ХӨСҮТ: 2 хүнээс covid-19 илэрч, 3 хүн эдгэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: 2 хүнээс covid-19 илэрч, 3 хүн эдгэрлээ

ЭМЯ covid-19-ийн цар тахлын дэгдэлтийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 16 сая 643 мянган хүн халдвар авч, 659 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 10 сая 421 мянга гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 226 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барлаа. Сүүлийн гурав хоногт эндэгдэл буурах хандлага ажиглагдаж байна. Хүн бүр эерэг, эрүүл хандлагатай байж, асуудалд цогцоор нь хандах нь өөрийгөө халдвараас сэргийлэх бас нэг арга. Халдварын талаарх мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж байна. АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мэдээлснээр хоол хүнсний аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгаа талаар мэдээлжээ.

Монгол Улсад өчигдөр  282 хүн ажиглалтад орж, 182 хүн ажиглалтаас гарсан. Одоогоор 2695 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 72 төрийн албан хаагч үйлчилж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 50 хүн эмчлүүлж байгаагаас хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсан 145 хүн холбогдож Covid-19 халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа. Covid-19 нь шүлсээр дамжиж байгаа тул олноороо цугларч, нэг аяга тавагнаас айраг ууж болохгүй. Мөн найр наадам тэмдэглэхгүй байх шаардлагатай байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д өчигдөр /2020.7.28/ 54 мянга 400 шинэ тохиолдол, Бразилд 40 мянга 800, Энэтхэгт 47 мянга 700 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-д 2020, 2021 оны томуугийн улиралд бэлтгэн томуугийн вакциныг нийлүүлээд эхэлсэн. Улирлын томуу болон шинэ коронавирус зэрэгцэж тархах тул эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс хүмүүс улирлын томуугийн вакциныг заавал хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Зургаан сартайгаас дээш бүх хүн уг вакциныг хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Японд өчигдөр 598 шинэ тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-д өчигдөр 48 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 34 нь гаднын орноос зөөвөрлөгджээ. БНХАУ-д шинээр 101 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 98 нь дотоодын халдвар байлаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр /2020.7.28 / 630 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 628-д нь covid-19 вирус илрээгүй. Харин хоёр хүнд вирус илэрлээ. Эдгээр хүн нь 50 настай эмэгтэй, 14 настай эмэгтэй хүүхэд байлаа. Бусад нь долдугаар сарын 10-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн 258 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн долдугаар сарын 28-нд тусгай нислэгээр ирсэн 262 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурав, санамсаргүй түүврийн 10 хүний шинжилгээ, ажиглан тусгаарлах байрны 60 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн 26 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, Дархан-Уулд тусгаарлагдсан таван хүний шинжилгээ багтаж байгаа.

Мөн бидэнд сайн мэдээ байна. Өнөөдөр гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжиж байна. Эдгээр хүмүүс нь 16 хоног эмчлэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 291 болсноос 225 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 66 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 62 нь хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж