БНАСАУ-д онц байдал тогтооход хүргэсэн дүрвэгч хэн байв?

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д онц байдал тогтооход хүргэсэн дүрвэгч хэн байв?

БНАСАУ-д онц байдал тогтооход хүргэсэн дүрвэгч хэн байв?

Хойд Солонгосын дүрвэгч Ким Гюм Хёг гурван жилийн өмнө өлсгөлөн, хүнд хүчир хөдөлмөрөөс зугтаан төрөлх Кэсон хотоо орхин ойролцоох “Цагаан морь” уулаар дамжин дүрвэжээ. 21 настай Ким Гюм Хёг ууланд хоёр хоносныхоо дараа Өмнөд Солонгосын хилд хүрэхийн тулд хоёр улсыг заагласан төмөр торон хашааг давж, тэсрэх бөмбөг бүхий талбайг гаталсан аж. Тэрбээр бүрэнхий болох үед голын эрэг дээр хүрч, хуванцар савны хаягдлаар биеэ ороон аврах хантааз хийн ус руу орсон байна. Шөнийн харанхуйд тэрбээр Өмнөд Солонгосын харуулын цамхгийн гэрлийг чиглэн өргөн голыг гаталжээ. Тэрбээр хожим “YouTube”-д байршуулсан бичлэгтээ голд долоон цаг хагасын турш байсан хэмээн ярьжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын цэргүүдийг хүрч ирэхэд тамирдан ухаан балартан унасан аж.

Ким Гюм Хёг Өмнөд Солонгост гурван жил болсныхоо дараа өнгөрсөн Ням гаригт (2020.7.26) нөгөө голоо гатлан нутаг буцав. Гэвч Хойд Солонгост ирмэгц түүнийг коронавирусийн халдвартай байж магадгүй хэмээн сэжиглэн баривчилж, Кэсон хотноо хөл хорио тогтоожээ. Коронавирусийн халдвараар 200 гаруй оронд 17 сая орчим хүнд халдварлаж, 663 мянга гаруй хүн нас бараад байгаа боловч түүнийг ирэх хүртэл Хойд Солонгост халдвар бүртгэгдээгүй байв. Түүний халдвартай эсэх батлагдаагүй боловч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун халдвараас сэрэмжлэн онц байдал тогтоожээ.

Харин Өмнөд Солонгост Ким Гюм Хёгийг өөр нэг дүрвэгч эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр баривчлахаар эрэн сурвалжилж байна. Өмнөд Солонгосын хууль хяналтынхан түүний бүтэн нэрийг зарлаагүй боловч хэн гэдгийг нь хялбар танихад туслах бусад мэдээллийг нь сэтгүүлчдэд өгчээ. Түүнчлэн бусад дүрвэгсэд “YouTube”-д байршуулсан бичлэгээр Ким Гюм Хёгийн нэрийг зарласан байна.

Өдгөө 24 настай Ким Гюм Хёгийн нутаг буцсан ч энгийн үзэгдэл биш. Хойд Солонгосоос дүрвэсэн 33 мянга гаруй хүний олонх нь нутаг буцаагүй БНСУ-д үлджээ. Дүрвэгсдийн олонх нь Хятад болон Зүүн Өмнөд Азийн бусад орноор дамжин Хойд Солонгосоос дүрвэдэг. Харин Ким Гюм Хёг шиг шууд хоёр Солонгосын өндөр хамгаалалттай хилээр дамжин дүрвэх хүний тоо харьцангуй бага. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ердөө 11 хүн хоёр Солонгосын хилээр дамжин дүрвэхийг оролджээ.

Ким Гюм Хёгийн төрж өссөн Кэсон хот нь хоёр Солонгосын аж үйлдвэрийн бүс бөгөөд 300 мянга орчим хүн амтай. Кимийн гэр бүлийнхэн тус бүс ажилладаг бөгөөд тэрбээр өндөг, хүнсний ногоо зардаг байжээ. Гэвч дөрвөн жилийн өмнө Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн маргаанаас болж Сөүл нь тус бүсээс компаниудаа татсан аж. Үүнээс болж Кимийн гэр бүл болон тэнд ажиллаж амьдралаа залгуулж байсан бусад ажилчид эдийн засгийн хямралд оржээ. Ийнхүү Ким Гюм Хёг 2017 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн аж. Өмнөд Солонгост тэрбээр Хан мөрний эрэг дэх Гимпо хотод суурьшсан байв. Гэвч тэрбээр өдөр бүр эцэг, эхээ санан бэтгэрдэг тухайгаа бусад дүрвэгсдэд ярьдаг байжээ. Өмнөд Солонгосын мөрдөгчдийн мэдээлснээр Ким Гюм Хёг Гангхва арлын хойд эрэг дэх төмөр тортой хашааны доогуур явсан 91 см диаметртэй ус дамжуулах хоолойгоор дамжуулан “зугтжээ”. Тухайн ус дамжуулах хоолойн ойролцоогоос олдсон гялгар уутанд Өмнөд Солонгосын банкны данснаасаа таван сая вон авч, 4000 ам.долларт шилжүүлэн авсан баримт олджээ.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ГайхмаарГайхмаар
21
ХарамсалтайХарамсалтай
20
ХахаХаха
19
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж