Дэнжийн 1000-ын замыг хааж, дулааны шугам суурилуулна

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Дэнжийн 1000-ын замыг хааж, дулааны шугам суурилуулна

Дэнжийн 1000-ын замыг хааж, дулааны шугам суурилуулна

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзоригоос нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын явцын талаар тодрууллаа.


-Дарь-Эхийн замыг хааж, шинэчлэх ажил ид өрнөж байна. Энэ ажил хэзээ дуусч, тус зам ашиглалтад орох вэ?

-Нийслэлд жил бүр замын эвдрэлийг нөхөн сэргээх ажил хийдэг. Мөн шинээр зам тавьж болох газруудын талаар судалгаа хийдэг. Одоогоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, хоёрдугаар хороо Дарь-Эхийн гудамжны 3.3 км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг долдугаар сарын 27-ны 22.00 цагаас эхлэн хааж, засвар шинэчлэлийн ажил хийж байна. Эхний ээлжид ус зайлуулах шугам, хоолойг суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг наймдугаар сарын 11-ний 08.00 цаг хүртэл бүрэн хааж байна. Энэ хүрээнд Сансрын колонкын уулзвараас Дарь-Эхийн хуучин эцэс хүртэлх 2.2 км замыг бүрэн хааж, засвар шинэчлэл хийнэ. Цаашлаад наймдугаар сарын 11-нээс асфальт хучилт хийх тул 3.3 км замыг хэсэгчлэн хаах болно. Ажлын хүрээнд автозамын тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, явган хүний гарц, автобусны буудал, гудамжнууд руу орж буй хэсгүүдэд 20 орчим метр асфальт хучилт хийнэ. Мөн гудамж, замын хоорондох шороон хэсэгт эко хавтан суурилуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Зам засварын ажил наймдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

-Тус чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Дарь-Эхийн замаар дөрвөн чиглэлийн автобус дайран өнгөрдөг. Энэ чиглэлийн автобус 32-ын тойрог, Хайлаастын шинэ замаар тойрч явж байна.

-Нийслэлд өнөөдрийн байдлаар нийт хичнээн чиглэлд зам засвар, бүтээн байгуулалт хийж байна вэ?

-Эрчим хүчний гудамж, ТЭЦ-4-ийн урд талын замыг шинэчилж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд гэр хорооллыг цэвэр, бохир устай холбох шугамын ажил хийгдэж байна.

-Зам засварын ажилтай холбоотойгоор ойрын хугацаанд хаах зам байгаа юу?

-Баянбүрдийн тойрог орчмын шугам суурилуулалт хийгдэж байгаатай холбоотойгоор ирэх долоо хоногт Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүрэх замын баруунаас, зүүн чиглэлийн замын хөдөлгөөн хаагдана. Мөн Бямба гаригийн 13.00 цагаас Ням гаригийн 06.00 цаг хүртэл Дэнжийн мянгын замыг хааж, дулааны шугам суурилуулна. Тиймээс жолооч нар урьдчилан төлөвлөж хөдөлгөөнд оролцох, аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх шаардлагатай байна.

-Дээрх замын ажил хэзээ дуусч, ашиглалтад орох вэ?

-Гэр хорооллыг цэвэр, бохир устай холбох шугамын ажил Баянбүрдээр дайрч, Сансарын тойрог хүртэл хийгдэнэ. Тухай бүрт нь зам хаах, сэтлэх зөвшөөрөл олгодог учир энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна. Эрчим хүчний гудамжны автозам нь “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөл”-тэйгээр арванхоёрдугаар сарын 14-ний өдөр дуусна.

-Зам хаалгүйгээр барьж байгаа зам бий юу?

-Нарны замыг Ахмадын хорооллын орчмоос Дүнжингаравын автозамтай холбох төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц, зам барих ажил явагдаж байна. Энэ төслийн хүрээнд хоёр талдаа явган хүний замтай, автомашины дөрвөн нүхэн гарц бүхий 14 метр өргөн, 240 орчим метр урт зам баригдаж байна. Уг зам ашиглалтад орсноор нарны зам, Офицеруудын ордны тойргийн ачаалал багасна.

-Шинээр зам тавихад газар чөлөөлөлт асуудал үүсгэдэг. Энэ шалтгаанаар ажил нь эхлээгүй зам байгаа юу?

-Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороо Нарны замыг Дүнжингаравын замтай холбох хэсгийн траст хоёр нэгж талбараар дайрч байна. Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо ФМ-104.5 байрнаас гэр хорооллын дундуурх 0.8 км автозам, Сонгинохайрхан дүүргийн 10, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх гурван км автозамын траст айлууд дайрч байгаа тул тухайн аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдтэй зөвшилцөж, шийдвэрлэх шатандаа явж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж