2019-2020 оны Премьер лигийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

2019-2020 оны Премьер лигийн онцлох үйл явдлууд

2019-2020 оны Премьер лигийн онцлох үйл явдлууд

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 38-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдаж, өндөрлөлөө. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лиг гэгддэг Премьер лигийн энэ жилийн улирлын тоглолтууд урьдын адил үнэхээр таамаглашгүй, гайхалтай боллоо. Бид та бүхэндээ 2019-2020 оны улирлын онцлох есөн үйл явдлыг толилуулж байна.


  1. Премьер лигт шинээр дэвшсэн Норвич Сити аваргуудыг хожив

2019.09.14

Чемпионшип дивизонд аваргаж, Премьер лигт дэвших эрхтэй болсон Норвич Сити лигийн аваргын цомоо хамгаалах зорилготой Манчестер Ситиг өөрсдийн Карроу Роуд цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглосон. Үндсэн багийнх нь найман тамирчин гэмтлийн улмаас энэхүү тоглолтод оролцох боломжгүй болсон Норвич Сити баг талбайдаа 2019-2020 оны Премьер лигийн улирлын нээлтийн дөрвөн тоглолтдоо 14 гоол оруулаад байсан Манчестер Сититэй тун зоримог тоглолт үзүүлсэн. Шинэ улирлын эхэнд гайхалтай байсан Финланд довтлогч Тийму Пукки, шинэ залуу авьяастан Тодд Кантвелл, Шотланд хагас хамгаалагч Кенни МакЛин нар аваргуудын хаалгыг мялааж, баг нь хүчирхэг өрсөлдөгчөө 3-2 гэсэн харьцаатай ялж, энэ улирлын анхны томоохон мэдэгдлээ хийсэн.

Даниел Фарке дасгалжуулагчийн гарааны бүрэлдэхүүний зах зээлийн үнэлгээ ердөө 6.45 сая фунт стерлинг байсан бол Пеп Гвардиологийн Манчестер Сити багийн гарааны 11 тоглогчийн зах зээлийн үнэлгээ доод тал нь 400 сая фунт стерлингэд хүрч байлаа.

  1. Лестер Сити Саутхемптонг бут ниргэв

2019.10.25

Лестер Сити өнгөрөгч аравдугаар сард Саутхемптоны талбайд зочлон тоглож, өршөөл үзүүлээгүй гэж хэлж болно. Гэгээнтнүүдийг талбайд нь 9-0 гэсэн харьцаатай хожиж, 25 жилийн өмнө Манчестер Юнайтед багийн тогтоож байсан хамгийн олон гоолын зөрүүтэй өрсөлдөгчөө хожсон гэх Премьер лигийн дээд амжилттай тэнцсэн. Энэхүү тоглолтонд 2019-2020 оны Премьер лигийн “Алтан шаахай” шагналын эзэн, мөн Премьер лигт 100 гоол оруулсан гэх амжилтын эзэн болсон Жейми Варди болон Испани довтлогч Айозе Перес нар тус тус хет-трик буюу гурван гоол оруулсан.

Үнэгнүүд энэ үедээ Премьер лигийн хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж байсан боловч улирлаа тун муу төгсгөсөн.

  1. Тоттенхэм Хотспур баг ахлах дасгалжуулагч М.Почеттиног халав

2019.11.19

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарч, гайхалтай амжилт үзүүлсэн Маурисио Почеттиног баг нь халсан шийдвэр олны анхаарлыг татлаа. Хойд Лондонгийн багт таван жил хагасын хугацаа өнгөрүүлсэн Аргентин дасгалжуулагчийн хувьд үүргээ гүйцэтгэсэн хугацаандаа Тоттенхэм Хотспур багийг эрс шинэчлэн, УЕФА Аваргуудын лиг болон Английн Премьер лигт аман хүзүүдүүлсэн. Гэвч 2019-2020 оны улирлын тун тааруухан эхлүүлсэн түүнийг халж, “онцгой нэгэн” Жозе Моуриньог авчирсан.

  1. Ливерпүүл лигийг тасархай тэргүүлж эхлэв

2019.12.26

Өмнөх улиралд нь УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн Ливерпүүл 12-р сард тун шахуу хуваарьтай тоглосон. Ердөө ФИФА Клубуудын ДАШТ-ий шигшээ тоглолтод Бразилын Фламенгог ялж, дэлхийн аварга болсноосоо хойш тавхан хоногийн дараа Ливерпүүл Английн Премьер лигийн хүрээнд Лестер Сититэй учраа таарсан. Тухайн үедээ лигийн хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж байсан Лестер Сити талбайдаа лигийг тэргүүлж байсан Ливерпүүлийг хүлээн авч, заавал оноо салгах чухал тоглолт хийсэн. Гэвч Мерсисайдын улаанууд Кинг Пауэр цэнгэлдэхэд үзүүлэн тоглолт зохион байгуулж талбайн эздийг 4-0 гэсэн харьцаатай ялж, лигийг 13 онооны зөрүүтэй тасархай түрүүлж эхэлсэн.

  1. О.Игало Хятадаас Манчестер Юнайтед руу

2020.02.01

Өвлийн солилцоо наймааны цонх хаагдахтай зэрэгцэн Манчестер Юнайтед баг олны хүний анхаарлыг татсан нэгэн наймааг хийсэн. Багийн үндсэн довтлогч Маркус Рашфорд нь гэмтлийн улмаас тоглолтуудад оролцох боломжгүй болсон учир тэд Хятадын Шанхай Шеньхуа багаас зээлээр Нигер довтлогч Одион Игалог багтаа авчирсан. Өдгөө 31 настай О.Игалогийн хувьд 2017 онд Английн Уотфорд багаас Хятадын Чанчунь Ятай баг руу зарагдаж байсан юм.

Мөн Манчестер Юнайтед баг өвлийн солилцоо наймааны цонхоор О.Игалогоос гадна Португалаас Бруно Фернандесийг авчирсан билээ.

  1. Уотфорд Ливерпүүлийн анхны ялагдлыг амсуулав

2020.02.29

Английн хөлбөмбөгийн Премьер лиг 2019 оны наймдугаар сард эхэлснээс хойш нэг ч ялагдал амсалгүй найман сар болоод байсан ганц баг болох Ливерпүүл энэ амжилтаа хадгалсаар алтан аваргын цомын эзэн болохыг хүсч байлаа. Гэвч Уотфорд тэдний мөрөөдлийг үгүй хийсэн. Лигтээ илт тасархай тэргүүлж, аварга авах нь 99 хувьтай байсан Ливерпүүлийг Уотфорд баг өөрсдийн Вигариж Роуд цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглож 3-0 харьцаатай хожиж Англид Ливерпүүлийг хожиж болохыг харуулсан. Энэхүү тоглолтонд Уотфорд багаас Исмаила Сарр онцгой байж хоёр гоол оруулсан билээ.

  1. Английн Премьер лигийн улирал цар тахлын улмаас зогсов

2020.03.13

Covid-19 цар тахлын улмаас дэлхийн бүхий л спортын томоохон тэмцээн уралдаан, лигүүд зогсч байв. Энэ жишгээр Премьер лиг ч тодорхойгүй хугацаагаар лигээ зогсоосон. Премьер лигийн багууд дотроос анх Арсенал багийн ахлах дасгалжуулагч Микел Артета болон Челси багийн тоглогч Каллум Хадсон-Одои нар шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Английн хөлбөмбөгийн бүхий л шатны лигүүд гурван сар гаруйн хугацаанд түр зогссоны эцэст эргэн ирсэн билээ.

8. Домгууд үүрд оршино

2020.07.26

Манчестер Сити багийн төлөө 10 жил зүтгэж нийтдээ 309 тоглолтонд оролцож, дөрвөн удаа Премьер лигт түрүүлсэн Испани хагас хамгаалагч Давид Силва, Челси багийн төлөө дөрвөн жил хүчин зүтгэж, Премьер лигийн аварга болж, хөлбөмбөгийн тамирчны замналдаа хүртэж болох бүхий л цомуудыг хүртсэн Педро болон Тоттенхэм Хотспур багийн арын хамгаалалтыг найман жилийн турш хариуцсан Ян Вертонген нар багаасаа явж буйгаа зарласан бол Эвертон багийн төлөө 13 жилийн турш хүчин зүтгэж, энэ хугацаандаа Английн Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн хамгаалагч гэх амжилтын эзэн болсон Лэйтон Бэйнс хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа зарласан юм.

9. Ливерпүүлийн 30 жилийн хүлээлт дуусав

2020.07.23

Юрген Клоппын залуус улирлын эхнээс л гайхалтыг тоглолтыг үзүүлж, төгс формоо урт удаан хугацааны турш хадгалж, Английн хөлбөмбөгийн дээд лигт 30 жилийн дараа түрүүлж чадсан юм. Тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд УЕФА Аваргуудын лиг, ФИФА Клубуудын ДАШТ, УЕФА Супер цом, Английн Премьер лигт түрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж