COVID-19: Хот, хөдөөд ялгаатай бодлого явуулах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

COVID-19: Хот, хөдөөд ялгаатай бодлого явуулах шаардлагатай

COVID-19: Хот, хөдөөд ялгаатай бодлого явуулах шаардлагатай

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Covid-19 вирусийн цар тахал дэгдээд хагас жил боллоо. Энэ хугацаанд эдийн засгийн болон хувийн хэвшил, айл өрхүүдийн нөхцөл байдал хүнд байгаа талаарх судалгааг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Нөхцөл байдлын талаар эдийн засагчийн хувьд ямар бодолтой явна вэ? 

-Covid-19-ийн нөлөөг ерөнхийд нь гурван өөр түвшинд ангилах боломжтой. Нэгдүгээрт, улсын хэмжээнд буюу төсөв, гадаад худалдаа гэх зэрэг макро түвшинд, хоёрдугаарт, компани болон байгууллагын түвшинд, гуравт, өрхийн түвшинд ямар нөлөө үзүүлж байна вэ гээд харвал ойлгомжтой болох болов уу. Саяхан гарсан Дэлхийн Банк, Үндэсний Статистикийн хорооны танилцуулсан судалгаа бол өрхийн түвшнийх байсан, санаа зовоомоор үр дүнгүүд гарсан байна лээ. Зургадугаар сард НҮБ-аас гаргасан судалгааг харахад ийм дүр зураг бас ажиглагдаж байсан.

Юуны түрүүн өрхөд нөлөөлж байгаа үр дүнг хуваалцъя. НҮБ-аас гаргасан судалгааны үр дүнгээс товч хуваалцахад нийт оролцсон өрхийн 27% нь хүнсний хэрэглээгээ танасан байсан. Мөн цэцэрлэг, сургууль хааснаас үүдэн, цэцэрлэг сургуулийн насны хүүхэдтэй өрхийн хүнсний хэрэглээ дунджаар 35 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөн "танд хадгаламж бий юу" гэхэд 80% нь огт хадгаламжгүй гэж хариулсан. Энэ бол монголчуудын 80% нь тун эмзэг, орлого нь тасалдахад хэрэглээгээ шууд танахад хүрэх хэмжээнд байна гэсэн үг.

Дэлхийн Банкны судалгаанаас харахад Covid-19-ийн нөлөө хамгийн хүнд туссан бүлэг бол ядуу өрхүүд байна.

2018 оны судалгаагаар Монголд 900 мянган хүн ядуу бүлэгт багтдаг, мөн ямар нэг хямрал болбол нэмээд 475 мянган хүн ядуурал руу гулган ороход бэлэн гэж гарч байсан.

Бид дотооддоо алдаагүй, дээрээс нь улсын төсвөөс тултал санхүүжилт хийж, эдийн засгаа аргалж байгаа энэ үед уг бүлэгт буй хүмүүсийн 47% нь хангалттай хоол хүнс олж авч чадах эсэхдээ санаа зовсон байдалтай байна. Тэдний 28% нь өдрийн аль нэг хоолоо алгасаж, тулгарч буй хүндрэлийг давдаг гэж хариулсан.

-Covid-19 ядууралд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ? Засгийн газраас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Дэлхий даяар Covid-19-ийн нөлөө нэн ядуу хүмүүсийн тоог 100 саяар, харин ядуусын тоог 176 саяар нэмнэ гэсэн тооцоо гарсан. Монгол Улсын хувьд өнгөрсөн 2016-2018 оны хооронд хөдөө орон нутагт ядуурал буурсан нь хөдөө аж ахуйгаас олдог орлого нэмэгдсэнтэй холбоотой байсан. 2018 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харахад нийт малчдын 90 хувь нь ямаатай буюу ноолуур зардаг гэж гарсан. Харин 2020 онд ноолуурын үнэ хоёроос гурав дахин бууж, үүнийг сөргүүлж Засгийн газраас 200 тэрбум төгрөгөөр авсан арга хэмжээ яаж ч бодсон хүмүүстээ сайн хүрч чадаагүй. Тэгэхээр нэгдүгээрт, арга хэмжээ авах бол ядаж оновчтой байгаа олсон арга хэмжээ авах ёстой.

Хоёрдугаарт, хот хөдөөд ядуурлын эсрэг явуулах арга хэмжээ өөр байх ёстой. Хөдөө орон нутагт хэрхэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэх вэ гэдэг дээр анхаарах ёстой бол хотод хэрхэн хүнсний бүтэгдэхүүний үнийг тогтвортой байлгах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Хөдөө орон нутагт "Covid-19" гарсан ч гэсэн хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 98% нь яах ч үгүй ажиллаж байна. Харин эдгээр өрхийн 58% нь бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй гэхээр орлого нь буурлаа гэсэн үг. Энд ганц ноолуурыг хэлээгүй шүү. Үүнийг сайн судлаад, магадгүй тээвэр логистик байна уу, эсвэл зах зээлийн мэдээлэл дутаж байна уу гээд тэр дутагдаж байгаа, хязгаарлах хүчин зүйл рүү түлхүү анхаарах замаар хөдөөгийн өрхийн амьжиргааг тэтгэж болно.

Хотын хувьд арай өөр бодлого шаардлагатай. Хотод амьдарч буй хүмүүсийн орлогыг харахад л хөдөө аж ахуйн орлого гэхээр зүйл байдаггүй. Мөн хотын ядуу бүлгийн хүмүүс олсон орлогынхоо бараг тал хувийг хоолондоо зарцуулдаг, энэ нь хангалтгүй байдаг. Гэтэл хүнсний үнэ нэмэгдчихвэл улам л тарчиг болно гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулна гээд махыг 8000 төгрөг, будаа 2500-гаас ихгүй байх ёстой гэж хуульчилж огт болохгүй. Харин махны үнийн мөчлөгийг хэрхэн удирдах вэ, үнийн савлагааг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах ёстой. Ингэснээр улирлын чанартай үнийн хөөргөдлийг бууруулах замаар хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлж болно.

Эцэст нь гэхэд стастистик харвал 2020 оны эхний зургаан сарын байдлаар бойжуулсан төлийн тоо 22 сая гэж байна гэсэн хэр нь махны үнэ одоо хэд байгаа билээ дээ. Үнэндээ энд төлөөд байгаа өндөр үнэ малчны гар дээр очоод, малчид баяжаад байна уу гэхээр тийм биш.

Дундуур нь хэчнээн ч ченж ордог юм бэ. Энийг л нэг зах зээлийн зарчимд нийцсэн, тохиргоо хийх замаар үнийг нь тогтвортой болгох хэрэгтэй байна. Ингэж чадвал олон өрхөд тус болно.

-Одоо илүү байгууллагын талаар ярилцъя. Таны харж байгаагаар компани, аж ахуйн нэгжүүд юун дээр анхаарах ёстой вэ?

-Олон салбарт хүндрэл учирч байгаа. Харин өсч байгаа салбар гэвэл хүнсний салбарыг л хэлэх болов уу. Хүнсний салбар 2019 оны зургадугаар сартай харьцуулахад 8.8%-иар өссөн байна. Хамгийн хүнд байгаа нь аялал жуулчлал, үйлчилгээний салбар гэж МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд байна лээ. 2019 оны эхний зургаан сард 247 мянган гадаадын иргэд зорчсоны 217 мянга нь аялал жуулчлалын зорилготой байсан. Энэ жилийн хувьд энэ тоо 80%-иар буурч, 43 мянга болсноос гадна өнөөдөр ямар ч гадаад жуулчин ирэхгүй байна. Ингээд бодохоор хэр хүнд тусч байгаа бага ч гэсэн дүр зургийг харуулах болов уу.

Түүнчлэн гадаадын судалгааны байгууллагуудын тайланг уншиж байхад нэг зүйл ажиглагдаж байна. Энэ бол гадаад компаниуд үр бүтээмжээ нэмж байгаа явдал. Covid-19-өөс болоод үйл ажиллагаа нь суларч байгаа компаниуд илүү өөрсдийн бүтээмжид анхаарч, автоматжуулалт, IT технологийн олон шийдлийг нэвтрүүлж, тэр нь энэ ажлаа илүү түргэвчилж байна. Covid-19-ийн дараа үлдсэн компаниуд илүү өндөр бүтээмжтэй, хүний хамаарал арай багатай болох янзтай.

Харин монгол компаниудын хувьд энэ технологийн давуу талуудыг хэр нэвтрүүлж байгаа гэдэг дээр анхаарч, корона гараагүй байлаа ч компани доторх үйл ажиллагааны уялдаа холбоог нэмэх, явуулж буй процесстоо ахиц гаргах замаар бүтээмжээ нэмэх тал дээр анхаарахгүй бол болохгүй мэт санагдаж эхэлж байна. Нэг ёсондоо дэлхийн дундаж бүтээмжтэй компаниас манай улсын компаниудын бүтээмж улам тасрах гээд байна уу, эсвэл ойртож байна уу. Мэдээж хүндрэлийн үед реформ хийнэ гэдэг хамгийн хэцүү. Реформ хийе гэвэл сайн цагт хийдэг л дээ. Гэхдээ гадаадын компаниуд бага багаар энэ бүгд дээр ахиц гаргаад яваад байгаа. Гаргахгүй бол зах зээлээс арчигдах гээд байгаа ч явдал байгаа байх. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл бүтээмжийг нэмэхэд заавал ганц санхүүгийн нөөцтэй байснаар хийдэггүй, харин зорилго тавиад ажиллавал бага нөөцөөр ч гэсэн бүтээмжээ нэмэх арга зам байдаг гэж харагдаж байгаа.

-Монголбанкнаас гаргасан мэдээллийг харахад банкуудын ашиг буурч, алдагдал нь нэмэгдэж байна. Энэ тал дээр таны бодол?

-Лондонд байрлах Эдийн засгийн бодлогын судалгааны төвөөс гаргасан судалгааг харахад коронагаас үүдэн дэлхий даяар банкуудын ашигт ажиллагаа буурч байна. Энэ хандлага 2009 оны санхүүгийн хямралын дараагаар ажиглагдаж эхэлсэн, одоо бүр эрчимжсэн байна. Монголд ч мөн ялгаагүй, банкуудын ашигт ажиллагаа буурна. Нэг талаас энэ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой, нөгөө талаас бодлогын хүүд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй ч холбоотой. Гэхдээ ганц банкуудын ашигт ажиллагаа биш, бүхий л компаниудынх буурч байна.

Өнөөдөр арилжааны зээл гаргаж байгаа банкууд бараг алга, гарсан зээлийн хэмжээ буурсан харагдсан. Нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн 2019 оны өдий үетэй харьцуулахад 5%-иар буурсан. Зээл бол компанийн хувьд хүнээр яривал судсаар гүйж байгаа цус л гэсэн үг.

Эргэлтийн хөрөнгө, шаардлагатай хөрөнгө оруулалт гээд компаниуд янз бүрийн зээл авдаг. Ингээд бодохоор компаниуд эргэлтийн хөрөнгө дутагдалтай, эсвэл үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд шаардлагатай хөрөнгө хаанаас авах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энд л Засгийн газар хариулмаар байгаа юм.

Учир нь, иргэд рүү чиглэсэн төрийн бодлого хүүхдийн мөнгө, НДШ зэргээр хүрч байгаа ч гэсэн ажлын байр бий болгодог, баялаг бүтээдэг нэгж рүү ямар ч бодлого гаргаагүй гэхэд хилсдэхгүй. Харин иргэдийн хувьд зээлийн нөхцөлүүдийг өөрчилж, томоохон дэмжлэг болсон. Энэ хүрээнд зургадугаар сарын байдлаар 65 мянган зээлдэгчийн 570 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, 38 мянга 270 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон харагдаж байна лээ.

Банкны салбарт хоёр том асуудал байгаа болов уу. Нэгдүгээрт, зээлийн ангиллын журмыг өөрчилснөөс үүдэн бодит байдал дээр чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээл хэр байгааг мэдэж чадахаа больж байна. Иргэний ч тэр, хувийн хэвшлийнх ч тэр. Тоогоо зөв хараад, энэ тооны цаана ямар процесс болж байгааг мэдье гээд нарийвчилж үзэхэд бэрх болж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, Төв банкны үнэт цаас дээр байгаа 4 их наяд төгрөг бол маш богино хугацаатай хөрвөсөн мөнгө. Засгийн газрын 5 жилийн бондод орсон байвал илүү баталгаатай байна гэхсэн. Тэгэхээр ханш болон бусад нөхцөл байдал өөрчлөгдвөл энэ их мөнгө яах бол гэдэгт санаа зовинож байна.

-Нөгөө талаар Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авч байна. Энэ яг байгаа онож чадаж байна уу?

-Хэрвээ та санаж байгаа бол Засгийн газрын 5.1 их наяд төгрөгийг төсвөөс гадуур авах арга хэмжээний дүн гэж танилцуулж байсан. Төсвөө ч тодотгох шаардлага байхгүй гэж хэлж байсан. Тэгвэл энэ бүгд сонгуулийг угтаж л, аргацаах төдий хэлсэн зүйлс.

Үнэндээ Засгийн газарт төсвөөс гадуур оруулах 5.1 их наяд төгрөг байхгүй. НДШ-ийг хөнгөлсөн гэж яриад байгаа, үнэндээ нийгмийн даатгал дээр өр үүсгэх замаар асуудлыг шийдэж яваа. Эх үүсвэр тодорхойгүй учир хийнэ гэж хүлээгээд хэрэггүй. Харин төсвөө бол тодотгоно гэдгээ хэлчихлээ.

Төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн тодотголд бид юу анхаарч, юуг зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож байна вэ?

-Гадаад улс оронд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тэдний авч буй бодлогыг хараад байхад Засгийн газар нь мэдээллээ нээлттэй хуваалцаж байна. Өнөөдөр Монголын эдийн засаг эхний улиралдаа 10% буурсан, харин хоёр дахь улиралд 7% буурна гэсэн таамаг байна. Харин 2020 оныг олон улсын байгууллагууд 1-2% буурна гэж гаргалаа. Засгийн газар энэ бүгд дээр өөрсдийн таамаглал, тооцоог гаргаж бизнес эрхлэгчид, иргэддээ танилцуулах хэрэгтэй. Наанадаж л тооцоогоо засмаар байна. 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлохгүй. Би үүнийг давтаад хэлье. Үүний 50%-г буюу 21 сая тонныг экспортлох болов уу. Ингэж тооцоогоо хийгээд, хаа хаанаа хүлээлтээ өөрчилж, ижилсүүлж байж, түвшин түвшинд илүү оновчтой шийдвэрүүд гарна.

Өнөөдрийг хүртэл төрөөс өгч байгаа сигнал бол төр бүх зүйлийг зохицуулаад хийчих юм шиг явж ирсэн. Үлдсэн сарууддаа нөхөөд нүүрсээ гаргаад, төсвөө олчих мэт ярьсан. Ийм төөрөгдөл, ийм хүлээлт хүндрэлийг давахад тус болохгүй.

