Миссиссиппи мужийн далбаа үеэ өнгөрөөж, иргэд арваннэгдүгээр сард шинэ далбаа сонгохоор санал хураах боломж гарч ирсэн байна. Хуучин далбааны загварыг 1894 онд баталснаас хойш одоог хүртэл хэрэглэж иржээ. Тэрхүү далбаа нь дайны үеийн хэв маягаа хадгалж үлдсэн хамгийн сүүлчийн мужийн далбаа болоод байсан юм. Харин зургадугаар сарын 30-нд тус мужийн захирагч Тейт Ривз сүүлийн үед АНУ-д өрнөөд буй ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөнтэй уялдуулан мужийн далбааг өөрчлөх хуулийн төсөлд гарын үсэг зуран баталсан байна.
Тэрхүү ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөний шуурганд өдгөө хэд хэдэн хөшөө дурсгал сүйдэж, кинонууд шүүмжлэл дагуулж, тэр байтугай төрийн дууллыг хүртэл солих уриалга гараад амжсан билээ. Эдгээрийн үр дүнд цаашид АНУ-д хөшөө дурсгал төдийгүй бүх бэлгэ тэмдгийн чанартай зүйлс ямар байх ёстой вэ гэдэг асуудал анхаарал татах болсон юм.
Иймд Миссиссиппи мужийн хар арьст таван уран бүтээлч мужийн далбааг шинэчлэх өөр өөрсдийн санааг дэвшүүлжээ.
Лого зохиох, зурах тал дээр мэргэшсэн 24 настай Данте Жонсоны санаа
Данте Жонсон шинэ далбааг зурахдаа мужийн хамгийн алдартай зүйл болох замбага цэцгийг гол чиг баримжаа болгон далбааны голд байршуулжээ. Мөн энэ нь мужийн эв нэгдлийг давхар илэрхийлж буй аж. Тэрбээр энэ талаараа “Миссиссиппи мужийнхан маш их өмнөдийн үзэл баримтлал, өөрсдийн гэсэн бахархалтай хүмүүс. Гэвч энэ нь заримдаа сул тал болдог. Тухайлбал манай мужийн хүмүүсийн зөрүүд зан тэр бүр өөрчлөлтийг хүлээн авч чаддаггүй” хэмээн тайлбарласан байна.
Мөн тэрбээр өөрийн зурсан далбааг “Цэцгийн голд буй дотроо цэцгийн үр бүхий од бол ирээдүйг гартаа авч явах залуу хойч үеийн бэлгэдэл юм. Мөн чидун жимсний мөчрүүд нь голд буй гол бахархлыг хамгаалж, энх тайвныг бэлгэдэж байна. Мөн чидун жимсний модны мөчрүүд нь өөрчлөлт, шинэчлэлийн эрин үе ирснийг сануулж, Миссиссиппи мужид өдгөө хурцадмал асуудал болоод буй талцан хуваагдах асуудлыг арилгаж, хүмүүсийг эргүүлэн нэгтгэх санаа агуулж байгаа” хэмээн тодорхойлсон аж.
Хүүхдийн зураач 33 настай Робин Мартиагийн санаа
Тэрбээр өөрийн санааг гаргахын тулд Калфорни, Аризона, Мэрилэнд, Вайоминг, өмнөд Каролина мужуудын далбаа буюу өөрийн гэр бүл, найз нөхдийн хамгийн гоё гэж боддог далбаануудыг удаан судалжээ. Тэрбээр “Тэр мужуудын далбаа маш загварлаг, энгийн хэрнээ эрч хүч дүүрэн. Би энэ л хэлбэрийг нь нутагшуулж авахыг их хичээсэн” хэмээн хэлжээ.
Түүний далбаа уламжлалт бус, эрч хүч дүүрэн, урлагийн шинж чанартай, сэтгэл сэргээм, төсөөлөл сайтай болсон байна. “Би Миссиссиппи мужийг дууч шувуу буюу жиргээ бялзуухайгаар төлөөлүүлэхийг илүүд үзсэн. Учир нь шувуу бол эрх чөлөө, хүсэл тэмүүллийн хамгийн том илэрхийлэл шүү дээ. Харин өнгөний хувьд миний сонгосон цэнхэр, шар өнгө нь баяр хөөр, амар амгаланг илэрхийлж байгаа юм” хэмээн Робин Мартиа тайлбарласан байна.
График дизайнер 31 настай Решонда Перримэн
Тэрбээр Миссиссиппи мужийг хэний ч төсөөлснөөс илүү эерэг энергитэй гэдгийг бусдад таниулахыг зорьсон бололтой. “Энэ санааны гол зүйл нь хил хязгааргүйд оршиж байгаа юм. Амар тайван, уужуу ухаан, сайхан хоол, тансаг байгаль, олон янзын, үнэхээр гайхалтай авьяаслаг хүмүүс гээд энэ бүгд намайг энд амьдардгаараа бахархахад хүргэдэг. Гэхдээ энэ мужид өөрчилж болшгүй зүйлс бас бий. Түүх, олон янзын улс төрийн үзэл баримтлал зэрэг зүйлсээс болоод зарим хүмүүсийн бодол минийхээс тэс ондоо байдаг” хэмээн Решонда ярьжээ.
Түүний далбааны голд М үсэг, баруун доод буланд нэг ширхэг од буй нь Миссиссиппи мужийг илэрхийлж байгаа нь гэнэ. Тэрбээр уламжлалт маягаар улаан, цагаан, цэнхэр өнгө хэрэглэхийн оронд гүн хөх өнгө сонгосон нь илүү эв нэгдэл, тогтвортой байдлыг бэлгэдэж, гэгээлэг улаан өнгөөр хүрээлсэн нь хүсэл тэмүүлэл, хүч чадлыг илэрхийлэн, цагаан өнгө нь гэрэл гэгээ, сайхан бүхнийг тусгасан арга аж.
График дизайнер, зураач 30 настай Кин Моблигийн санаа
Кин Моблигийн Миссиссиппи мужийн хамгийн дуртай зүйл нь иргэдийн дотоод болоод гадаад холбоо сүлбээ гэнэ. Тэрбээр мужаа бүтэн тойрч аялахдаа дэлхийн хамгийн гайхалтай хүмүүстэй танилцсанаа дурсаад Миссиссиппиг нэгэн том гэр бүл хэмээн тодорхойлсон байна.
Тэрбээр далбааны санаа зохиохдоо олон өнцгөөс харж болохоор далбаатай болохыг хүсчээ. “Би аль болох энгийн байхыг хичээсэн. Гэхдээ бас миний далбаа маш гүн агуулгатай байх ёстой. Энэ далбааны илэрхийлэх хамгийн том санаа бол сайхан ирээдүй. Тиймдээ ч далбааны хамгийн гол элемэнт бол урагш чиглэсэн сумнууд. Мөн энэ далбаагаар бид хэзээд өөрчлөлтөд бэлэн гэдгээ харуулахыг хүслээ. Мөн энэ далбааг эргүүлээд харвал Миссиссиппи буюу М үсэг харагдах болно” хэмээн Кин тайлбарлажээ.
Энимэйшн хөгжүүлэгч, зураач 36 настай Жирем Макмиллон
Макмоллин миссиссиппичүүдийн нүдэнд цаанаа л нэг илрэх зовлонд санаа зовж, энэ бүхэн өөрчлөгдөх цаг ирсэн хэмээн итгэдэг нэгэн. “Өмч хувьчлал манай мужид их том асуудал болж байна. Улмаар маш олон зауучууд өөр мужид очиж амьдрах замыг сонгож байгаа нь харамсалтай. Гэхдээ Миссиссиппи муж хөгжил дэвшлийн хаалгаар ороход маш ойрхон ирээд байна” хэмээн Макмоллин хэлжээ.
Тэрбээр Миссиссиппи мужийг илэрхийлэх нэг ширхэг одыг мужийн алдартай замбага цэцэгтэй нийлүүлэн далбааны голд байрлуулсан байна. Мөн уламжлалаа алдахгүйн тулд улаан, цэнхэр, цагаан өнгөнүүдийг хадгалсан байна.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