Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.28/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн 10 дахь өдөр Хакүхо Шоо Хокүтофүжитой тааран барилдсан бол озэки Асанояама Митакеүмитай учраа таарав.
Ёкозүна Хакүхо Нагоя башёгийн 10 дахь өдөр Хокүтофүжиг давж, 10 дахь ялалтаа авсан бол түүнд унасан Хокүтофүжи зургаа давж, дөрөв унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.
Ёкозүна Хакүхо башёгийн 10 дахь өдөр Ёкозүна цолтой 1000 дахь барилдаанаа хийсэн юм.
Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй шинэхэн озэки Асанояама башёгийн 10 дахь өдөр сэкивакэ Митакеүмитай тааран барилдаж, энэ удаагийн башёд тун сайн барилдаж буй хоёр бөхийн барилдаанд Митакеүми илүүрхлээ. Ингэснээр Асанояама энэ жилийн Нагоя башёгийн анхны ялагдлаа амсч есөн даваатай нэг унаатай болж байгаа бол Митакеүми найман даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлэхээр боллоо.
Ийнхүү Асанояама өвдөг шороодсноор Хакүхо 10 даваатай башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр Шохозантай тааран барилдаж улмаар өрсөлдөгчөө давснаар есөн даваа нэг унаатай болж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил Тэрүцүёошитой тааран барилдаж ээлжит ялалтаа авснаар долоон даваа, гурван унаатай болжээ.
Одоогийн байдлаар Хакүхо башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Асанояама, Тэрүнофүжи нар есөн даваа нэг, унаатай удаалж байна.
Холбоотой мэдээ