БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ

БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ
НЭМЭЛТ:
Бүх шатны боловсролын байгууллагуудыг хэрхэн үе шаттай нээх, хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөртэй холбоотой асуудлаар Боловсрол, Шинжлэх ухааны яам мэдээлэл хийж байна.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн  “Наймдугаар сарын 31-ийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан. Нөхцөл байдал амаргүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгаа энэ үед иргэндээ тасралтгүй чанартай боловсрол олгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг цахим хичээлийг есдүгээр сарын нэгнээс эхлүүлэх шийдвэр гаргалаа. Есдүгээр сарын нэгнээс хичээл эхлүүлэхдээ үе шаттайгаар зохион байгуулалтыг хийнэ. Харин танхимын хичээл дараах үе шаттай нээнэ. Тодруулбал,

  • Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийг 2020 оны есдүгээр сарын 1-ээс албан ёсоор эхэлнэ.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын танхимын хичээлийг 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бол онцлог. Хүүхдүүд есдүгээр ангиа төгсөөд тус байгуулагын хичээлийг судлаад явдаг. Иймээс мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээл есдүгээр сарын нэгнээс эхлэн цахим, танхимын хичээл нь хосолсон хэлбэрээр явагдана.
  • Их, дээд сургууль, коллежийн танхимын хичээлийг аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн яамны өгсөн зөвлөмжид үндэслээд бүх шатны боловсролын байгууллагуудын нэг ангид байх хүүхдийн тоог 20 байхаар тогтсон. Цэцэрлэг 20 хүүхдээрээ бүлэг дүүргэлтийг хийнэ. Харин ЕБС-ийн хувьд сум, баг, тосгонд сургалт явуулдаг сургуулиуд бүлэг дүүргэлтээ хангаад энгийн горимоор хичээллэнэ.

Харин аймаг болон нийслэлийн ачаалал ихтэй сургуулиуд гурван өдөр танхимын сургалт, хоёр өдөр цахим сургалтыг явуулна. Учир нь бүлэг дүүргэлттэй уялдуулаад сургалтын өдрүүдэд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсч байна.

2 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД АСРАН ХАМГААЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА

Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жид хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй. Цэцэрлэгийн хүчин чадлаасаа хамаараад 3-4 настай хүүхдүүдийг цөөн тоогоор авна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд теле хичээлээ үзнэ.

Таван настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулна.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн лекцийн хичээл нь 100 хувь цахимаар явагдана. Дадлага ажил, семинарыг танхимын хэлбэрээр явуулна. Ингэхдээ 20 хүүхдийнхээ тоог барина.

Хувийн өмчийн цэцэрлэг, их дээд сургуулийн төлбөрийн асуудал дээр уян хатан зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тодруулбал, эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйгээр сар болон улирлаар нь төлбөрөө төлдөг зохицуулалтыг хийнэ.

Бүх шатны боловсролын байгууллагуудад зайлшгүй хийгдэх гол ажил нь албан ёсны ариутгалын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Хичээл эхлэхээс өмнө гурван удаа хийх шаардлагатай.

Багш нар хөдөлгөөнт хэлбэрээр ажиллана. Хүүхдүүд ангидаа орсон л бол хичээл дуустал ангиас гарахгүй. Багш нар анги сэлгэж явна. Нөхцөл байдал сайжирвал Боловсролын яам бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Давхар төлөвлөгөөтэй ажиллана. Ямартай ч есдүгээр сарын нэгнээс дээрх байдлаар хичээлээ эхлүүлье. Нөхцөл байдал сайжирвал хэвийн горимдоо аажим аажмаар шилжүүлнэ.

МОНГОЛ ХЭЛ, МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААН, СОНГОХ ХИЧЭЭЛИЙГ ТАНХИМД СУДАЛНА

Танхимд суралцах хичээлийн тоог багасгана. Монгол хэл, математик, байгалийн ухааны хичээл, ахлах ангийн сонгох хичээлийг заавал танхимд судална. Эхний хоёр сар энэ байдлаар ажиллаж үзээд боломжтой байх юм бол танхимд үзэх хичээлийн тоог бага багаар нэмнэ.

БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:

Улсын  хэмжээнд сургуулийн өмнөх насны 2-6 хүртэлх насны 309 мянга 670 хүүхэд байгаагаас хоёр настай 77 мянга 235 хүүхэд бий. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэр гаргасан нь хүүхдүүдийн бие бялдарын онцлогт суурилсан гэдгийг онцолмоор байна. Хүүхдүүдийн биеийн дархлаа сул, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас хүүхдүүдийн дунд өвчлөл их байдаг. Тухайлбал, 0-3 хүртэлх насны хүүхдийн амьсгалын болон гэдэсний халдварын өвчлөл улсын хэмжээнд дээгүүр байрыг эзэлдэг. Цэцэрлэг явдаг хоёр настай хүүхдүүд есдүгээр сарын дунд үеэс эхлэн бие биеэсээ ханиад авч эхэлдэг. Хүүхдүүдийн өвчлөл хоёр насан дээр маш өндөр байдаг.  Хоёр настай нийт хүүхдүүдийн 60-70 хувь нь амьсгалын болон гэдэсний халдвараар өвчлөлөөд өвчин нь гайгүй болоод эргээд цэцэрлэгтээ ирэхэд дахин өвчлөх эрсдэлтэй. Энэ шийдвэр нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж гэж харж байна. Хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажилладаг албан газруудад хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоолыг яамнаас  хүргүүлнэ.

Өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийг бүлгийн тоонд харьцуулж үзэхэд таван настай хүүхдүүдээ 100 хувь, 3-4 настай хүүхдүүдийн 60 хувийг авах тооцоо судалгаа гарсан.

Хүүхдүүдийн бүртгэл урьдын адил цахим хэлбэрээр явагдана. Төрийн өмчийн цэцэрлэгт багтахгүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт хамруулах боломжуудыг судалж байна” гэв.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд 150 мянган оюутан их дээд сургуульд суралцах бөгөөд  их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг яамнаас мэдээллээ.


Бүх шатны боловсролын байгууллагуудыг хэрхэн үе шаттай нээх, хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөртэй холбоотой асуудлаар 14.00 цагт Боловсрол, Шинжлэх ухааны яам мэдээлэл хийнэ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэр гарсан билээ. Тодруулбал, 
  • Есдүгээр сарын нэгнээс Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл
  • Есдүгээр сарын 14-өөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл
  • Аравдугаар сарын 5-аас Их, дээд сургууль, коллежийн хичээл эхэлнэ. 

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна. Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно.

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг, нэг хичээл 35-40 минутаар хичээллэнэ.

Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.

Энэ шийдвэрийг аравдугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангана. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир арванхоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж