АНУ, Канадад болон дэлхийн бусад хэсгүүдэд тархаж, гуравдугаар сарын сүүл үе гэхэд дэлхийн хэмжээнд давамгайлжээ.

Тухайн үед эрдэмтэд коронавирусийн халдварлах чадвар улирлын чанартай ердийн томуу шиг зуны улиралд саармагждаггүй бол цаашид ч мутац үүсгэх боломжтойг онцолж байв. Энэ нь түүний эсрэг боловсруулагдаж буй вакцины үр нөлөөг бууруулж болзошгүйг анхааруулсан билээ. Зарим вакцин боловсруулах туршилтад энэ оны эхээр буюу вируст мутац үүсээгүй байх үеийн дээжийг ашиглаж буй юм.

ДЭЛХИЙ ДАЯАР "COVID-19"-ИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ 141 ТӨРЛИЙН ВАКЦИН ТУРШИЖ БАЙНА

ДЭМБ-ын Ерөнхий захирал Т.А.Гебреисусын ярьснаар, өнөөдөр дэлхий даяар "Covid-19"-ийн халдвараас сэргийлэх 141 төрлийн вакциныг туршиж буйгаас БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, Австрали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, Канадын 25 лабораторид эмнэл зүйн туршилт хийж байгаа аж.

ДЭМБ-аас долдугаар сарын 24-ний өдөр мэдээлснээр, коронавирусийн халдварын эсрэг 166 төрлийн вакцин гарган авахаар ажиллаж байгаагаас 141 вакциныг амьтан дээр туршиж, 25 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатанд буй юм байна. Эдгээр 25 вакцинаас 6-г нь эмнэлзүйн сүүлчийн шат буюу гуравдугаар шатны туршилтад оруулжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын Хөтөлбөр хариуцсан орлогч Сумия Сваминатан вирусийн эсрэг вакциныг 2021 оны дунд үеэс л дэлхий даяар өргөнөөр хэрэглэж эхлэхийг мэдэгдсэн юм.

АНУ вакцин гарган авах ажилд ихээхэн хөрөнг хаяж буй бөгөөд дэд Ерөнхийлөгч М.Пэнсийн мэдэгдсэнээр, АНУ дахь 89 судалгааны төвд коронавирусийн эсрэг вакцины эмнэл зүйн туршилтын 3-р үе шат эхэлж, түүнд 30 мянган хүн оролцох юм байна. АНУ-ын “Moderna” компани өнгөрсөн гуравдугаар сард вакцин гарган авахаар ажиллаж эхэлжээ. Тус компанийн Ерөнхий захирлын ярьснаар, туршилтад сайн дураараа оролцсон 45 хүнд дархлаа бий болсон нь ихээхэн найдлага төрүүлж байгаа аж. “Financial Times” сонинд мэдээлснээр, АНУ-ын “Moderna” компанийн үйлдвэрлэх гэж буй вакцины үнэ 50-60 доллар байх бололтой. Харин Pfizer, BioNTtech хоёр вакцинаа 19,5 доллароор борлуулахаар төлөвлөж байгаа аж.

ОХУ-ын эрдэмтэд вакцин гарган авахад анхаарлаа хандуулан ажиллаж буй. Тус улсын БХЯ-наас мэдээлснээр, “Covid-19”-ийн вакцины эмнэл зүйн туршилт амжилттай явагдаж дуусчээ. Вакциныг гарган авах ажлыг БХЯ болон Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн байна. Вакцины эмнэл зүйн туршилтад оролцсон сайн дурынханд ямар ч зовиур, гаж нөлөө илрээгүй бөгөөд бүгдэд нь коронавирусийн эсрэг дархлаа бий болжээ.

Вакцин гарган авах тал дээр БНХАУ дэлхийд тэргүүлж байна гэж ажиглагчид үзэж байна. Одоогоор гурав дахь шатны туршилтад ороод буй 20 гаруй төрлийн вакцинаас 8-ыг нь Хятадын эрдэмтэд гарган авахаар ажиллаж байгаа аж. Тухайлбал, CanSino Biologics гэдэг компани Бээжингийн Биотехнологийн хүрээлэн, Хятадын Ардын Чөлөөлөх армийн Цэргийн анагаах ухааны академитай хамтран вакцин бүтээж байна.

Их Британи, Италийн эрдэмтдийн хамтран гаргаж авсан, 9 дүгээр сард үйлдвэрлэж эхлэх гэж буй вакцины нэг тун нь 2-3 еврогийн үнэтэй. Италийн биотехнологийн Irbm компанийн захирлын ярьснаар, 1000 өвчтөнд амжилттай туршсан уг вакциныг ирэх оны нэгдүгээр сараас борлуулж эхлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CNBC, NCBI
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж