Олны хөлд дарагдсан "Гэрэлт гудамж"

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Олны хөлд дарагдсан "Гэрэлт гудамж"

Олны хөлд дарагдсан "Гэрэлт гудамж"

Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гэр бүлээрээ ая тухтай амарч, тухлах газар нэгээр нэмэгдсэн нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Гэрэлт гудамж” юм. Хүрээлэнгийн үүдээр ороход нам жим, уйтгартай. Өмнө нь тэнд хүүхэд, хөгшдөө салхилуулсан хүмүүс бужигнадаг байсан бол одоо “Гэрэлт гудамж”-ийг зорих  хүмүүсийн цуваа тасрахаа больжээ. Найз нөхөд, гэр бүлээрээ дээрх гудамжийг зорих шалтгаан нь 220 метр урттай гэрэлт гудамж, 500 метрийн урттай усан сувгийг арк хэлбэрийн гэрлээр чимэглэсэн завьт аяллын хэсэг аж. 

ТУС ГАЗРЫГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 2000 ХҮН ЗОРИН ИРДЭГ 

Үдшийн 19.00 цагт бид “Гэрэлт гудамж”-ийг зорилоо. Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд олон нийтийн газар явахыг хориглож буй ч урин дулаан цаг ирснээр гадаах хөл хөдөлгөөн ч илт нэмэгджээ. Хөл хорионд уйдсан хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд болон өндөр настай аав, ээжийгээ агаар салхинд гаргаад явж буй хүмүүс ч олон байв. Хүүхдүүд талбайд ролекоор гулгаж, зарим нь улаа бутартлаа хөөцөлдөж тоглоно. Хөл хорионы үед уйдсан тэд ёстой л шавайгаа ханатал тоглож байсан юм.

Мэдээж хос залуусгүйгээр “Гэрэлт гудамж”-ийг төсөөлөшгүй. Нийслэлдээ л хамгийн романтик газарт тооцогдоод буй дээрх гудамжинд залуус болзож, хөгшид нарлацгаана.

Түүнчлэн халуун хоол, амттан, зууш, ундаагаар үйлчлэх зориулттай шовгор байшингуудаас гадна 360 градус бүхий ил харагдацтай шилээр бүрсэн хөнгөн хоолны хэсэг ч мөн онцлог, содон харагдаж байв. Удалгүй нар жаргахад “Гэрэлт гудамж” бүхэлдээ нил ягаан өнгөөр хучигдах нь тэр. Тоолж барамгүй ягаан өнгийн гэрэл нүд гялбуулна. Харах тусам сэтгэл татаж, нүд баясгах уг гудамж Японы Кувана хотын шөнийн гудамжийг санагдуулах бөгөөд энд ашиглагдсан гэрлүүдийг газар дэлгээд тавихад 40 км орчим болох гэнэ. Улаанбаатарт өнгө зүс нэмэх дээрх гудамж өнгөрсөн өвөл нээлтээ хийхээр байсан ч хөл хорионы улмаас нээлтээ хойшлуулсаар долдугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхэлжээ. Тус газрыг ажлын өдрүүдэд 1000-1500 хүн, амралтын өдрүүдэд 2000 хүн зорин ирдэг аж.

ЭНД АРХИ, ТАМХИ ХЭРЭГЛЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОНО

“Love light land” ХХК-ийн Ерөнхий захирал, “Гэрэлт гэр” төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч Т.УЛААНБААТАР:

-Төслийнхөө санааг 2016 оны валентинаар эхнэртээ зориулж гэрээ чимэглэж байгаад олсон. Эхлээд санаагаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд танилцуулсны дараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, 2017 оны эхээр дэмжигдэж, дөрвөн га газрын зөвшөөрөл авсан. Хүүхдийн 100-гийн гэрэлт гудамж хийгдэхээс өмнө төслийн санаагаа олсон ч нийслэлээс зөвшөөрөл авах гэж багагүй хугацаа алдсан.

Хүүхдийн 100-гийн гэрэлт гудамжнаас ялгарах нэг онцлог нь энд архи, тамхи хэрэглэхийг хатуу хориглосон. Хэдий тийм боловч залуус пиво цүнхэлж орж ирээд энд тэндхийн булан тохойд уух зөрчил гарч байна. Үүнд харуул хамгаалалтын ажилчид хяналт тавьж байна.

Манай компани нь энтертайнмент буюу соёл урлаг, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүтээн байгуулалтын үед хүмүүсийн шүүмжлэл хэл ам их гарсан ч “Гэрэлт гудамж”-ийг ирж үзээд харсан хүмүүс ам сайтай байгаа. Албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хүмүүс ихээр ирж байгаа ч завьт аялал явж эхэлснээр зорьж ирэх хүмүүсийн тоо улам нэмэгдсэн. Хүмүүс тэр хэсэгт зургаа авахуулах их дуртай. Орой болохоор хамгийн их хөдөлгөөнтэй байдаг хэсэг нь үүдний тасалбар худалдаалах цэг болон завьт аяллын хэсэг болоод байна даа.

Бид завин дээр суух бүх хүмүүст аврах хантааз заавал өмсүүлж байгаа. Хэдийгээр ус хүн эрсдэхээр гүнзгий биш ч гэсэн аливаа эрсдэлээс сэргийлэх нь илүүдэхгүй. Мөн завины хэсэгт нэмэлтээр усанд сэлэлтийн спортоор хичээллэж байсан туршлагатай дөрвөн залуу ажиллаж байгаа. Энэхүү усан гудамжыг зундаа  усан завьт үйлчилгээгээр ашиглах бол өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгон ашиглахаар төлөвлөж байна” гэв.

“Гэрэлт гудамж” руу иргэд өдрийн цагаар үнэ төлбөргүй нэвтрэх бол 21.00 цагаас хойш хүн бүр 5000 төгрөгийн хураамж төлнө. Хураамжид газрын түрээс, цахилгаан, ажилчдын цалин, засвар тохижилт гэх мэт урсгал зардлын өртөг шингэсэн байна. “Зарим үйлчлүүлэгч үнэгүй орохоор дайрах хандлага гаргадаг. Хураамж төлөх ёстой гэж учирлаад хэлэхээр 5000 төгрөгөөр наадах руу чинь орж байхаар хоол аваад идсэн нь дээр гээд уурлаад явчихдаг хүмүүс ч байдаг” хэмээн ажилчид нь ярьж байв. Мөн цувраад орж болох дугаарлалтад заавал түрүүлж орох гэсэн хүмүүсийн тэмцэл нь хэрүүл, шуугианаар өндөрлөх нь ч бий аж. 

Зарим хүмүүс өдрийн цагаар хүн багатай үед хогоо энд тэнд хаях, бэлэн ариун цэврийн өрөө байсаар байтал байшин дунд бие засах, эцэг эхчүүд хүүхдээ явган зам болон хиймэл зүлгэн дээр шээлгэдэг зэрэг энэ байдлаас харахад монголчууд үйлчилгээний соёлоор “нойл” байгааг ч илтгэнэ. Тиймээс иргэдэд үйлчилгээний соёл, хандлагаа өөрчлөхийг энэхүү сурвалжлагаараа дайя. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж