Үүрд мөнхийн 80-аад он хувцас загварт эргэн ирж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

FASHION

Үүрд мөнхийн 80-аад он хувцас загварт эргэн ирж байна

Үүрд мөнхийн 80-аад он хувцас загварт эргэн ирж байна

Орчин үеийн хувцас загварын түүхэнд 1980-аад он хамгийн тод, арилшгүй алтан үсгээр бичигдэн үлдсэн агаад ид шидийн мэт гайхалтай өнгө, хослолууд нь үеэс үед дурсагдаж байна. Чухам тэдгээр он жилүүдэд л дэлхий анх хатан мөр, оффис хослол, богино банзал, тод ретүүз, оймс, гидер, өргөн өмдний хүч чадлыг мэдэрсэн юм.

1987 онд хөрөнгийн зах зээл нуран унахаас өмнө хүмүүс эрчимтэй баяжицгааж, хувцасны шүүгээ нь Кристиан Лакройн тод бөгөөд театрын мэт загвар, Аззадин Алайан галбир тодотгосон даашинз, Тиерри Маглерийн огцом өнцөгтэй мөртэй хувцаснуудаар бялхаж байсан билээ.

Мөн түүгээр зогсохгүй Ёши Ямамото, Иссе Мияке, Рей Кавакубо зэрэг Японы дизайнерууд загварын ертөнцөд цоо шинэ элемэнтүүдийг оруулж ирсэн юм. Тэдний нэр мэргэжлийнхний чихэнд хоногшиж, өнгөний сонголтын сонгодог жишээ болж байлаа. Эргэн санавал Ямамото нэгэн удаа “Хар өнгө гэрлийг залгидаг. Бүх зүйлийг хурц харагдуулдаг. Гэхдээ бүх хар өнгө бусад өнгөнд хэзээ ч саад болдоггүй” хэмээн ярьж байсан аж.

80-аад оны маш олон загварууд сүүлийн үед эргэн сэргэж, орчин үеийн залуусын анхаарлыг тайзан дээр ч, гудамжинд ч эрхгүй татах болжээ. Тухайлбал загварын тайзан дээр л гэхэд Марк Жэкобс хатан мөрийг эргүүлэн авчирч, Гүчи гялтгар материалыг эргэн санасан бол Том Форд, ЖВ Андерсон нар загвартаа өд ашиглах болсон байна. Түүнээс гадна Селин, Луй Уйттон, Макс Мара тэргүүтэй фирмүүд оффис хослолын эрч хүчийг дахин сэргээж эхэлсэн юм.

ГАНГАЧУУД, ПАНКУУД, ҮДЭШЛЭГИЙН ХАТАД

80-аад оныг олон янзын загваргүйгээр төсөөлөхийн аргагүй. 70-аад оноос үлдэж хоцорсон панк, рок төрхүүд, томдсон арьсан хувцаснууд, бариу өмд зэргийг тайзан дээр Мадонна, Анни Леннокс, Бой Жорж зэрэг одууд уламжлан авч, олон жил сурталчилсан билээ.

Түүнээс гадна улс төрийн шинжтэй мессеж бүхий загварууд ч тухайн үеэс л эхлэлтэй. Жишээ нь Британийн зохион бүтээгч Катерин Хамнетийн “Амьдралыг сонго”, “Бидний 58 хувь нь Першингийг эсэргүүцэж байна” зэрэг бичигтэй пудволкууд нийгмийн асуудлын тод тусгал болж байлаа.

Мөн шинээр амжилтад хүрсэн материалист залуус тухайн үед алтан цаг, хотын төвийн пентхаус, шинэхэн BMW зэргээрээ гангарч явах нь олон байв. Тэдний хувцасны шүүгээнд гялалзсан товчтой том пиджак, ханцуйвч, ноосон цамц зэрэг сэлт их үзэгддэг байж.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ажлын байран дээр хүйсээр ялгаварлан гадуурхах далд үзлийг сөнөөхөөр хүчирхэг оффис хослолууд, доошоо харсан гурвалжин хэлбэртэй хувцаслалтууд дэлгэрч, аль ч оффист бүх хүний харааг булаах болсон билээ.

ТОМООС ТОМ, ТОДООС ТОД

Зөвхөн хөрөнгөтнүүдийн ертөнцөөс гадуур залуучууд өөрсдийн хандлагаар загварын ертөнцөд шинэ бүхнийг нээж байсан юм. Тэдний өмсдөг байсан гэгээлэг өнгөтэй, гял цял чимэглэлүүд, хуванцар ээмэг, резинен бугуйвч, гялтгар төмөр гинж зэргийг хэн ч мартахгүй биз.

Нүүр будалтын хувьд ч тэдний гүн, эсвэл гялтгар ягаан уруулын будаг, тод хөмсөг, олон өнгийн тень, бага зэргийн ягаан туяатай хацар, өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн.

Мөн 80-аад он бялдаржуулалтын алтан үе байж. Тиймдээ ч айл бүрийн зурагтаар бялдаржуулах дасгалын заавар гарч, шүүгээнд нь дасгалын хувцас нэмэгдэх нь энгийн зүйл байлаа.

БРЕНДИЙН ТЭМДЭГ

Загварын фирмүүдийн бэлгэ тэмдгүүд 80-аад онд хаа сайгүй үзэгдэнэ. Хүн бүр л Рэй Бэний нүдний шил зүүж, Кэлвин Клэйн гэсэн бичигтэй дотоож худалдан авч, хүүхэд бүр аав ээжээсээ Найк брендийн Эйр Жордан пүүз гуйдаг байлаа. Мөн түрийтэй Рибокын пүүз, Адидасын хослолууд залуусын загварыг тодорхойлж байсан юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж