УИХ дахь иргэдийн төлөөллийг тэгш болгохыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

УИХ дахь иргэдийн төлөөллийг тэгш болгохыг хүслээ

Ирэх Улсын Их хурлын сонгуулиар нийслэлд оногдох мандатын тоог нэмж өгөх хүсэлтийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга УИХ-ын дарга З.Энхболд болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарт хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүл дарга хүн амын өсөлттэй нь уялдуулж, хотын иргэдийг төлөөлөх гишүүдийн тоог тогтоох буюу нийслэлд хуваарилагдсан 14 мандатын тоог долоогоор нэмэх ёстой гэж мэдэгдлээ. Статистик дүн мэдээллээр Улаанбаатар хотод одоо нэг сая 314 мянга 500 иргэн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь амьдарч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг эзлэх нийслэлээс сонгогдох гишүүдийн тоог дор хаяж 21 болговол Улсын Их хурал дахь хүн амын төлөөлөл тэгш болно гэж хотын удирдлага үзэж байна.

Одоо байгаа мандатын тоог нийслэлийн хүн ам 800 мянга байхад тогтоожээ. Одоо 1.4 орчим сая болж, нийслэлийн хүн амын тоо 600 мянгаар өссөн байна. Иймээс нийслэлийн иргэдийг төлөөлөх гишүүдийн тоог нэмэхгүй бол дээрх 600 мянган иргэн Улсын Их хуралд төлөөлөлгүй болсон. Тухайн үед орон нутагт 10 мянган хүн төлөөлдөг байсан гишүүн одоо хоёр мянган хүн төлөөлөөд сууж байна. Энэ бол иргэний төлөөлөх баланс алдагдсан явдал гэж хотын дарга тайлбарлалаа.

Өнгөрсөн 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр нийслэлийн хүн ам нэг сая 200 мянга орчим байсан. Ийм үед Улсын их хуралд нэр дэвших нийт 48 мандатын 14 ийг нь  Улаанбаатар хотод хуваарилсан байжээ. Ингэхдээ Хан-уул, Багахангай, Багануур дүүргийг нэгтгэн хоёр мандаттай тойрог, Баянзүрх, Налайх дүүргийг нэгтгэн гурван мандаттай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол тус бүр хоёр, Сонгинохайрхан гурав гэхчлэн нийслэлд нийт 14 гишүүнийг тойргоос сонгож байсан юм.  Нийт сонгогчдын тал хувь нь нийслэлд оршин суудаг хэр нь тойргоос сонгогдогсдын 1/3-д хүрэхгүй буй нь тэгш бус хуваарилалт гэж хотын дарга Э.Бат-Үүл хэллээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж