Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг улсын баялагийн 1MDB сангаас хэдэн тэрбумыг өөрийн болон өөртэйгөө холбоотой хэд хэдэн дансанд шилжүүлэн завшсан хэмээн буруутган 12 жилийн хорих ял оноожээ.
Шуугиан тарьсан Малайзын хөгжлийн Берхад буюу 1MDB сангийн хэрэгт зөвхөн Нажиб төдийгүй Малайзын бусад төрийн зүтгэлтнүүд, холливудын одууд, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч банкнуудын нэг болох Голдмэн Сакс нар холбогдсон аж.
“Бүх нотлох баримтуудыг харгалзан үзээд прокурорууд энэ хэргийг ямар ч эргэлзээгүй баталжээ гэж үзэж байна” хэмээн Куала-Лумпурын дээд шүүгч Мухамед Назлан Мухамед Газали хэлжээ. Харин шүүх танхимын гадаа Ерөнхий сайд асан Нажибын зуу зуун дэмжигчид цугларан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байв.
Удаан хугацааны турш шалгагдаж буй энэ хэрэг нь 10 улс олон тэрбум ам.долларыг хамарснаараа түүхэн дэх хамгийн том эдийн засгийн дуулиануудын нэг болон бичигдэж байна.
Нажиб хоёр жилийн өмнө огцрох хүртлээ Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд өдгөө долоон удаагийн мөнгө угаах хэрэг, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг, луйврын хэрэгт буруутгагдаж, 12 жил шоронд хоригдохоор болоод байгаа билээ.
Эх сурвалж: NPR.ORG
Холбоотой мэдээ