Коронагийн хүндрэл багадаа дахиад нэг жил гаруй болно гэсэн төсөөлөлтэй явах хэрэгтэй. Иргэд, бизнесүүд, төр ч тэр. Яагаад вэ гэвэл сүүлийн үеийн мэдээгээр 140 гаруй вакцин хөгжүүлэлт явж байгаагийн хамгийн амжилттай нь Оксфордын вакцин байна. Хамгийн сайнаар бодлоо гэхэд энэ вакцин олон нийтэд гарах хүртлээ дахиад найман сар багадаа болно, тэгээд Монголд орж иртэл дахиад хэдэн сар гэвэл бид 2021 оны зургадугаар сар хүртэл ямартай ч тэсэх хэрэгтэй төлөв ажиглагдаж байна. Үүнээс ч удах магадлалтай. Удах тусам, өрхийн ч тэр, бизнесүүдийн ч тэр санхүү баланс муудна.

Өнөөдөр авч хэрэгжүүлэх боломжтой зүйл дээр бид хайнга хандвал 2021 оноос эдийн засаг сэргэх үед төлөөсөө төлнө. Өнөөдөр дампуурсан бизнесүүд эдийн засаг сэргэлээ гээд шууд босоод ирнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.

Тэгэхээр энд ажлын байрыг яаж хадгалж үлдэх вэ гэдэг дээр Засаг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Ингэж байж, Covid-19-ийн аюул багасах үед эдийн засгийн сэргэлтээ өөдрөнгүй харж чадна. Төсвөө ч гэсэн энэ чиглэл рүү хандуулж тодотгох хэрэгтэй.

Бидэнд нэг Чингисийн музей хэрэгтэй байна уу, эсвэл энэ музей барих 53 тэрбум төгрөгөөр 5300 ЖДҮ-ийг тэтгэж, 53 мянган ажлын байрыг хадгалах хэрэгтэй байна уу. Энэ бол улс төрийн шийдвэр. Хэрэв 2024 он хүртэл сонгууль болохгүй гэж хандвал коронагийн сөрөг нөлөө улам л сунжирна гэж ойлгох хэрэгтэй.

Үнэндээ заавал эдийн засгаа золиосолж байж, эрүүл мэндээ хамгаалж үлдэнэ гэсэн үг биш. Энийг бид сүүлийн зургаан сарын хугацаанд ойлгосон болов уу гэж найдаж байна. Энэ хоёрыг хоёуланг нь аваад явах боломж байвал аваад явах ёстой. Харин улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгаа золиослох бол хамгийн харамсалтай.

-Covid-19 цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл бид ямар арга хэмжээ авах ёстой вэ? Энэ хэвээрээ байгаад байвал эдийн засаг гүн хямралд ороход ойрхон байна шүү дээ?

-Монголын эдийн засаг гэдэг бол том завь л гэж ойлгох хэрэгтэй. Бид бүгдээрээ тэр завь дээр сууж байгаа улс. Эдийн засаг муудвал амьжиргаа муудна. Гэхдээ зөв бодлогоо гаргаад, сайтар хэрэгжүүлж чадвал энэ завь маань өмнө болохгүй байсан тэр нүхүүдийг хараад, тэрийгээ засаад явбал магадгүй урт хугацаандаа бидэнд туйлын хэрэгтэй.

Эдийн засаг сайн үед хэн ч үүнийг засъя гэхгүй. 2016-2020 оны төсвийг хараарай. Яаж айхтар нэмэгдсэн байна, тэгээд үүнийгээ гол нь юунд зарцуулж вэ гээд үзэхээр маш их худалдан авалт, магадгүй давтагдсан тоогоор 5000 компанид л очсон байдаг. Гэтэл эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтууд, эргээд бүтээмжийг нэмэгдүүлэх олон ажил хийгдээгүй байх жишээтэй.

Эцэст нь гэж хэлэхэд ямар ч хүнд үед гарц гаргалгаа байж л байдаг. Нэг ёсондоо зөв бодлого хэрэгжүүлж чадвал хүндрэлийг хохирол багатай давна. Гол нь асуудлаа сайн ойлгох. Тулгарч буй асуудлаа ойлгоогүй бол хэчнээн сайхан шийдэл яриад нэмэргүй, зүгээр өнгөн косметик сайжруулалт болоод л өнгөрнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж