Абе Оростой эвлэрэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Абе Оростой эвлэрэхийг хүслээ

 

“Их 7” бүлгийг даргалж буй Японы ерөнхий сайд Шинзо Абе Барууныхны Оростой эвдрэлцсэн харилцааг сэргээх хүсэлтэй байна. Тэрбээр Ойрхи-Дорнодын хямрал зөрчлүүдийг шийдвэрлэхэд ОХУ-ын дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай гэж мэдэгджээ.

 

Сирийн иргэний дайн, Йемений зөрчил, Саудын Араб-Ираны маргаан зэрэг олон асуудалд Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй зохистой уулзалт хэлэлцээ хийх хэрэгтэйг Шинзо Абе онцолсон байна. Түүнчлэн тэрбээр “Их 7” бүлгийн даргын хувиар ОХУ-д айлчлах эсвэл ерөнхийлөгч Владимир Путиныг Токиод урих хүсэлтээ илэрхийлжээ. Шинзо Абегийн ярилцлага Японы “Nikkei”, “Financial Times” сонинд хэвлэгдсэн аж.

 

“Их 7” орны ээлжит чуулга уулзалт ирэх тавдугаар сард болох юм. Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч орнуудын бүлэгт өмнө нь Орос улс багтаж байсан юм. Гэвч Крым хойш Киевээс салж Кремльд нэгдсэнээр “Их 8” орны бүлгэмээс ОХУ хасагдсан билээ.

 

Өмнө нь Шинзо Абе газар нутгийн маргаантай арлын асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлж байсан юм. Шинзо Абе дэлхийн II дайн дуусаад 70 жил болсон атал Япон ОХУ-тай энхийн гэрээгүй явж ирснийг хэвийн бус хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж