Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас хилийн чанадад гацан, эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд буй 14 мянга гаруй монгол иргэн бий.
Ардчилсан намын эмэгтэйчүүд гадаад дахь монгол иргэддээ туслах, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор Иргэний онцгой комисс байгуулан ажиллах болсон.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ““Иргэний онцгой комиссоос гаргасан мэдэгдлийн дагуу уулзаж, тусгаарлах байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ гаргалаа. 100 хүн авах зочид буудлын өрөө тус бүрт “Монос”-ын зүгээс 50 мянган төгрөгийн өдрийн татаас өгье. Хамтран ажиллах компаниуд холбогдоно уу” гэдгээ өөрийн цахим хуудсаараа мэдэгдээд байна.
Улсын Онцгой Комиссын зүгээс өмнө нь хоногийн 50 мянган төгрөгт багтаан гурван хоол өгөх буудал олоход амаргүй, бэрхшээлтэй байна гэдэг асуудлыг хөндөж тавьж байсан. Гэхдээ тодорхой зохицуулалт хийсний үндсэн дээр буудлын тоог нэмэгдүүлсэн. Харин гадаад орноос ирэх иргэдийн хувьд олон сар хилийн чанадад гацсанаас онгоцны тийзээ захиаллаа ч буудлынхаа төлбөрийг яах вэ гэдэг асуудал тулж буй. Ийм иргэдийн хувьд Иргэний онцгой комисст хандвал асуудлыг шийдэх боломж мөн бүрдэж байна.
Иргэний онцгой комисс пэйж хуудас болон irgeniiok@gmail.com хаягаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч буй ажээ.
Г.ХОРОЛ