Япон болон Өмнөд Солонгос улсууд дэлхийн хоёрдугаар дайны үеийн түүхдээ эмзэг ханддаг. Өмнөд Солонгост саяхан “Зугаацуулагч эмэгтэй” буюу дэлхийн хоёрдугаар дайны үед бэлгийн хүчирхийлэлд автаж байсан секс боолын хөшөөг зүүн хойд Пёнчан хотын цэцэрлэгт хүрээлэнд шинээр босгосон билээ. “Мөнхийн өр төлөөс” нэртэй, хоёр хэсгээс бүрдэх уг хөшөөний нэг нь япончуудад боолчлогдож байсан эмэгтэйн дүрийг илэрхийлэх бол нөгөө нь эмэгтэйн өмнө өвдөг сөгдөж буй эрэгтэйн дүрийг илэрхийлжээ.
Өвдөг сөгдөж буй эрэгтэй нь Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой төстэй харагдаж байгаа нь Японы эрх баригчдыг бухимдуулж байгаа аж.
Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэрэв энэ хөшөөнд Абэ Шинзог дүрсэлсэн бол Өмнөд Солонгосын Засгийн газар олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал болно гэдгийг анхааруулаад хоёр улсын харилцаанд ноцтой асуудал үүсгэнэ гэдгийг мэдэгджээ.
Үүний дараа хөшөөг босгосон хувийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэн уг бүтээлд ямар нэг улс төрийн агуулга байхгүй, Абэ Шинзог дүрслээгүй гэж мэдэгдсэн байна.
Хоёрдугаар дайныг үед солонгос охид бүсгүйчүүдийг Японы эзэн хааны армийн цэргүүдийг зугаацуулахад ашигладаг байсан бөгөөд хохирогчдын зарим нь өнөөдөр ч амьдарч байгаа юм. Тэдэнд Японы Засгийн газраас хангалттай нөхөн төлбөр төлөөгүй гэж Өмнөд Солонгос үздэг. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн үед Японы Ерөнхий сайд хохирогчдоос уучлалт гуйж нөхөн төлбөр төлөхөөр тохиролцсон ч Өмнөд Солонгосын одоогийн Засгийн газар энэ тохиролцоог хүлээн зөвшөөрдөггүй юм.
Эх сурвалж: Korea Times
Холбоотой мэдээ