Таван хувийн зээлийн эрхзүйн орчин нээгдсэн

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Таван хувийн зээлийн эрхзүйн орчин нээгдсэн

Барилга хот байгуулалтайн сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн эрхзүйн орчин бүрэн нээгдсэн гэдгийг онцоллоо. Түүний хэлж буйгаар Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний хуралдаанаар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ журамд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, өмнө нь найман хувийн хүүтэй зээлийг 80 хүртэлх м2 хүртэлх байранд олгодог байсан. Харин энэ удаад таван хувийн хүүтэй зээлийг 100 хүртэлх м2 хэмжээтэй орон сууцанд олгохоор өөрчлөлт оруулжээ. Харин 100 м2-аас дээш хэмжээтэй орон сууцыг найман хувийн хүүтэйгээр олгох талаар хэллээ. Тэрбээр энэ үеэр “Найман хувийн хүү тав болох уу, 80 м2-ыг таван хувьд оруулах уу зэрэг асуудлыг одоо ярих хэрэггүй болсон. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад үүд хаалгыг нь нээсэн. Маргаашийн нэгдсэн чуулганаар оруулчихвал таван хувийн хүүтэй зээлийн асуудал бүрэн шийдэгдэнэ” гэв.

Тэрбээр найман хувийн хүүг таван хувьд шилжүүлэх нь эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн шийдвэр гэдгийг онцоллоо. “Тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэсэн шийдвэр. Цаашид эрсдэл гаргахгүйн тулд энэ асуудлаар арилжааны банкнуудтай ч санал солилцсон.  Банкнуудын зүгээс таван хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэхэд гагцхүү эх үүсвэр, мөн Монгол банктай хамтарч ажиллах хоёр асуудал дээр анхаарах шаардлагатай. Түүнээс биш хэрэгжүүлэх боломжтой гэх хариуг өгсөн” гэв. З.Баянсэлэнгэ “Мэдээж бид эрсдэлийг тооцож ажилласан. Хүлээлттэй байгаа аж ахуйн нэгжүүд орон сууцны үнээ нэмэх вий гэх болгоомжлол байгаа. Бодлогын яамны хувьд арилжааны банкнуудын тулгамдсан асуудал, аж ахуйн нэгжүүдэд үүссэн өрийн гинжин сүлжээ, өндөр хүүтэй зээлийн дарамтаас гаргахын тулд төрийн бодлогоор дэмжиж байна. Үүний хариуд аж ахуйн нэгжүүд орон сууцны үнээ хөөрөгдүүлэхгүй байх тал дээр төрөө дэмжиж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Мөн өмнө нь найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийг таван хувьд шилжүүлнэ гэдгийг хэлсэн юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж